2017 оны Монгол бахархал

Нийтлэл / Нийслэл guide
2017 оны 12 сарын 19

1. БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИ 

Биткойны суурь технологи блокчэйн нь зөвхөн санхүү, төлбөр тооцоон дээр ашиглагддаггүй. Жишээ нь, уг технологи дээр суурилсан даатгалын үйлчилгээ л гэхэд гэрээг наториатаар баталгаажуулах, мөнгө шилжүүлэх зэрэг олон шат дамжлагыг байхгүй болгож, асар их цаг хугацаа, мөнгийг хэмнэнэ. Саяхан болж өнгөрсөн Крипто Үндэстэн чуулган дээр гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар блокчэйн технологид суурилсан дижитал яамтай болох саналыг дэвшүүлээд амжсан. Тиймээс энэ технологийг эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл гээд бүхий л салбарт ашиглаж болох нь.

2. АЛТАН ГАРТАЙ ЭМЧ О.СЭРГЭЛЭН

Дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр монгол хүн шалгарав. Наян мянган мэс засалчийг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн мэс засалчдын хамгийн том байгууллага American College of Surgeons- ээс жил бүр шилдэг мэс засалчдыг тодруулдаг. Тэгвэл энэ жилийн шилдэг таван мэс засалчийн нэгээр УНТЭ-Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС- ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ы доктор, профессор, Монгол улсын гавьяат эмч О.Сэргэлэн шалгарсан юм. Тэрбээр элэг шилжүүлэн суулгах болон дурангийн мэс заслыг Монголд нутагшуулсан гавьяатан. Нэмж хэлэхэд, Монголд Шинжлэх ухааны доктор гурван эмэгтэй байдгийн нэг нь билээ.

3. ААМИЙ ТААМИЙ ХОЁР

Хүүхдэд зориулсан шинэ соргог үндэсний контент телевизүүдэд дутагдаж, энэ орон зайг ихэвчлэн гадны кинонууд эзэлдэг байлаа. Тэгвэл энэ эрэлт хэрэгцээг Монгол контент ХХК–ийн үндэсний дүр, үндэсний бүтээгдэхүүний “Маамуу” төслийн контентууд нөхөж чадсан юм. Уг төслийн гол бүтээгдэхүүн “Маамуу” хүүхэлдэйн киноны эхний бүлгийн дөрвөн анги үзэгч хүүхдүүдэд хүрээд байгаа. Одоо хөгжилтэй, сэргэлэн Аамий, Таамий хоёрыг мэдэхгүй хүүхэд бараг үгүй болжээ. Үүнээс гадна тус компанийн уран бүтээлчид хүүхдийн боловсрол, хүмүүжилд эерэгээр нөлөөлөх олон бүтээл гаргаад байна.

4. ВИЗУАЛ ҮЗҮҮЛБЭРИЙН ОД Б.ШИЖИРБАТ

“Авьяаслаг азичууд”-уудын алтан базерын эзэн, “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбатын визуал үзүүлбэр урьд харагдаж байгаагүй онцлох үзүүлбэр байлаа. Тэрбээр график анимэйшнийг бүжигтэй хослуулсан үзүүлбэрээрээ монголчуудын төдийгүй гадныхны сонирхлыг татаж, гайхшируулсан юм. Түүний үзүүлбэрийг 49 сая хүн үзэж, алдарт mashable.com цахим хуудас онцолсон удаатай.

5. МОНГОЛ ХҮНИЙ БҮТЭЭСЭН АНХНЫ СҮРЧИГ

Монголчууд бид анхны сүрчгээ бүтээлээ. “Шамбалын орон”, “Үүрийн цолмон”, “Цас чихэр” гэх чихэнд чимэгтэй сонсогдох энэ гурван сүрчиг бол монгол хүний бүтээсэн анхны сүрчгүүд юм. Германд 20 жил уран бүтээлээ туурвиж амьдарсан зураач бүсгүй Ц.Цацрал хообийдоо тулгуурлан эдгээр бүтээгдэхүүнийг хийсэн байна. Ц.Цацрал хэдийгээр үнэртэй ус бүтээгчдийн мэргэжлийн сургуульд сураагүй ч түүний мэдрэхүй, бий болгосон томъёо нь хүмүүст ихээхэн таалагдаж, эхний бүтээгдэхүүнүүд нь нээлтэн дээрээ шууд борлогдсон юм.

6. ИД ШИДИЙН ОРОН

Энэ оны онцлох санаачилгуудын нэг нь “Лантуун дохио” ТББ-ын “Ид шидийн орон” төсөл байв. Тэд Хүүхэд хамгааллын төв барих санаачилга гаргаснаас хойш ердөө тавхан сарын дараа Зүүн cалаанд есөн обьект бүхий хүүхэд хамгааллын цогц төв сүндэрлэсэн билээ. Энэ төсөл маш олон хүний хүч хөдөлмөр, дэмжлэг туслалцаатайгаар хэрэгжсэн нь санхүүгийн эх үүсвэрийг цэвэр олон нийтийн санхүүжилтээр /crowdfunding/ шийдэж болдгийн тод томруун жишээ болсон юм.

7. 24 ЦАГИЙН НОМЫН САН

Гадаадын их дээд сургууль, хотуудад 24 цагаар ажилладаг номын сан маш олон байдаг. Ийм номын сантай болохыг бид олон жил мөрөөдсөн. Тэгвэл 2017 онд тус мөрөөдөл биелэлээ олсон юм. МУИС-ийн шинэ номын сан өдгөө 24 цагийн турш сургуулийнхаа оюутан залууст болон иргэдэд үйлчилж, оюуны цангааг нь тайлж байна. Сүүлийн үеийн номын сангийн технологи, шийдэл бүхий амрах, хонох, хичээлээ хийх танхимууд, цайны газар, төрөл бүрийн ангилалтай суудлууд гээд хэрэгтэй бүхэн тэнд бий.

8. ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭГЧ А.ЯНЖИНДУЛАМ

Индонезийн нийслэл Жакарта хотод 12 дугаар сарын 1-3-нд Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн. Энэ тэмцээнд ОУИМ А.Янжиндулам “Нэр, зүс царай” чээжлэх төрөлд 15 минутад 212 хүний нэр, царайг алдалгүй санаснаар дэлхийн рекордыг шинэчилсэн юм. Манай улсын тамирчид ой тогтоолтын олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсоор ирсэн нь монгол хүний оюуны чадамж, ой тогтоолт хэчнээн өндөр түвшинд байдгийн нэгээхэн илрэл биз ээ.

Нийтлэлийг: Б.Болортуяа
Эх сурвалж: "НийслэлGuide" №67/ 2017 12 дугаар сар