ЯЛГААТАЙ ХӨГЖИЛ

Нийтлэл / Ванчигийн Ганзориг
2017 оны 12 сарын 19

Синдикат ярилцлага #18

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөрт зориулан манай баг энэхүү тусгай дугаарыг бэлтгэлээ. Энэ дугаарт оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж “Монголын дауны холбоо”-ны гишүүн, үлгэр жишээ ээж У.Оюунчимэг, тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж “Бид чадна” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Отгонтуяа, харааны бэрхшээлтэй иргэдийг төлөөлж “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч Д.Гэрэл, сонсголын бэрхшээлтэй иргэдийг төлөөлж 29-р тусгай сургуулийн түүх, нийгмийн багш Б.Туул нар оролцлоо. Тэд хөгжлийн бэрхшээлтэй биш, биднээс багахан ялгаатай л хөгжилтэй ажээ. Нэвтрүүлэг хийх явцдаа манай баг уужим талбиун ертөнц, агуу сэтгэл зүрхийг мэдэрсэн. Гэтэл өөрснийгөө "эрүүл" гэж нэрлэдэг бид гудамжаа бохирдуулж, байгалиа сөнөөж, хэрүүл хийж, дайн дажин өдөөж амьдарч буй нийгмээ хөгжүүлэхээс илүүтэйгээр эвдэж байна. Үүнийг эдгээр хүмүүс НИЙГМИЙН БЭРХШЭЭЛ гэж нэрлэж байна.

В.ГАНЗОРИГ: Хөгжлийн бэрхшээлтэй гэж тодотгодог хэдий ч бид бүгд адилхан л хүн. Тэр утгаараа Монголд та бүхэнд хүнээ эрхээ хууль ба нийгмийн хүрээнд эдэлж чадаж байгаа юу?

Д.ГЭРЭЛ: Хүний эрх гэхээр сурч боловсрох, ажил хөдөлмөр хийх гээд өргөн хүрээнд ярих ёстой. Бусад хүмүүстэй адил энэ эрхээ эдэлж байна уу гэвэл харамсалтай нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхээ эдэлж чадахгүй байгаа. 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд Монголд бий гэдэг тоо байдаг. Тэдний 19 хувь нь л хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн статистик бий. Бусад нь ажил эрхэлдэггүй гэдэг нь эдийн засгийн хувьд бусдаас хараат гэсэн үг. Эдийн засгийн хараат хүн дараа дараагийн эрхээ ярихад хүнд л дээ. Хатуухан хэлэхэд ийм байна. Гэхдээ эерэг жишээнүүд бий, сайжирч байгаа зүйлс байгааг бас хэлэх ёстой.

У.ОЮУНЧИМЭГ: Би дауны холбооны төлөөлөл, хүүгээ төлөөлж энэхүү нэвтрүүлэгт оролцож байна. Бидний хүүхдүүдийн эрх байнга зөрчигдөж байгаа. Наад зах нь халамжийн мөнгөө олж авахын тулд бишгүй хүнд суртлыг туулдаг. Хүүхэд нь заавал хэвтрийн байх ёстой, эсвэл тухайн айл нь нэн ядуу байх ёстой гэх зэрэг утгагүй цензурыг өөдөөс тавьдаг. Төрөөс халамж үйлчилгээгээ авахын тулд миний гэр бүл нэн ядуу болох, эсвэл миний хүүхэд хэвтэрт орох ёсгүй шүү дээ. Энэ бол шууд ялгаварлан гадуурхсан явдал. Үүнээс гадна боловсрол, эрүүл мэндийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн эрх байнга зөрчигддөг. Саяхан манай “Монголын дауны холбоо”-ны эцэг эхчүүдээс санал асуулга авсан. Таныг, танай гэр бүлийг хамгийн их гомдоосон хүн хэн бэ гэж асуухад бараг тал нь эмнэлгийн байгууллага, эмч нар гэж хариулсан байсан. Уг нь хамгийн зөв мэдээлэл бидэнд өгч, биднийг дэмжиж сэтгэлзүйч байх ёстой хүмүүс маань эмч нар шүү дээ. Боловсролын салбарт тэр бидний хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөр гэж албан ёсоор байхгүй. Эцэг, эхчүүд нь л өөрсдөө бүх ачаагаа нуруун дээрээ үүрээд явж байна. Тусгай сургуулиуд байдаг боловч яг тухайн хүүхдийн онцлогт тааруулсан хөтөлбөр байдаггүй. Би хүүхдээ хувийн сургуульд явуулсаар байгаад 12-р ангийг нь төгсгөсөн. Сургуульд хүүхдээ би юм сурсан ч бай, сураагүй ч бай явуулж байгаа нь миний хүү олны дунд байж нийгэмших ёстой гэдэг бодлоос үүдэлтэй.

