“Зам тавина” гээд сонгогдсон гишүүдээ тариаланчид сураглав

Орон нутаг / Э. Сайнзаяа
2017 оны 10 сарын 03

Өнгөрсөн амралтын өдрөөр бид Сэлэнгэ аймагт ажиллав. Цаг уурын таагүй үзэгдлээс урьтан тариаланчид ургацаа хурааж байна. Энэ жилийн хувьд ургац хураалтын ажил харьцангуй эрт эхэлжээ. Тус аймагт ургац хураалт 56.7 хувьтай байгаа ч улсын хэмжээнд улаанбуудайн хэрэглээний тал хувийг хангах боломжтой болсон нь харагдаж байна.  

Харамсалтай нь Сэлэнгэ аймгийн тариаланчид замын чанар муугаас тарьж ургуулсан тариа будаа, тарьсан ногоогоо зам дагуу асгаж зуны турш хийсэн хөдөлмөр болон цаг хугацаагаа үнэгүйдүүлсээр олон жил болжээ. Тус аймгийн Түшиг, Цагаануур, Зүүнбүрэн, Шаамарын замаар улсын хэмжээний ургацын 30 хувь, мөн Сэлэнгэ аймгийн ургацын 40 хувийг тээвэрлэдэг аж. 

Харин энэ нутагт авто замын асуудал тулгамдаж байгааг нутгийнхнаас нь өөр хүмүүс төдийлөн анзаарч, асуудал болгон хүлээн авдаггүй гэнэ. Нутгийн иргэд тариаланч, жолооч нар ярихдаа 2008 оноос эхлэн энэ замыг засмал болгоно гэсэн боловч хэд хэдэн сонгуулийн шоу болоод л өнгөрсөн. Тэр ч бүү хэл машин техник авчран замын нээлт хийж байсан тухай хуучлав. Улс төрд хүч үзэхийг хүссэн эрхмүүд Зүүнбүрэн, Шаамар, Цагаан нуур, Түшиг сумыг дайран өнгөрөх 109 км авто замыг засмал болгоно хэмээн амладаг аж.

Ийнхүү амлалтад итгэсэн иргэд, сонгогчид засмал болно хэмээн хүлээсээр өдийг хүрчээ. Харин худал амлалтаар тариаланчдын хөлсийг урсгаж буй эрхмүүд тэднийг хуурсаар 10 жил өнгөрсөн байна. 

Тариаланч, тээвэрчид ийнхүү ярив.

Сонгууль болгоноор тодорхой нэр дэвшигчийн шоу болж өнгөрдөг

Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар “Нийтдээ 110 км-ийн урттай стратегийн зам Сэлэнгэ аймгийн дөрвөн сумын нутгийг дайран өнгөрдөг. Энэ замд 1983 оноос хойш огт их засвар хийгдээгүй. Сонгууль болгоноор тодорхой нэр дэвшигчийн шоу болж өнгөрдөг. Сэлэнгэ аймаг улсын хэмжээний үр тарианы 60 хувийг үйлдвэрлэдэг. Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумаас үүний 30 хувийг үйлдвэрлэж, энэ замаар тээвэрлэдэг. Ер нь энэ замаар тээвэрлэгдэж буй бусад хүнсний бүтээгдэхүүн ч тоос шороонд дарагдаж, эрүүл аюулгүй байдал алдагдах, тээвэрлэх явцад асгарч гоожин хорогдох нөхцөл үүсдэг. Энэ замыг цаашид засч хатуу хучилттай болгох зайлшгүй шаардлагатай байна. Дөрвөн сумын 21 мянган иргэдийн эрх ашиг, олон үр тарианы аж ахуйн нэгжийн эрх ашиг энэ замтай холбоотой. Шинээр байгуулагдаж буй Засгийн газар хүнсний аюулгүй байдал, энэ замын асуудлыг анхаарч үзнэ байх гэж найдаж байна. Шаамар сумын I багийн иргэн Б.Ариунболд “Сайхан засмал замтай л болохсон гэж мөрөөддөг шүү дээ. Ингэвэл байгаль дэлхийдээ ч их ээлтэй. Одоогоор зам их эвдэгдэж, тоосжилт ихтэй байна. Цаг хугацаа алдаж, эдийн засгийн хувьд ч хохиролтой байна. УИХ-д нэр дэвшиж байгаа хүн болгон “Замтай болгоно” гэж амлаад л гардаг болохоор Хадлан тэжээл, тариа будаа, төмс, хүнсний ногоо улсын хэмжээний ургацыг энэ л замаар тээвэрлэдэг.  

