Ж.Амарсанаа: Хатгаа, умайн хүзүүний хавдрын эсрэг вакцин үндэсний хэмжээнд нэвтрүүлмээр байна, сайд аа

Ярилцлага / Ц. Анхзул
2017 оны 12 сарын 18

Манай улсын хүн ам ходоодны хорт хавдрын нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна. Тиймээс “Эрүүл ходоод” хөтөлбөрийг Хүний их эмч Анагаахын ухааны доктор Ж.Амарсанаа боловсруулжээ. Тэрбээр НИТХ-ын төлөөлөгч, Эрүүл мэндийн дэд сайдын албанд ажиллаж байсан бөгөөд өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажилладаг. Түүнтэй эрүүл мэндийн салбарын асуудлууд, хөтөлбөрүүд, салбарын шинэ сайдын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар ярилцлаа.

“Эрүүл ходоод” хөтөлбөрийг боловсруулж дууссанг тань сонслоо. Ийм хөтөлбөр зайлшгүй хэрэгжүүлэх нөхцөл байдал  бидэнд үүсээд байна уу?

Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь элэгний хорт хавдар байсан бол ходоодны өвчлөлийн шалтгаантай нас баралт хоёрдугаарт бичигдэх боллоо. Ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийн хэмжээнд Япон, Солонгос улсууд тэргүүлдэг байсан бол одоо бид тэргүүлдэг боллоо. Нийгмийн эрүүл мэндийн гол  асуудлууд нь нас баралтын тэргүүлэх шалтгаанууд байдаг. Манай улсын хүн амын нас баралтын шалтгааны нэгдүгээрт зүрх судасны өвчин, хоёрдугаарт хорт хавдрууд орж байна. Үүн дотор элэг, ходоодны хорт хавдрууд давамгайлж байна.

Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөр манай улсын иргэд нас барж байгаа нь харамсалтай. Шийдэл нь тодорхой, арга хэмжээ авч болохуйц өвчнөөр иргэдийнхээ амь насыг алдаад байгаа нь төр засгийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Мэдээж хувь хүний хариуцлагын асуудал бий. Гэхдээ гол нь төр засаг хийх ёстой ажлаа хийхгүй байна. Жишээ нь ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл амьдрах хөтөч нь болох, өвчнөөс сэргийлэх мэдээллээр хангах, өвчний шалтгааныг арилгах талаар төрөөс шалтгаалах зүйлсийг хийх ёстой. Нас баралтыг бууруулахын төлөө төр авах ёстой арга хэмжээнүүдийг авч чадаж байна уу гэвэл би хангалтгүй дүн тавина. Тиймээс энэ Засгийн газрыг тодорхой хэмжээгээр чиглүүлэх ажил хийх нь Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөхийн хувьд миний хийх ёстой ажил гэж бодож байна.

Ходоодны өвчний шалтгаан ихэвчлэн юу байна вэ. Хүнсэндээ мах ихээр хэрэглэдэг бидний онцлог нөлөөлж байна уу?

Ходоодны хорт хавдар махтай ямарч  хамаагүй. Хамгийн их нөлөөтэй зүйл бол давс. Япон улс ходоодны хорт хавдраараа дэлхийд тэрүүлж байсны шалтгаан нь тэд хоол болгоноо “шоу” гэдэг цуутай хольж хэрэглэдэг муу зуршилд байсан юм. Тиймээс төрийн зүгээс иргэдийнхээ эрүүл мэндийн боловсрол, давсны хэрэглээнд анхаарч, хүнснийхээ шошгонд давсны агууламжийг заавал байршуулдаг болсон. ДЭМБ-аас хүний өдөрт авах давсны хэрэглээг таван грамм гэж тогтоосон байдаг бол бид 11.6 гр давс хэрэглэж байна. Энэ өндөр хэрэглээг бууруулахын тулд цогц арга хэмжээ авах ёстой. Үүнтэй холбоотой хөтөлбөрүүдийг Мянганы сорилтын сангаас  боловсруулж өгсөн. 2015 оноос хэрэгжиж эхэлсэн байх ёстой. Гэтэл хэрэгжилт хангалтгүй байна. Засгийн газар дээр очоод хэрэгжихээ больчихдог олон хөтөлбөрүүд байна. Энд хөрөнгө мөнгөний ч, санаачлагын ч, сэтгэлийн ч асуудлууд байдаг байх.