Магадгүй миний хүү даунтай хүүхдүүдээс анхдагч нь болов уу. Тэр нь юу вэ гэхээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд боломжийн өндөр оноо аваад, бүр ХААИС-с урилга авсан. Төрөөс тэгш хамруулах боломжийг нь хангаад өгвөл хүүхдүүд маань хөгжих бүрэн боломжтой гэдгийг би амьдрал дээр батлаад сууж байна. ХААИУС-с оюутан болох урилга авсан ч ээж, хүү хоёр ярилцаад бидний эцсийн зорилго энэ арай биш, нийгэмд өөрсдийгөө таниулж, хүлээн зөвшөөрүүлэх, нөгөө талаас өөрөө илүү нийгэмшиж бие дааж амьдрах нь илүү чухал гээд саналд баярлалаа гэж хариулсан. Учир нь би мөнх биш, миний нас яваад байдаг. Хүү бид хоёрын байр солигдох цаг тун ойрхон байгаа. Би өтлөөд би хүүгээ биш хүү минь намайг асардаг болох цаг ирж байгаа тул ийм шийдвэр гаргасан. Тиймээс хүүд маань амьдралын их сургуульд сурах нь илүү чухал хэрэгцээтэй байгаа юм.

Б.ТУУЛ: Өнөөдрийн нэвтрүүлэгт сонсголын, харааны, оюуны, тулгуур эрхтний гэсэн дөрвөн өөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож байна. Би өөрөө сонсголын бэрхшээлтэй. Нийгэмд дуу хоолойгоо хүргэхэд энэ маань саад болдог. Жишээ нь заавал хэлмэрч, орчуулагч байх ёстой. Би саяхан LEAD TALKS гээд хөтөлбөрт оролцож залуучуудад өөрийн дуу хоолойгоо хүргэсэн. Энэ хөтөлбөрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харьцах нь энгийн хүмүүст хүндрэлтэй байдгийг ойлгож авсан. Яагаад гэвэл тэд биднийг хөгжлийн бэрхшээлийг нь хараад, хөгжих боломжийг нь ердөө анзаардаггүй. Хүмүүс хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Би сонсохгүй байж болно. Намайг зарим хүмүүс сонсч чадахгүй, ярьж чадахгүй гэж боддог. Үгүй! Би нүдээрээ хүмүүсийг маш сайн сонсч чаддаг. Хүмүүсийн энэ хандлага миний эрхийг шууд зөрчиж байна гэсэн үг шүү дээ. Үүний чинь ард л хүний эрх байгаа.

Б.ОТГОНТУЯА: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ялгаатай хөгжлийг нь нийгэм хүлээн зөвшөөрч байж л энэ яриад байгаа хүний эрх хангагдана. Сонсголын бэрхшээлтэй иргэдэд харилцаа холбоо хэрэгтэй байдаг бол тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүст дэд бүтэц маш чухал байдаг. Энэ нөхцлүүдийг бүрдүүлээд өгвөл бид эрхээ эдэлсэн болох юм. Эдгээрийг үндэслээд хэлбэл бидний эрх маш ихээр зөрчигдөж байгаа.

Д.ГЭРЭЛ: Манайд эрхийг цогцоор нь авч үздэггүй. Голцуу салангид байдлаар хараад хэрэгжүүлэх гээд бүтэлгүйтээд байдаг. Хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургууль сурч чадаагүй бол дараа нь ажил эрхлэлтийн тухай ярихад хэцүү. Тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу замтай байшин баригдлаа гэдэг. Очоод үзэхээр хаалганы босгоо янзлаагүй, хаалга нь тэргэнцэртэй хүн ороход багтахгүй, дотор нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 00 байдаггүй. Барилга байшингаа барихдаа хүртэл бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандаж асуудлаа цогцоор нь харж чадахгүй л байна. Эрх гээд ярихаар сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх гэх зэрэг олон зүйлийг ярих ёстой. Эдгээр эрхүүдийг цогцоор нь хараад бид нийгэмдээ эрхээ эдлээд амьдарч чадаж байгаа юу гэвэл чадахгүй байгаа.

