Эдогава Рампо "ХҮН САНДАЛ" номын сэтгэгдэл

Нийтлэл / Ц. Ариунсанаа
2017 оны 12 сарын 15

Японы адал зохиолын титэмгүй хаан гэгддэг Эдогава Рампогийн жинхэнэ алдар Таро Хирай. Тэрбээр Васедагийн их сургуульд эдийн засгийн ангийн оюутан байхдаа тухайн үед япон хэлэнд олноор орчуулагдан хэвлэгдэж байсан европын сонгодог зохиолуудад дурлах болжээ. Нэн ялангуяа детектив болон триллер зохиолыг үндэслэгч, Америкийн утга зохиолын суутан Эдгар Аллан По-гийн үнэнч шүтэн бишрэгч байсан бөгөөд Эдгар Аллан Погийн нэрийг ханзаар бичсэн дуудлага болох Эдогава Рампо гэгдэн алдаршсан билээ. 

Таро Хирай 1923 онд "Шин Сэйнен" хэмээх сэтгүүлд Эдогава Рампо нэрээр өөрийн анхны уран бүтээл, жинхэнэ орчин үеийн хирнээ японы өөрийн давтагдашгүй өвөрмөц байдлыг хадгалж чадсан детектив зохиол болох  "Нисэн Дока" /Хоёр сэнгийн зэс зоос/-г  хэвлүүлсэн байна. Тийнхүү Эдогава Рампогийн цаг үе эхэлж, эх орондоо Эдгар Аллан По-гоос хэд дахин илүү нэр цууд хүрчээ.  

Зохиолч, орчуулагч Д.Дашмөнхийн орчуулснаар 12 өгүүлэг бүхий "Хүн сандал" номыг нь уншиж дуусгалаа. Ер нь Харуки Мураками, Рюносүкэ Акутагавагийн зохиолуудаас триллер өнгө аясыг мэдэрч байсан ч гэсэн Эдогава Рампо үнэхээр л "титэмгүй хаан" юм байна. 

Зуу гаруй жилийн өмнө бичигдсэн хирнээ өдгөө хүртэл уншигчдийг байлдан дагуулсаар байгаа нь орчуулагчийн тодорхойлж байгаагаар гурван гол онцлогтой. 

Нэгдүгээрт: Рампогийн зохиолууд уншигчдыг үнэхээр гайхшруулж, энгийн хүний санаанд оромгүй орчинд оруулж дөнгөдөг. 

Хоёрдугаарт: Чухам үүнээсээ улбаалан улам цааш нэмж сэтгэх, төсөөлөн бодох сэдэл уншигчдад тасралтгүй өгдөг. Энэ нь уран зохиолын тэр дундаа сонгодог зохиолуудын гол шинж чанаруудын нэг болсон байна. 

Гуравдугаарт: Давтагдашгүй өвөрмөц япон төрхтэй байдаг. Үнэхээр ч дорнын нэн ялангуяа Японы нууцлаг, чимээгүй өнгө төрх түүний детектив, триллер зохиолуудад нэн сайхан хосолсон билээ. 

Би гэдэг хүн уран зохиолын ном уншихдаа нуршуу хэсэг байвал ерөнхийд нь гүйлгээд, алгасаж уншдаг бол Рампогийн зохиолууд тэгж унших боломжийг үнэндээ олгосонгүй. Ямар нэг үг алгасах л юм бол нарийн нандин хэсгийг нь өнгөрөөчихвий гэж сэрэмжилмээр. Үнэхээр ч өөрөө эдийн засаг, тооны хүн болоод ч тэр үү, үйл явдлын сэжмийг нарийн сайхан зүйж өгсөн бөгөөд зохиолууд нь бүр ямар ч уйдах боломжгүй байлаа. Тэрээр логик гаргалгаа сайтайгаас гадна, хүний сэтгэл судлалыг ч тийн судалдаг байв уу гэмээр санагдсан. Хүний сэтгэл, оюунаас ер юу ч гарч болдогийг, түүний зохиол бүтээлүүдээс харж болно. 

Сонирхолтой  санаануудаас нь дурдвал: 

" Гэмт хэрэгтэн өчүүхэн ч сэжигт өртөлгүй цэвэрхэн ял шийтгэлээс мултарч үлдэх арга нь хохирогчийн дүрд тоглох. "

" Сармагчингуудын харсан бүхнээ дуурайх инстинктийг элэглэн шоолж болох ч, бодоод үзвэл энэ нь аймшигтай зуршил. Харин хүний үйлдлийг давтан дуурайвал яах вэ? Бурхан хүнийг ч бас сармагчинтай төстэй олон инстинкттэй бүтээсэн шүү дээ. Хуулан дуурайх инстинк хүнд ч бас байдаг ба хүн түүнийгээ захирч чаддаггүй нь аймшигтай. "

" Эдгар По-гийн "Хулгайлагдсан Захидал" номонд Тэгш-Сондгой гэдэг тоглоомын талаар бичсэн байдаг. Тэр зохиолд өөрийн авхаалж самбаагаар бүхний анхаарлыг татсан нэгэн сурагчийн тухай гардаг ба түүний амжилтын нууцын талаар асуухад : "Шинэ танил маань сайн муу, тэнэг ухаантай аль нь болохыг, тэр үүнд яаж ханддагийг мэдэхийн тулд би түүний хийж буй үйлдэл дүр төрхийг нэг бүрчлэн дуурайдаг юм. Тэгээд үүнээс надад ямар мэдрэмж сэтгэгдэл төрж байгааг шинжин үздэг" гэж хариулдаг. "

Уур амьсгалаараа бүрэн хучиж чаддаг түүний зохиолуудтай танилцах үнэхээр сонирхолтой байлаа. "Хүн сандал" өгүүллэгийг дараах линкээр орон сонирхоорой.