Боловсруулсан хөтөлбөрүүд хэрэгжихгүй байх ямар шалтгаан байна?

Дээд удирдлагууд нь манлайлан хэрэгжүүлэх ёстой. Засгийн газарт сайдын багц гээд мөнгө тавигддаг. Түүнийгээ зөв зүйлд нь зарцуулж, ажлаа хийх ёстой. Маш их хүч хөдөлмөр зарцуулж боловсруулсан ч хэрэгжээгүй хөтөлбөрүүд олон байна. Жишээ нь, Ч.Сайханбилэг ерөнхий сайдын үед Хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр боловсруулаад транс тосны хэрэглээг багасгах, хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үндэсний хөтөлбөр зэргийг оруулсан. Гэхдээ сайшаалтай зүйлүүд бас бий. Дандаа шүүмжилнэ гэж юу байхав. Жишээ нь “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг үе үеийн сайд нар бүгд дэмжсэн, маш сайн хэрэгжсэн.

Тухайн хөтөлбөрийн үр дүн яаж харагдаж байна вэ. Харвони эмийг оруулж ирэх асуудлыг та санаачлан хэрэгжүүлсэн санагдаж байна. 

Элэгний өвчлөлийн эсрэг арга хэмжээ монгол улсын хэмжээнд, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдээс хамгийн үр дүнтэй нь болж байна. Харвони эм байж болох хамгийн сайн үр дүнд хүрч байгааг харуулсан. Эмчилгээний үр дүн 96-98 хувьтай байна. Эмчилгээ дууссаны дараа вирус гарч ирж байгаа тохиолдол байна. Гэхдээ энэ нь маш ховор.

Ходоодны өвчлөлийн сэдэв рүүгээ эргээд оръё. Өвчлөлийн шалтгаан, иргэд энгийн нөхцөлд урвдчилан сэргийлэх боломжуудын талаар зөвлөгөө өгөөч.

Ходоодны өвчлөлийн шалтгаанд хеликобактери, давсны өндөр хэрэглээ, тамхидалт зэрэг орж байна. Монголчуудын 76-82 хувь нь буюу таван хүний дөрөв нь хеликобактеритай байна. Энэ нь ахуйн замаар, ундны усаар, нийтийн хоолны газруудаар дамжин халдварлаж байна.

Япон, Солонгос улсууд ходоодны өвчлөлөө яаж бууруулж чадсан бэ гэвэл 40-өөс дээш насны хүн бүхнийг ходоодны дурангийн шинжилгээнд оруулж, түүнчлэн давсны хэрэглээгээ хумьсанд үр дүн гарч байна. Харин манай улсын хэмжээнд ходоодны 40 орчим дурантай, 50 гаруйхан дурангийн эмч байгаа нь иргэдийнхээ ходоодны эрүүл мэндийг бүрэн хянаж чадахгүй байгаагийн шалтгаан болж байна.

Энэ нь бас л улс орны эдийн засагтай холбоотой байдаг болов уу?

Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд 400 тэрбум төгрөг зарцуулагдахгүй цоожтой хэвтэж байна. Энэ мөнгийг иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зарцуулах ёстой шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл гэж байгуулаад хагас жил болсон ч тэр хүмүүс нь нэг ч удаа хуралдсангүй.  Даатгалыг мөнгийг зарцуулах журмуудыг яаралтай боловсруулах хэрэгтэй байна.

Иргэд маань компьютерт томографи (СТ), соронзон реконанст томографи (MRI) гэсэн томоохон шинжилгээнүүдийг  өндөр төлбөртэйгээр өгч байна. Үүнийг яагаад даатгалдаа хамруулж болохгүй гэж. Эрүүл мэндийн даатгалын журмууд гарахгүй байна, дээрээс нь ажлаа муу чиглүүлж байна, хүрээ нь явцуу байна үүний улмаас иргэд хохирч байна. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар манай улсын иргэд эрүүл мэнддээ зарцуулах хөрөнгийн 40 хувийг өөрсдөө гаргадаг гэсэн судалгаа гаргасан байна лээ. Өндөр хөгжилтэй орнууудад энэ тоо 10 хувьтай байдаг.

Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажилладаг. Дээрх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх талаарх таны оролцоо ямар байх вэ?

Энгийн эмч хүний хувьд маш том боломж. Нийгмийн эрүүл мэнд рүү хандсан  хөтөлбөр хэрэгжүүлэхэд маш их нөлөө үзүүлнэ гэж найдаж байгаа. Нас баралтын  тэргүүлэх шалтгаан болж буй цус харвалтын өвчин, хорт хавдрууд, яаралтай түргэн тусламжийн чанарыг сайжруулах тал дээр гээд хэлэлцүүлэхээр төлөвлөсөн олон асуудал байна.

Яаралтай түргэн тусламжийн асуудлаар та НИТХ-ын төлөөлөгч байхдаа хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх түвшинд очсон гэж ойлгосон. Энэ асуудал ямар шалтгаанаар гацав?

Улаанбаатар хотод түргэний салбар пункетуудыг байгуулахаар хөтөлбөр боловсруулаад, уг нь хөрөнгө нь төсөвлөгдсөн юм. Гэтэл 2016 оны сонгуульд ялагдсанаас болоод уг хөтөлбөр маань байхгүй болчихсон. Эхний жил тав, дараагийн жил арав гэгчлэн дөрвөн жилийн дотор  яаралтай тусламжийн 30-40 пункетийг байгуулахаар төлөвлөсөн байсан. Одоо бол Дамбаражаад ганц пункет ажиллаж байгаа. Тэр хавийн иргэд түргэн тусламж маш хурдан ирдэг гээд тун ам сайтай байдаг юм билээ. Байшин барилга барихгүй, түрээсийн аргаар шийдчих учраас их мөнгө гарахгүй. Нэг пункетад  гурван ээлжээр нийт 21 хүн ажиллах тооцоо гарсан. Ингээд 30-40 пункеттэй болчихвол гэр хороололд түргэн тусламж 10 минутад багтан очих боломжтой болно. Өөрөөр хэлбэл, түргэн ирэхээс өмнө амь насаа алддаг асуудал байхгүй болно гэсэн үг.

Би одоо НИТХ-ын дарга С.Амарсайхантай уулзаж, өөрсдийнхөө ажил болгоод ч хамаагүй хэрэгжүүлээч гэж хэлэх гэж байгаа юм.  Иргэд хожиж байвал хэн санаачилсан, хэн хийсэн нь ямар хамаа байх вэ дээ.

Та ЭМ-ийн дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд манай улсын эрүүл мэндийн салбарын талаар ямар бодолтой явдаг вэ?

Төрийн ажил удирдлагаасаа их шалтгаалдаг онцлогтой. Пирамид бүтэцтэй, хатуу, захиргаадалтын шинжтэй болохоор гарч ирсэн сайдаас бүх зүйл шалтгаалдаг. Сайд нь өндөр санаачилгатай, хурдтай, хүмүүсээ шахаад ажиллавал аппарат хөдөлдөг. Сайд тийм биш бол дээрээс ямар чиглэл ирэхийг хүлээгээд л сууж байдаг. Намайг дэд сайд байх үед яам 120 орчим мэргэжилтэнтэй байсан. Тэдний 10 гаруйхан нь ажлынхаа төлөө зүтгэдэг, санаачлагатай хүмүүс байсан нь тодхон санагддаг.

Сүүлийн үед яамны бүтэц их өөрчлөгдсөн гэсэн.  Сайжирсан байх гэж найдаж байна. Уг нь доороосоо ажил ундраад, сайд батлаад явбал ажил их хурдтай явна шүү дээ.

Д.Сарангэрэл сайдыг томилогдоход та зөвлөмж хүргүүлж байсан. Сайд таны зөвлөгөөг хэрхэн хүлээн авч байгаа талаар, гаргасан шийдвэр, үйл ажиллагаа, ажлын арга барилыг нь хэрхэн дүгнэж байна вэ?