Б.ОТГОНТУЯА: Тэргэнцэртэй хүний хувьд би хотод үнэхээр муу дүн тавина. Улаанбаатар хот бол аймшигтай, үнэхээр харгис байна л гэж хэлнэ. Би өөрөө машинаа бариад явдаг. Нийгмийн амьдралаа идэвхитэй байж ажлаа хийнэ, мөн хувийн амьдралаа зохицуулна, бусдад дараа болохгүй гээд бүх чадлаараа зүтгэдэг. Гэтэл энэ ярьж байгаа дэд бүтцээс авахуулаад хүмүүсийн хандлага, ойлголт маш хэцүү байдаг. Би уг нь ажил хөдөлмөр эрхлээд, цалин аваад, улсдаа татвар төлөөд, өрхийнхөө амьдралыг аваад явж байгаа. Зарим үед жирийн хүнээс илүү ачаалалтай ажилладаг. Гэтэл хүмүүс тэгж ойлгодоггүй, бидний ялгаатай талыг л хараад байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн мөнгө өгөөд, гэрт нь байлгах ёстой гэдэг социализмын үеийн сэтгэлгээ одоо хүртэл ард иргэдэд байсаар л байна. Энэ утгаараа төрийн бодлого, хийж байгаа дэд бүтцийн төлөвлөлт нь үнэхээр муу. Улаанбаатар хотод олон гоё шинэ барилгууд баригдаж байна. Хүмүүс тэнд орж амьдарч, үйлчлүүлэх ёстой. Бид бас хүн шүү дээ. Бид бусадтай адил дэлгүүр орж, ресторанд сууж, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх эрхтэй. Гэтэл тэр дэд бүтцүүд нь байдаггүй. Имарт дэлгүүр гарч ирээд бидний хувьд нөхцөл байдал нилээд таатай болж ирсэн. Хүнтэй гадуур хоолонд оръё гэхээд аль газар налуу замтай билээ, аль ресторан нь тусгай 00-той билээ гээд ярьсаар байгаад таардаг. Тэргэнцэртэй хүн өөрөө ороод, бие даагаад зорчоод явах байшин барилга Монголд байдаггүй.

В.ГАНЗОРИГ: Сонсголын, харааны, оюуны, тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл та бүхэн дуу нэгтэй бидний эрх хангагдаж чадахгүй байна гэж хариуллаа. Үнэхээр ч нийгэм нэг бол өрөвдөж, нэг бол ялгаварлан гадуурхаж харьцдаг. Хэрвээ та бүхэнд бүх дэд бүтцийг нь бий болгож өгөөд, эрхийг нь эдлүүлж чадвал та бүхний зүгээс нийгэмдээ оруулж чадах хувь нэмэр юу байх байсан бол?

Б.ОТГОНТУЯА: Сайхан амьдарын тулд бид чадах чинээгээрээ хөдөлмөрлөнө. Улсдаа татвар төлнө. Хэн нэгнээс хараат бусаар амьдарч эхэлнэ.

Д.ГЭРЭЛ: Бид баялаг бүтээгч байж чадна. 2005 оноос эхлэн манай холбооны дэргэд бариа заслын төв байгуулагдан ажиллаж байгаа. Хүмүүс хараагүй хүмүүс хийдэг “Best” массаж, бариа заслын төв гэхээр анддаггүй. Зөвхөн энэ төсөл дээр бид 300 гаруй хараагүй хүмүүсийг сургаж, тэдний 65 хувь нь энэ чиглэлээрээ ажиллаж байна. Энэ хүмүүс нийгмийн даатгал, татвараа ном журмаар нь төлөөд, өрх гэрээ авч явж, бусдын эрүүл мэндэд нэмэр, хандиваа оруулж, улс орондоо өөрсдийн хэмжээнд бодитой хувь нэмэр оруулж байна. Орчин нөхцөлд бүрдвэл бид хэнээс ч дутахгүй бусдын хийдгийг хийж чадна. Бид баярлаж жаргах эрхтэй. Боломж олговол хүнлэг, энэрэнгүй нийгэм гэдгийг бид жинхэнэ утгаар нь хамтдаа байгуулж чадна.

2015 онд Улаанбаатар хотын дарга Бат-Үүлтэй хараагүй иргэд уулзаж байсан юм. Тэр үеэр хотод амьдарч, ажиллахад тулгамдаж буй асуудлаа нээлттэй ярьсан. Тэгэхэд би “Аз жаргалтай Улаанбаатар” хотыг бий болгох гээд зөндөө ажил хийгээд байна гэж бодсон. Гэтэл яг та бүхэнд хүрч байгаа үр дүн нь ийм харгис байдаг юм байна. Та нарт л ээлтэй хот байгуулж чадвал би зориод байгаа ээлтэй Улаанбаатараа байгуулж чадах юм байна гэж хэлж байсан. Энэ үнэн шүү. Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ээлтэй байж чадвал энэ улс маань бүх иргэддээ ээлтэй байх болно. Бүтээн байгуулалт хийхдээ зөвхөн бидний төлөө биш, бүх хүмүүсийн төлөө гэж хийх хэрэгтэй.  