Тээвэрлэлтийн явцад гардаг гол хүндрэл нь замын асуудал

П.Мөнх “Би “Алтан тариа” компанид тээвэр хийж байгаа жолооч. Улсын будааг 11 дэх жилдээ тээвэрлэж байна. Тээвэрлэлтийн явцад гардаг гол хүндрэл нь замын асуудал. Жил болгон жоохон хусмар аяддаг. Нэг захаасаа хусаад буцаад эргэхэд л бараг болохоо байчихдаг юм. Машин тэрэгний эвдрэл, тээврийн саатал замын муу нөхцөлөөс л болж үүсдэг. Замын дэржигнүүр, хонхор ёнхор нь дугуй хагарах, нум эвдрэхэд нөлөөлж байна. Хамгийн гол нь маш удаан явж цаг хугацаа иддэг”.

Зам муутай учраас олон хоновол ногоо муудаж сулрах эрсдэлтэй

Цагааннуур сумын ногоочин Г.Үүрцайх “Би 17 жил ногоо тарьж байна. Одоохондоо 3.5 га-д 17 төрлийн ногоо тарьдаг. Ихэвчлэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот руу явж борлуулдаг. Ингэж явахад зам их хүндрэлтэй байдаг юм. Шаамараас Түшиг хүртэл энэ замыг хар зам болгочихвол бидэнд цаашид га-гаа ахиулаад тарих боломж бий. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдалд шийгуа тарихад их хүндрэлтэй. Замдаа 40 хувь нь хагараад очих жишээтэй. Машин тэрэг их эвддэг замтай учраас олон хоновол ногоо муудаж сулрах эрсдэлтэй байдаг” гэв. 

Аль ч Засгийн газар гарсан “Зам тавина аа” гэдэг

Цагааннуур сумын II багийн иргэн Т.Дорж Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 55 жил амьдарч байгаа хүн. Атрын I, II, III аяны эзэн. Тариа будааны гол цөм газар шүү дээ, энэ сайхан нутаг. Гэтэл өнөөдөр энд ногоо гэмтэж бэртэхээс эхлээд будааны тээвэр саатуулж, гээгдэж хаягдах зэрэг том асуудал 1990 оноос хойш үүсдэг боллоо. Угтаа бол газар тариалангийн аж ахуй хөгжсөн дөрвөн сумын нутгийг дайрсан ганцхан замын асуудал байгаа юм. Гэтэл аль ч Засгийн газар гарсан “Зам тавина аа” гэдэг. Өвөө нь аль намын ямар Засгийн газар байх нь хамаагүй улсын хэмжээний энэ гол замаа тавьж янзлаасай л гэж хүсч явдаг даа” хэмээн хэлж ярихын тулд сэтгүүлчид ирсэн сургаар сэвхийтэл алхаад иржээ. 

Тээвэрлэх замын асуудал их хүнд байдаг

Цагааннуур сумын Засаг даргын орлогч Н.Зоригоо “Цагааннуур сум маань жилдээ 30-50 мянган тонн үр тариа хураан авдаг. Сэлэнгэ аймгийн ургацын 40 хувь, улсын ургацын 20 хувийг хурааж авдаг юм. Жилдээ 12.5-15 мянган тонн хадлан тэжээл, 25-40 мянган тонн төмс, хүнсний ногоо, 170-200 тонн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Үүнийг маань тээвэрлэхэд замын асуудал их хүнд байдаг. Аймгийн төвөөсөө 95 км алслагдсан. Түшиг, Цагаануур, Шаамарын чиглэлийн 110 км засмал зам ашиглалтад орвол энэ их бүтээн байгуулалтын ажлын тээврийн нөхцөл нь хөнгөрөх төдийгүй борлуулалтад ч нэмэртэй юм. Цагааннуур сумын иргэд 1360 гаруй суудлын болон ачааны машин, бага оврын тээврийн хэрэгсэлтэй. Энэ жил өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай, тариа хураалт 70 хувьтай байна. Энэ жил 30 мянган га-д үр тариа, есөн мянган га-д төмс, хүнсний ногоо тариалсан. Үүнээс 28 мянган га талбайн тариаг хурааж 23.4 мянган тонн ургац авч байгаа. Нэг га-гаас 11.4 цн-тэй байгаа юм. Хадлан тэжээлийн хувьд 10 мянган тонн хадлан бэлтгэж байна. Энэ жил найм, есдүгээр сард бороо хур ихтэй байснаас хадлан тэжээл бэлтгэх, тариа хураах ажил их оройтож байгаа” хэмээн цаг үеийн нөхцөл байдлыг танилцуулав.