Миний зөвлөмжийг уншлаа гээд цахим орчинд бичсэн байна лээ. Ажлаа аваад удаагүй хүнийг шахаад байх нь зохимжгүй биз гээд харж л байна. Гэхдээ би уг нь их тодорхой бичсэн дээ. Ажлаа зөв эрэмблээрэй, цаг хугацаа байхгүй шүү, цаг үе нь ороо бусгаа байна, эрх мэдлийн хүрээнд хоёр жил хагасын хугацаа үлдсэн байна гээд л.

Мэргэжлийн хүн ажилтайгаа танилцахад хагас жил зарцуулдаг. Мэргэжлийн бус хүн жил орчим зарцуулах байх. Гэхдээ яахав, цаг алдалгүй ажиллавал чамгүй хугацаа байна. Ойлгомжгүй зүйлс байвал Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөхийн хувьд би мэдэх чадахаараа зөвлөн туслахад бэлэн байна. Далай шиг их ажил руу яваад орчихсон хүн самгардаж, будилж байгаа байх. Гол нь ажлаа зөв эрэмблээрэй гэдгийг дахин дахин хэлье. Хамгийн чухал зүйл бол нас баралт шүү. Нас баралтын тэргүүлэх өвчлөл нь зүрх судасны өвчлөл шүү. Тэр талаар дуугарч байна уу. Түүний дараа хавдар, тэгээд осол гэмтэл байгаа шүү. Энэ эрэмбийг битгий алдаарай гэдгийг хэлмээр байна.

Манай улсад яаралтай нэвтрүүлэх хоёр вакцин байна, Д.Сарангэрэл сайд аа. Нэг нь хатгааны эсрэг вакцин, нөгөө нь умайн хүзүүний  хорт хавдарын эсрэг вакцин. Энэ хоёр вакциныг оруулж ирвэл маш олон төрлийн хорт хавдрын эсрэг зогсох хүч болж, нас баралтын эсрэг эерэг үр дүнг харуулна. Хатгааны эсрэг вакциныг манай улс 5, 6 жил судаллаа. Одоо боллоо. Оруулж ирээч.

Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг Ж.Цолмон сайдын үед оруулж ирээд, хэл ам таталсаар зогсоосон.  Үйлдвэрлэгчид нь Засгийн газраас хүсэлт тавихад их л эерэг, шуурхай хүлээж авдаг. Д.Сарангэрэл сайдыг оруулж ирээсэй гэж хүлээж байна. Уг вакцин нь олон төрлийн хорт хавдраас сэргийлдэг тул Австрали зэрэг орнуудад эрэгтэй хүүхдэд ч хийдэг юм шүү дээ.

Та эмчээс гадна улстөрч хүн. Улстөрд орохоос аргагүй шаардлага тулгарч байв уу эсвэл амбиц байна уу?

/инээв/ Өөрийгөө улс төрч биш гэж яаж хэлэх вэ. Уг нь өөрөө хүсэж ороогүй юм л даа. Ардчилсан залуучуудын холбооны удирдах зөвлөлд орооч гэсэн урилга явуулсныг хагас жил гаруй бодоод орсон. Би эмчээ хийгээд эндээ суувал өдөрт 20-30 хүнд үзлэг хийдэг юм. Жилдээ 1000 орчим хүн үзнэ гэсэн үг. Харин Засаг төр лүү орж ажиллаад зөв ажиллаж, үгээ хэлж, хэрэгжүүлж чадвал жилд 1000 биш 100 мянган хүн үзэх боломж бүрдэнэ гэж харсандаа улс төрд орсон юм. Эмчийн нүдээр улстөрийг харсан хэрэг. Түүнээс дурласандаа биш.

Эрүүл мэндийн салбарын хөгжлийг та хэрхэн төсөөлж байна вэ?

Эрүүл мэндийн салбарын хөгжлийг гэгээтэй сайхнаар харж, харахыг хүсч байна. Гэхдээ маш их шинэчлэл хэрэгтэй байна. Зүгээр нэг фудр түрхээд өнгө орохгүй. Бүр гоо сайхны мэс засал хэрэгтэй байна. Ингэж салбарыг шинэчлэх маш их боломж байна гэдгийг ч харж байна.

Ярилцсанд баярлалаа.

Хоёулаа тун өргөн хүрээнд ярилаа шүү. Баярлалаа.