Б.ТУУЛ: Сонсголгүй иргэдэд бүх чадвар байдаг. Ямар ч саадгүй энэ орчлонд бусадтай зэрэгцээд амьдрах боломжтой. Бидний ялгаатай хөгжилд, онцлогт маань зориулаад дэд бүтэц, орчинг бүрдүүлээд өгвөл хүн юу хийж чаддаг юм, тэр бүгдийг бид хийж харуулж чадна. Энэ чадвараа харуулъя гэхээр нийгэм биднийг ялгаварлан гадуурхаж эхэлдэг. Бидний бэрхшээлийг биш чадварыг хараач ээ. Тэгж харж чадвал бид бүгдээрээ баялаг бүтээгч байж чадна. Бид бусадтай адилхан хүмүүс.

В.ГАНЗОРИГ: Туул багш бол үлгэр жишээ авахуйц түүхтэй хүн байна. Та хэзээнээс эхлэн сургуульд багшилж эхэлсэн бэ?

Б.ТУУЛ: Би 2006 оноос 29-р сургуульд багшилж байна. Би хоёр настайдаа сонсголын бэрхшээлтэй болсон. Манай гэрийнхэн намайг мэдээгүй явж байгаад найман нас хүрээд сургуульд ороход л мэдсэн. Жирийн сургуульд явж байгаад дөрвөн жилийн дараа би нэг ч үсэг бичиг чадахгүй байгаагаа гэнэт анзаарсан. Дарханд тусгай сургууль байдаг тухай анх сонсч холбогдон, дараа нь 29-р сургуульд орж суран бүх юмныхаа учрыг нь олсон. Элсэлтийн ерөнхий шалтгалтыг би амжилттай өгөөд, гурван шалгалтын нэгээр нь нийгмийн ухааныг сонгож байсан. Үүний дараа би Боловсролын их сургуульд орох гэтэл чи сонсголгүй байж яаж сурдаг юм бэ гээд аваагүй. Шалгалтаа ном журмаар нь өгөөд, тэнцээд байхад Боловсролын их сургууль нь өөрөө намайг ялгаварлан гадуурхаж, авахгүй гэхэд маш их гомдож байсан. Ээж маань хөөцөлдсөөр байгаад намайг оюутан болгосон. Би бусад оюутнуудтай адил дөрвөн жил сурахдаа нэг ч удаа хэлмэрч, орчуулагчийн туслалцаа авч байгаагүй. Би хүнээс хуулж л хичээлээ хийдэг байсан. Юу ч сонсохгүй учраас их сургуульд ном л надад найз болдог байв. Шөнөжин номоо уншиж хичээлээ хийж, жирийн оюутнуудаас хэд дахин их хөдөлмөр гаргаж сурсан. Манай нийгмийн хандлага ийм л байгаа. Бид сурч, ажиллаж чадна аа. Хүмүүс ээ, энэ хандлагаа өөрчлөөч ээ гэж дахин дахин хэлмээр байна. Энгийн иргэд та нар өөрсдөө нээлттэй нийгэмд амьдардаг мөртлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд биднийг ялгаварлан гадуурхаж хаалттай нийгэм рүү түлхдэг.  

В.ГАНЗОРИГ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой боловсрол ба эрүүл мэндийн асуудлыг бид цухас хөндлөө. Өөр нэг хөндөх ёстой сэдэв нь эрүүл мэндийн асуудал. Та бүхэн өөрсөддөө зориулсан эрүүл мэндийн үйлчилгээг авч чадаж байгаа юу?

У.ОЮУНЧИМЭГ: Даунтай хүүхэд оюуны хөгжлийн бэрхшээлтэй гэдэг ангилалд орно. Хүнд хэлбэртээ тооцогддог. Иймээс асран хамгаалагч заавал байдаг. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хэн нэг нь ажлаасаа гарч хүүхдээ асардаг. Тэр хэрээр тухайн гэр бүлийн санхүүгийн байдалд шууд сөргөөр нөлөөлдөг. Ялгаварлан гадуурхах дээр би бас үгээ хэлмээр байна. Хүүхдүүд бол даунтай эсэхийг нь тоохгүй сонирхоод найзлаад, ойлгоод дасаад явчихдаг. Нийгэмд хамгийн их ялгаварлан гадуурхалт үзүүлдэг хүмүүс нь насанд хүрсэн хүмүүс байдаг. Би хүүтэйгээ автобусанд явж байгаад хүүтэй явж байгаа эхнэр, нөхөр залуухан хосууд миний хүү рүү заагаад хүүдээ “Тэрийг хар даа, мангар хүүхэд явж байна” гэж зааж байсан. Энэ үед ээж хүний сэтгэл ямар байхыг та нар төсөөлөх байх. Надад хичнээн хэцүү байсан ч энэ нийгмээ би хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй.

