Шинэ “Star wars” нээлтийн 7 хоногтоо 450 саяыг олжээ

Энтертайнмент / Time Admin
2017 оны 12 сарын 18

Кино үзэгчдийн хамгийн их хүлээлт үүсгээд байсан “Star wars” киноны “The Last Jedi” анги нээлтийн 7 хоногтоо дэлхий дахинд 450 сая ам.доллар олжээ.

Үүнээс АНУ, Канадаас 220 сая ам.доллар олсон нь тус цувралын бүх цаг үед Хойд Америк дахь нээлтийн долоо хоногийн үзэлтийн орлогын хоёрт бичигдэж байна. 2015 онд “Star Wars: The Force Awakens” 248 сая ам.доллар олж байсан аж.

“Box Office”-ийн жагсаалтын хоёрт “Ferdinand” хүүхэлдэйн кино орсон байна. Уг бүтээл нээлтийн 7 хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 13 сая ам.доллар олжээ. Харин “Box Office”-т дөрвөн 7 хоногтоо бичигдэж буй “Coco” хүүхэлдэйн кино өнгөрсөн долоо хоногт 10 сая ам.доллар олж, нийт 150 саяыг олоод байна.

“Star wars: The Last Jedi” киноны найруулагчаар Риан Жонсон, продюссерээр Кэтлийн Кеннеди, Рам Бергман болон гол дүрд Марк Хэмилл, Каррье Фишер, Адам Драйвер, Дэйси Ридлей, Жонн Бояега гэх мэт жүжигчид тоглосон юм.