Малайзын онгоцыг энэ зууны хамгийн тайлагдашгүй нууц гэжээ

Дэлхий / Admin
2017 оны 10 сарын 03

Малайзын MH370 чиглэлийн Боинг нисэх онгоц 2014 онд Куала Лумпураас Бээжин хүрэх замдаа буюу чиглэлийн цаг авснаас нэг цагийн дараачаас ор сураггүй алга болсноос хойш бүтэн 3-н жил 6-н сар өнгөрчээ. Номхон далай, Энэтхэгийн далай, эх газрын орнуудын бүхий л булан тохойг тасралтгүй хайсан ч MH370 онгоц одоог хэр нь олдохгүй хэвээр байна.

Саяхан MH370 чиглэлийн Боинг онгоцны эрлийн багийн албанаас буюу Австралийн эрлийн баг Австрали, Шинэ Зеландын буланд хайгуулын ажиллагаа явуулсан ч амжилтгүй болсон талаар дурьджээ. Түүнчлэн хайгуулын тайланд анх удаа “Нууцлаг”, “Үл тайлагдах” гэх мэт үгс орсон болохыг албаны эх сурвалж мэдээлж байна. MH370 онгоц нь XXI зууны түүхэнд анх удаа ийм ойлгомжгүй байдлаар алга болсон “эд” бөгөөд цаашид ч олдох найдвар нь бараг тасраад байгаа талаар олон улсын шинжээчид ярьсан юм.

“Орчин үеийн нийгэмд, дэлхийн өнцөг булан бүрт өдөрт дор хаяж 10 сая зорчигч өдөр бүр Боинг онгоцоор үйлчлүүлж байна. Малайзын онгоцны тохиолдол бол бодитоор хүлээн зөвшөөрөгдөөгүй ч ийм нүсэр овортой зүйл агаарт алга болсон эхний тохиолдол болж байна” гэж Австралийн Тээврийн Аюулгүй байдлын товчооны удирдлага мэдээлжээ.

Т.Бат