Миний хүү хэдий сургуульд сураад байгаа ч гэсэн яг хөтлөөд явдаг найз, үзэл бодлоо хуваалцдаг дотны нөхөр байдаггүй. Гаднаа сургуульд явж буй мэт боловч бүх юм нь дотроо бугшиж байдаг. Миний хүү маш их ном уншдаг. Ялангуяа түүхэн сэдэвтэй номнууд. Мөн зохион бичлэг их хийдэг. Үүнийг ээж хүний хувьд би байнга мэдэрдэг ч дотроо хий өрөвдөхөөс өөрийг хийж чаддаггүй. Манай төр төр шиг байж үнэхээр чадахгүй байна. Нийгмийн хандлага нь дандаа сөрөг. Эрүүл хүмүүс бид хийнэ, бид л чадна, эд нар юу ч чадахгүй гэдэг хандлагаар харьцдаг болохоор тэр хэрээр сэтгэлзүйн ачаалал, дарамт гэр бүлийн гишүүд бидэнд шууд ирдэг.

Эрүүл мэндийн үйлчилгээний хувьд би өөрийн түүхээ хуваалцъя. Хүү маань төрөөд нэг сартай сэхээнд байхад эмч дуудаж уулзаад, “Сэтгэлийн хаттай байгаарай, ийм хүүхэд урт насалдаггүй, нэг нас хүртэл их юм шүү. Ийм хүмүүс амьдардаггүй, амьдрах боломжгүй” гэж хэлж байсан. Эмч хүн ингэж хэлэхээр эцэг, эх нь яах билээ дээ! Эмчийн энэ буруу мэдээллээс болж тухайн гэр бүл тэр чигээрээ хямардаг. Харамсалтай нь энэ мэдээлэлд итгээд, нэгэнт миний хүүхэд удаан амьдрахгүй юм чинь гээд хүүхдээ хөгжүүлдэггүй, гэртээ нуудаг, ичээд нийгэмд гаргадаггүй эцэг, эхчүүд зөндөө байдаг. Тэдгээр эцэг, эхчүүдтэй ярихад гудамжинд дагуулаад явахаар хүмүүс юм хэлэхгүй ч харцаараа илт гадуурхаж хардаг гэж ярьдаг. Зарим эцэг, эхчүүдийн эгдүүцлийг төртөл, тэвчихгүй байдалд орох хүртэл нь зохисгүй үйлдэл гаргаж, нийгэмд олны дунд ялгаварлан гадуурхсан жишээнүүд олон бий. Төр нь төр шиг байгаад, орчин нөхцлийг нь бүрдүүлээд өгвөл манай хүүхдүүд энгийн хүүхдүүдээс дутах юм юу ч байхгүй ээ. Тусгай олимпийн шугамаар хүү бид хоёр 2015 онд Тайвань улс руу Монголд огт хөгжөөгүй модон бөмбөгний тэмцээнд ямар ч бэлтгэлгүй яваад хүрэл медаль аваад ирсэн. Нийгэм биднийг хүлээж аваад, хандлагаа өөрчилбөл, эдгээр хүүхдүүд ч гэсэн хөгжөөд, энгийн хүүхдүүдээс дутахгүй амжилт гаргах боломжтой би өөрийн амьдралаараа баталж чадсан. 

Б.ОТГОНТУЯА: Манай энэ Гэрэлээ АНУ-д мастерийн зэргээ хамгаалсан шүү дээ. Энгийн эрүүл хүмүүстэй өрсөлдөөд Фулбрайтын тэтгэлэг авсан мундаг бүсгүй.

Д.ГЭРЭЛ: Бид нар амьдарлыг жинхэнэ утгаар нь хайрлаж чаддаг. Би сүүлд хараагүй болсон. Оюутан байхдаа дарвиад л хөөрөөд явдаг байсан. Хараагүй болсон ч гэсэн би сургуулиа үргэлжлүүлсэн. Үүний дараа миний амьдралыг үзэх үзэл шал ондоо болсон. Өдөр бүр, цаг мөн бүр асар үнэтэй, амьдралдаа илүү хариуцлагатай болдог юм билээ. Энгийн иргэдтэй харьцуулахад бид шаргуу хөдөлмөрлөдөг, амьдрахын төлөө тэмцдэг, илүү хариуцлагатай, амьдралд илүү хайртай байдаг. Тэр хэрээр бид нийгэмдээ амьдралын утга учрыг таниулаад, харуулаад явах боломжтой.

Б.ОТГОНТУЯА: Гэрэлээ шиг олон хүмүүс байдаг. Энэ бүгд бид бусдын адил сурч, хөдөлмөрлөх бүрэн боломжтой гэдгийг харуулж буй хэрэг юм. Өндөр хөгжилтэй орнуудад хэрэгцээтэй бүх боломжийг нь бүрдүүлж өгөөд, энэ боломжийг ашиглах эсэх сонголтыг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нээлттэй үлдээдэг юм билээ.

