НЭЭЛТИЙН ФОТО: Нийт Монголчууддаа зориулсан "ЗҮРХНИЙ ХИЛЭН"

Энтертайнмент / Э. Сайнзаяа
2017 оны 10 сарын 02

Залуу хүний эрч хүч, хийж бүтээх чин хүсэл, кино урлагийг хөгжүүлэх халуун эрмэлзэл дор нэгдсэн "Фантастик" продакшны залуусын "Зүрхний хилэн" уран сайхны киноны  нээлт өнөөдөр албан ёсоор Хүннү молл төвд улаан хивсний ёслолоор нээлтээ хийлээ.

Үзэгч олны хоног тоолон хүлээсэн энэхүү ёслолын ажиллагаа "Жонон" хамтлагийн язгуур урлагийн тоглолтоор эхэлж, тус бүтээлд ажилласан бүхий л уран бүтээлчид улаан хивсээр алхаж, ирсэн зочдодоо хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр гол дүрийн жүжигчин М.Баярбат хүүтэйгээ, Ж.Алтаншагай болон ерөнхий найруулагч Б.Тамир нар охинтойгоо улаан хивсээр алхсан юм. Жүжигчин М.Баярбатын хүү энэхүү киноны МУГЖ Г.Золбоотын тоглосон Лодойн бага насны дүрд тоглосон билээ.

"Зүрхний хилэн" уран сайхны киноны ерөнхий найруулагч Б.Тамир:

КИНОГОО БҮХ МОНГОЛ ХҮМҮҮСТЭЭ ЗАЛУУЧУУДААС НЬ ЗОРИУЛЖ ХИЙСЭН ЮМ ШҮҮ!

"Хоёр жилийн хугацаанд бидний хөлс хүч, бүх сэтгэлээ зориулсан "Зүрхний хилэн" кино маань нээлтээ хийж байна. Өнөөдөр энэ кинонд ажилласан бүх хүн улаан хивсээр алхах эрхтэй.
Манай арын албанд ажилласан туслахууд, жолооч нар, тогооч нар, зургийн баг, Action crew, хөгжмийн зохиолч, гол болон туслах дүрийн жүжигчид, бүгдэд нь чин сэтгэлээ зориулж ажилласанд маш их баярлалаа. Өнөөдрийг хүртэл тэссэн та бүхэндээ баярлалаа!
Энэ киногоо бүх монгол хүмүүстээ залуучуудаас нь зориулж хийсэн юм шүү! Баярлалаа!" хэмээн талархлаа илэрхийллээ.

Тус киноны продюсер Б.Батсайхан:

"Энд кино багийнхны маань ар гэр, хань ижил, аав ээж, найз нөхөд, дотны хүмүүс та бүгдийн маань  итгэл дээр бидний кино бэлэн болоод, бид киногоо нээх гээд энд зогсож байгаа юм шүү. Та бүгдэдээ маш их баярлалаа!" гэлээ.

Энэ үдэш кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж "Зүрхний хилэн" уран сайхны киноны манж амбан Фунь Жоугийн дүрд  тоглосон Б.Барслхагва болон орлон тоглогчдын "Action Crew" багийн ахлагч М.Наранбаатар нарыг БСШУС-ын сайдын тушаалаар Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа. Энэхүү шагналыг Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн олгосон  юм.

Улаан хивсний ёслол болон нээлтийн үйл ажиллагаанаас хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.