Ц.Баярцогтыг 250 мянган төгрөгөөр торгосныг хүчингүй болголоо

Нийгэм / Ц. Анхзул
2017 оны 10 сарын 03

Замын хөдөлгөөнд оролцож байхад нь шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчтай ёсзүйгүй харилцаж, салаавч гаргаж буй залуугийн бичлэг цахим орчинд тавигдан, олны дургүйцлийг төрүүлсэн. Тэрбээр хувиараа бизнес эрхлэгч Ц.Баярцогт гэгч бөгөөд түүний талаарх мэдээлэл, холбогдсон хэргүүдийн талаар хэвлэлүүд мэдээлэв. 

Есдүгээр сарын 21-ний өдөр Ц.Баярцогтын гаргасан уг үйлдэлд Зөрчлийн хуулийн дагуу 250 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс нийслэлийн Прокурорын газар луу хүргүүлсэн байна. Харин   прокурорын байгууллага хэргийг хянан хэлэлцээд “Цагдаагийн байгууллагаас оногдуулсан 250 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл нь торгуулийн хуудасгүй, мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй, торгуулийн хуудасгүй тул нотлох баримтгүй” гэсэн шалтгаанаар хүчингүй болгожээ. Харин “танхайрсан” зүйлчлэлээр тодорхой хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах хүсэлтэйгээр шүүхэд шилжүүлсэн нь өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд боллоо. 

Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд “250 мянган төгрөгөөр торгох” шийтгэлийг хүчингүй болгох, “танхайрсан” үндэслэл бүхий баривчлах хүсэлтийг “Хүлээж авах боломжгүй” гэсэн шийд гаргасан байна. Өөрөөр хэлбэл, зөрчлийг үргэлжлүүлэн шалгах эрхийг прокурорын байгууллагад хэвээр үлдээж, “Зөрчил гаргагч нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй” гэжээ.

Зөрчил гаргагчийг цааш үргэлжлүүлэн шалгах нь прокурорын байгуулагын хэрэг бөгөөд давж заалдаагүй тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэх юм.