Д.ГЭРЭЛ: Бид нарт тэр боломжийг л олгооч. Боломж олговол бид бусдаас дутахгүй.

В.ГАНЗОРИГ: Та бүхний ярианаас тусгай олимп, Lead хөтөлбөр, Фулбрайтын тэтгэлэг зэрэг сонсоод байхаар бараг АНУ-ын элчин сайдын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө Монгол Улсын засгийн газраас хамаагүй илүү ажилладаг юм биш үү гэсэн ойлголт төрж байна.

Д.ГЭРЭЛ: Үнэн. Энэ сайн жишээтэй холбоотой бас нэг мэдээлэл хуваалцахыг хүсч байна. Өнөөдөр би Австрали улсын элчин сайдын яамны хүмүүстэй уулзаад ирлээ. Тэдний засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэгш хамруулах хөтөлбөрөө Монголд танилцуулахаар ирсэн байна. Тэд Монголын төр явуулах гэж байгаа төсөл, хэрэгжүүлэх гэж байгаа бодлогодоо заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал бодлыг тусгаарай гэдэг мессежийг өгөх гэж ирсэн. 12-р сарын 5-нд элчин сайдын яамнаас зохион байгуулаад Австралид төгссөн бүх монголчуудад зориулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хэлэлцүүлэг хийж байна. Бүтэл бүтэн улс гадаад улсад суугаа элчин сайдын яамаараа дамжуулан ийм бодлого явуулж байна шүү дээ. Бид үүнээс суралцах ёстой.

Б.ОТГОНТУЯА: Тэргэнцэртэй хүмүүсийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээ авах туйлын хүнд байдаг. Хэдэн жилийн өмнө бариа засал гээд эмнэлгийн байгууллагаар явж байхад 00 олж чадаагүй. Эмч нарт хэлэхэд ойлгохгүй, өөдөөс бараг амаа дарж байсан. Эмнэлгийн шатаар дээш доош олон явуулна, өргөх хүн байхгүй, тусгай ор, тоног төхөөрөмж байхгүй тул хэн нэгэн дагаж эмнэлэгт хэвтэх болдог. Их төвөгтэй байдаг. Бүр зайлшгүй шаардлага гарах, хүндээр өвдөхгүй л бол бид эмнэлэг зорих боломжгүй. Эмчид цаг авах гэж нэг очно, цагаа аваад дахиж ирж үзүүлнэ, дахиж ирж шинжилгээ өгнө, дахиж ирж шинжилгээний хариугаа авна. Ийм олон удаа би эмнэлэгт явах ямар ч боломжгүй л дээ.

Д.ГЭРЭЛ: Сүүлийн үед сайжирч байгаа жишээнүүд сонсогдоод байгаа. Сүхбаатар дүүргийн эмнэлэгт манай нэг танил хараагүй хүн очиход угтах үйлчилгээ гаргасан байсан гэсэн. Та аль эмч дээр үзүүлэх вэ, ямар шинжилгээ өгөх вэ гээд дагуулж яваад, хоёр давхарт гарсан чинь бас дараагийн хүн нь угтаж аваад үйлчилсэн гэсэн. Бид энэ жишээгээ улам дэлгэрүүлж, олон хүнд сонсгох ёстой болов уу.

Б.ТУУЛ: Миний хувьд эмнэлэгт үзүүлэхэд цаг хугацааны асуудал хүнд байдаг. Би сонсохгүй учраас эмчтэйгээр харилцах гэж бичсээр байгаад таардаг. Хүүхэд нь уйлаад дугаарлаж байгаа хүмүүсийн хажууд цаг авч удаан үйлчлүүлж байгаадаа санаа зовдог. Зарим эмч нарын хувьд хандлага нь их хэцүү байдаг. Өө сонсголгүй юм уу, бичихээс залхуураад байна, шууд ярьж болохгүй гэх мэтээр харьцаж гомдоодог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудтай хамтраад Юнител компани 104 гээд туслах үйлчилгээ гаргасан. Таван жилийн өмнө би гэртээ ухаан алдаж унахад миний охин түргэн дуудахад жаахан хүүхэд тоглоод байна гээд тоогоогүй. Өвөө рүүгээ яриад хэлүүлж байж арай гэж ирсэн. Наад зах нь түргэн тусламж утсаар дуудахад хүртэл бидэнд ийм асуудал саяхныг хүртэл байсан. Юнител компанийн энэ үйлчилгээний тусламжтайгаар бид эмнэлэг, цагдаа руу холбогдож чаддаг болсон.

В.ГАНЗОРИГ: Юнителийн энэ тусгай дугаарын үйлчилгээ нь яаж ажилладаг гэсэн үг билээ?

