Дэд хурандаа Х.Золзаяа: Эх орон, төр засгаас даалгасан үүргээ амжилттай биелүүлээд ирлээ

ИБНАУ-д явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний зургадугаар ээлжийн ротынхон өчигдөр эх орондоо ирлээ. Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж, дараагийн ээлжийн цэргийн багаа дадлагажуулж үлдээчихээд эх орондоо газардсан нь энэ. 

Цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн болон Батлан хамгаалах салбарын одон медалийг Батлан хамгаалахын сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар тэргүүтэй албаныхан гардуулж өглөө. Цэргийн багийн захирагч, дэд хурандаа Х.Золзаяа “Эх орон, төр засгаас даалгасан үүргээ амжилттай биелүүлээд ирсэндээ баяртай байна. Бид Мармал баазын аюулгүй байдлыг хамгаалахын зэрэгцээ бусад орны цэргийн алба хаагчдад эх орон, монгол цэргийн дайчин уламжлалаа сурталчилан таниуллаа. Мөн хамтран энхийг сахиулж байсан бусад орны цэргийн алба хаагчид бидний үүрэг гүйцэтгэлтэд үргэлж өндөр сэтгэгдэлтэй байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Манай рот үүрэгт хугацаандаа эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүргийг амжилттай гүйцэтгээд ирлээ. Ажиллагааны газар оронд цагийн байдал ширүүн байна. Өвөл хүйтрээд дайралт эрс багасдаг байсан бол одоо өвлийн тактик гэсэн бас шинэ зүйл гарч ирсэн байна. Өвөл ч гэсэн халдлага дайралтын тоо буурахгүй байна. Гэхдээ манай ротын бүрэлдэхүүн өмнөх цэргийн багуудын амжилтыг буухиалж ажилласандаа баяртай байна. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа хойт баазын зүгээс зохион байгуулсан тэмцээн уралдаанд амжилттай оролцож, өөрийн орны соёл заншилыг олон орны цэргүүдэд сурталчиллаа. Манай баг үүрэг гүйцэтгэж байхад хойд бүсийн командлагч нар солигдож таарсан. Энэ үед 21 орны цэргийн алба хаагчдаас зөвхөн Монголын цэргийн баг хойд бүсийн командлалын тугийг залсан. Энэ бол хүндтэй даалгавар болоод нэр төрийн хэрэг байлаа. Мөн ХБНГУ-ын Хуурай замын цэргийн командлагч манай багт зочилж “Монгол цэргүүдийг гайхамшигтай чадвартай талаар олон удаа сонсч байсан.Та нартай уулзахыг хүсч байлаа” гээд баяр хүргэсэн. Манай багийнхан ажиллагааны газар оронд нэгнээ гэсэн сэтгэл дүүрэн байлаа” гэв. 

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж “Зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх үүргүүдийн нэг бол энхийг дэмжих ажиллагаанд оролцох явдал бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах төрийн бодлогын илэрхийлэл болсон энэхүү арга хэмжээ нь манай улсын хувьд улс төр, эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой. Манай энхийг сахиулагчдийн үүрэг гүйцэтгэлтийн түвшин, туршлага, бэлтгэлжилт жилээс жилд улам нэмэгдэн сайжирч байгааг хэлэхэд таатай байна. Цагийн байдлын хүнд нөхцөлд эх орныхоо даалгаврыг үнэнчээр биелүүлээд ирсэн та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.