Б.ТУУЛ: 104 рүү залгаад дүрсээр ярина гэсэн үг. Би утас, хаягаа бүртгүүлсэн байдаг. Миний дохиогоор ярьсныг тэд цаашаа 102, 103 руу дамжуулдаг. Цаана нь дохионы хэлмэрч, орчуулагч ажилладаг гэсэн үг.

В.ГАНЗОРИГ: Сүүлийн хоёр асуултаа та бүхнээс асууя. Эхнийх нь жаахан эмзэг асуулт байж магадгүй. Заавал хариулах албагүй шүү. Гэр бүл зохиох, үр хүүхэдтэй болох, нөхөн үржихүй, ялангуяа шилжилтийн насны залуусын бэлгийн хөгжил гээд хүмүүс ил ярьж тэр бүр чаддаггүй ч заавал хөндөх ёстой нэг асуудал байдаг. Тэр тал дээр та бүхэнд нийтэд хэлэх мессэж, бусаддаа өгөх зөвлөгөө байна уу? Хоёр дахь асуулт нь нийгмийн хандлагыг өөрчлөхийн тулд, бүгдийг тэгш хамруулсан ээлтэй нийгэм байгуулахын тулд бид өөрсдөөсөө эхлээд юу хийж чадах вэ? Шийдэл юу байж болох вэ?

У.ОЮУНЧИМЭГ: Сонсгол, хараа, тулгуур эртхний бэрхшээлтэй иргэд амьдрал зохиогоод, нийгэмд сайхан явж байгаа жишээнүүд зөндөө байдаг. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэд, даунтай хүмүүсийн хувьд гэр бүл зохиох, хүүхэд болох боломжгүй, хүнд гэдэг ойлголт, мэдээллийг бидэнд өгдөг. Гэвч хүн л юм чинь хүнд явагддаг эрхтэн, системийн бүх процесс шилжилтийн насны хүүхдүүдэд явагддаг. Энэ тал дээр мэргэжлийн хүмүүсийн зүгээс бидэнд мэдээлэл муу өгдөг, эцэг эхчүүд ч гэсэн хоорондоо үүнийг ярьдаггүй нуугдмал сэдэв нь болсон байдаг. Эрүүл хүүхдүүд хүртэл энэ асуудлыг эцэг, эхтэйгээ тэр бүр нээлттэй ярьж чаддаггүй соёлтой шүү дээ бид. Миний хүү одоо 20 нас хүрч байгаа. Энэ асуудлаар хэнд хандах уу, хэнээс зөвлөгөө авах уу гэдэг бол миний хувьд одоог хүртэл хаалттай асуудал байсаар байгаа.

Насанд хүрсэн даунтай иргэдийн дараагийн том асуудал бол хөдөлмөр эрхлэлтийн асуудал байдаг. Монголын дауны холбооноос санаачлан хоол хүргэлтийн үйлчилгээг удахгүй эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. “Нисдэг баг”-ийнхаа тухай мэдээлэл сошиалаар цацаж үзэхэд ард иргэд маш сайхан хүлээж авсан, өндөр хүлээлттэй байгааг мэдрэх тун сайхан байгаа. Дадал, бэлтгэлээ сайн базааж байгаад тун удахгүй бид үйлчилгээгээ нийтэд хүргэж эхлэх болно. Нийгэм маань ингээд биднийг хүлээн зөвшөөрөөд эхэлбэл бид ажилтай болж, татвар төлөгч, баялаг бүтээгч болох бүрэн боломж бас ирээдүйг хараад би дотроо их баярлаж байгаа. Би итгэл, найдварыг би нүдэндээ харж чадаж байна. 

Д.ГЭРЭЛ: Олон асуудлыг бид хөндлөө. Ээлтэй нийгэм бүтээх нь өөрөө уг нь том асуудал биш юм. Бид өөр өөрсдийн салбартаа мэргэжилтнүүд. Төр засгаас явуулж байгаа бодлого, хийж байгаа, төлөвлөж байгаа ажилдаа биднийг оролцуулаач ээ, бидний саналыг асуугаач ээ. Хараагүй хүний зам хийнэ гээд буруу хийчихдэг. Бид тэрийг нь хэрэглэдэггүй. Дараа нь тэр замаа хуулах хэцүү, үлдээх хэцүү байдалд ордог. Бидний асуудлыг бидэнгүй битгий шийдээч байгаач ээ.

Хүмүүсийн хандлагын асуудлыг бид нилээд хөндлөө. Юм хоёр талтай. Би монголчуудыгаа учиргүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгодоггүй, дургүй гэж бодохгүй байна. Хамгийн гол нь ард иргэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлогийг мэдэхгүй байгаагаас, мэдлэг ба мэдээлэл дутуу байгаагаас гар хүрвэл хагарчих гээд байгаа аяга, шаазан шиг хэт бөөцийлөх гээд, эсвэл тойрч зугтаад байдаг. Иймээс хүмүүст мэдлэг, мэдээллийг аль аль түвшиндээ сайн хүргэе ээ. Үүнийг томоор хараад сүрдээд байх шаардлагагүй. Эцэг, эхчүүд хүүхдүүддээ, багш нар сурагчиддаа, байгууллагын удирдагчид ажилчиддаа хэлж тайлбарлах, манай төвүүдээр ирж зочлох зэргээр нийтээрээ хөдлөхөд л хүсээд байгаа хүртээмжтэй нийгмээ ямар ч асуудалгүй байгуулчихна. Хүртээмжтэй нийгэм гэхээр хүмүүс их том мөнгөний асуудал гэж ойлгоод байдаг. Үгүй шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бидний тоо цөөхөн. Нэг сайн ажил хийгээд суурийг тавьчихан байхад дахин дахин хийгээд байх шаардлагагүй байдаг. Тэгэхээр бүх юмыг мөнгөөр битгий хараарай. Жаахан сэтгэл байхад хийж болох зөндөө ажлууд бий.

Б.ТУУЛ: Хүмүүст зөв мэдлэг, мэдээллийг хүргэх гэдэг нь хамгийн зөв арга. Тэгж байж л хүмүүсийн хандлага өөрчлөгдөнө. Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх ойлголт, мэдлэгийг оруулж, хөгжлийн бэрхшээлтэй мундаг хүмүүсийн талаарх түүхийг зааж мэдээлэл өгч байх ёстой гэж би боддог. Сурагчдын сурах бичигт энэ асуудлыг оруулах ажил бол хамгийн энгийн зүйл. Хүүхдүүдэд багаас нь боловсролын суурь болгож системтэй энэ мэдлэг, мэдээллийг оруулж өгвөл бид зөв хандлагатай иргэдийг шууд хүмүүжүүлж чадна шүү дээ.

Б.ОТГОНТУЯА: Төрөөс хэрэгжүүлж буй ажлууд тунхагийн шинжтэй яваад байдаг. Иймээс төр ба ТББ-уудын хооронд хувийн хэвшлийнхэн өргөнөөр орж ирж хамтран ажиллавал богино хугацаанд үр дүн гарна гэж би боддог.

Д.ГЭРЭЛ: Бид төрөө нилээд мууллаа. Гэхдээ бас цөөн хэдэн эерэг ажлууд бий. Саяхнаас эхлээд шинэ баригдсан барилга байшинг улсын комисс хүлээн авахдаа ажлын хэсэгт тэргэнцэртэй, харааны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулдаг болсон. Эдгээр иргэд гарын үсэг зурсны дараа л уг барилгыг улсын комисс хүлээн авдаг жишигт шилжиж байгаа шүү. Бид хамтдаа явах юм бол маш олн ажлыг бүтээлчээр хийх боломжтой.

Б.ТУУЛ: Төрд хийж чадахгүй ажлууд зөндөө бий. Сая бид шинэ засгийн газартай боллоо. Тэд маань ажлаа хийхдээ биднийг татан оролцуулах, санал бодлыг маань авах, ажилдаа тусгаж ажиллаасай. Бидний асуудлыг бидний оролцоогүйгээр төр шийдэж чадахгүй шүү дээ.

В.ГАНЗОРИГ: Та бүхэнд маш их баярлалаа! Товч дүгнэлт хийхийг зөвшөөрнө үү. Иргэд, нийгмийн хандлагыг өөрчлөхийн тулд бид өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй байх нь ээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүл мэдлэг, мэдээллээ нийтэд улам өргөн түгээх, ойр орчны хүмүүстэй нөлөөлөх, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээсээ ичиж нэрэлхэхгүй байх, тэднийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгж байж л бид олон нийтэд цэгцтэй, системтэй мэдлэг, мэдээлэл түгээж, хандлагыг нь өөрчилж чадах нь. Энэ процесст хэвлэл мэдээллийн байгууллагууд маш том үүрэгтэй оролцох ёстой гэж би хувьдаа бодож байна. Дараагийн зүйл нь төр бодлого боловсруулахдаа заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулах, тэдний санал бодлыг сонсч, үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгах ёстой. Ингэж байж хамтдаа хүртээмжтэй, тэгш оролцоотой нийгмийг бүтээх нь ээ.

Эцэст нь манай нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа “Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдийн төв”, түүний орчуулагч Бямбадэлгэрт синхрон орчуулга хийж тусалсанд баярлалаа! Түүнчлэн бүтэн нэвтрүүлгийн дохионы хэлмэрч хийж чин сэтгэл гарган тусалсан “Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн орчуулагч багш, докторант Б.Саранчимэгт тусгайлан талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу!