А.Оюунцэцэг: Уйлж орж ирсэн хүн инээгээд гарахад ажлаасаа урам зориг авдаг

Ярилцлага / Ц. Анхзул
2017 оны 12 сарын 19

Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Өвчин зовлон, аваар ослоос шалтгаалан эрхтэнээ тайруулж, хөгжлийн бэрхшээлтэй болох хатуу хувь тавилан биднийг тойрдоггүй. Гэвч хүн бүхнийг бүтээж чаддаг болохоор агуу билээ. Тийм л нэгэн бүтээгч, тэмцэгч бахархам эмэгтэйг урин ярилцлаа. Тэрбээр “Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг юм. 

СОГТУУ ЭМЧ ӨВЧТЭЙ ХӨЛИЙГ МИНЬ БИШ ЭРҮҮЛ ХӨЛИЙГ МИНЬ ТАЙРЧИХСАН

Хүний амьдралд хамгийн нандин сайхан, сэтгэл амар он жилүүд нь хүүхэд насанд тохиодог гэж би боддог. Тиймээс таны бага нас, аав ээжийн тан ахуй амьдрал, ах дүүсийн тан талаарх сайхан дурсамжаар ярилцлагаа эхлэе гэж бодож байна.

Би Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. Аав маань  автын механикч, ээж маань тогооч хийдэг зургаан хүүхэдтэй айл байсны том нь би. Хүүхэд нас маань хөдөө хээр талд морь унаж, хонь, гүү сааж өнгөрсөн дөө. 13 настай байх тэр зун гүү сааж байгаад унаганд хөлөө гишгүүлснээс болж, хоёр хөлгүй болсон юм.

Одоогоос олон жилийн өмнөх явдал болохоор сэтгэлийг тань хөндүүрлүүлэхгүй болов уу гэж бодлоо. Тухайн үед юу болсон юм бэ?

Тухайн үед манайх бүр хөдөө байсан болохоор эмнэлэгт яаралтай очоогүй удсан тул гишгүүлсэн хөл маань хавдаж, идээлсэн юм билээ. Тэгээд аймгийн төвийн эмнэлэгт очиж, хөлөө тайруулахаар болсон. Гэтэл мэс засалд орсон эмч согтуу байсан тул эрүүл хөлийг минь тайрчихсан.

Эмчид ямар хариуцлага тооцсон бэ?

Нэгэнт л тайруулсан хөл ургахгүйгээс хойш хэл ам хийж, хүний мууг үзээд яахав гээд ээж аав маань зарга хийгээгүй. Монголчуудын алдсан хүнийг нэмж нудардаггүй сайхан чанар байх л даа. Одоо бол ёстой бөөн юм болж байгаа байх даа (инээв) Гэхдээ аймгийн төвд болсон хэрэг болохоор хүмүүс жиг жуг хийж л байсан. Гэхдээ тэр эмч их сайхан хүнлэг сэтгэлтэй хүн байсан санагддаг. Намайг хүүгээ төрүүлж байхад 10 литр сүү, бүтэн хонины мах нэгдүгээр баазын цистернийн  жолоочид дайгаад явуулсан байсан. Ер нь хүн чанартай байх, эхлээд хүнийг хүндэлж хайрлаад, дараагаар нь тэр хүний хайр хүндлэлийг авах ёстой гэсэн бодолтой байдаг. Аав, ээж маань ч тэгж сургаж, хүмүүжүүлсэн дээ.

13 нас гэдэг хүний амьдралын шилжилтийн насны эхлэл үе. Амархан баярлан хөөрч, гутран гунидаг эмзэг нас гэж шинжлэх ухаан томъёолдог. Тухайн үед юу бодогдож явсан бол.

Тухайн үед 5, 6-р ангид байсан. Одоо би тэр үеийг сайн санадаггүй юм. Одоо л шилжилтийн нас гэж яриад байгаа болохоос тэр үед тийм нас байсан ч юм уу, үгүй ч юмуу (инээв) Хөдөө, уулын мухарт саахалтын айлын хоёр хүүхдийн барааг л харж, хааяа тоглож байснаас одоогийнхтой адил шилжилтийн нас, сэтгэл санаагаар унасан гэсэн юмыг мэдэхгүй, мэдрээгүй.

Тухайн үед эрүүл хөлөө тайруулчихсан, өвчтэй хөл маань идээт үрэвсэл болчихсон болохоор Улаанбаатарын гэмтлийн эмнэлэгт ирж, 5-6 жил хэвтсэн л дээ. Тэр хугацаандаа Сэргээн засалтын үндэсний төв дээр явагддаг сургалтуудад суугаад, төрөл бүрийн мэргэжлийн үнэмлэхтэй болж, хиймэл хөлдөө дассан. Тэгээд 18 насандаа Ахуйн үйлчилгээний удирдах газрын ажлын хувцасны тасагт оёдолчноор орж байлаа. Тухайн үед эрэгтэй, эмэгтэй хоёр боловсон хүчин намайг ажилд авна, авахгүй гэж маргалдаад, эрэгтэй нь дийлж би ажилтай болж байлаа. “Энэ хүн намайг ажилд авсан юм чинь итгэлийг нь алдахгүй ажиллана” гэж бодогдож, их л хичээж ажилладаг байсан даа. Ажилдаа ч гаршиж, сүлжмэлийн тасаг, оёдлын тасагт ажилладаг боллоо.  Ингэж явахдаа л 23 насандаа ханьтайгаа танилцсан даа.


Хүүгийн хамт 

МУХАР ХӨЛӨӨ ХУЧУУЛАХ ҮРТЭЙ БОЛОХ Л ХҮСЭЛ БАЙЛАА

Нэг насныхаа ханьтай учирсан сайхан дурсамжаасаа хуваалцаач.

Хань маань төв аймгийн Батсүмбэр суманд ажилладаг байсан. Тухайн үед “Ахмадын асрамжийн газар”-ын 10 жилийн ой болж, бэсрэг наадам болсон юм. Наадамд нөхрийн маань хурдан морь түрүүлж байлаа. Тэр үед л нөхөртэйгээ танилцаж, нэг мэдэхэд л гэр бүл болцгоосон доо.

Хадмууд тан яаж хүлээж авсан бэ?

Нөхөр маань арван хүүхэдтэй айлын хоёр дахь нь. Эрэгтэй хүүхэд болохоор аав ээж нь алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн. Хадам аав маань яам, тамгын газар нягтлангаар ажиллаж байсан элит хүн. Ер нь тэднийх гэр бүлээрээ өндөр боловсролтой мундаг хүмүүс. Тиймээс намайг алгаа тосоод авснаас биш “хөлгүй хүнтэй битгий суу” гэж хүүгээ хориглож байгаагүй. Харин миний ээж нөхөрт маань “Чи хөлгүй охинтой минь сууна гэж юу байхав. Чамд эрүүл саруул сайхан хүүхэн олдоно” гэж загнадаг байсан. Миний хувьд бол “Хөлгүй хүнд сайхан нөхөр мэдээж олдохгүй. Гэхдээ насны эцэст мухар хөлөө хучуулах үртэй болчихвол нөхөртэй ч бай, үгүй ч бай хамаагүй” гэсэн бодол байсан. Харин хань маань дэндүү сайхан сэтгэлтэй хүн байсан болохоор намайг хайрлаж, халамжлахын дээрээр 35 жил ханилсан даа.

Таны хань танд дурлаж, хайрласан тухайгаа юу гэж ярьдаг байсан бэ. Ер нь ямар эмэгтэйг сайхан эмэгтэй гэх вэ?

Би чинь хөлгүй л болохоос царайлаг эмэгтэй байсан шүү (инээв) Хөдөө орон нутагт бол эргэж харахгүй хүн байхгүй, нүд дүүрэн сайхан бүсгүй л байлаа.

Харин та ханийхаа юуг нь хайрласан бэ. Ямар зан чанартай хүн байв?

Миний ханийг н.Дэлгэрсайхан гэдэг. Тэр маань 2014 онд цаг бусаар бурхан болсон. Ээж, аавыгаа алдахаас илүү ханиа алдах гэдэг хамгийн аймшигтай хагацал байдаг юм байна. Хань минь их л ганган хээнцэр, цэмцгэр, өндөр боловсролтой сайхан залуу байсан даа.

Та нэг хүүтэй гэлээ. Хэвлийдээ хүүгээ олж, төрүүлж байсан үеийн дурсамж эмэгтэй хүний хувьд их нандан зүйл гэж боддог.

Тэр чинь ёстой инээдтэй зүйл болно шүү дээ. 24 настай, их хүнд оросын протезон хөлтэй ч таяггүй сайхан явдаг байлаа.

Төрөхөөр эмнэлэгт очиход төрөх өрөөнд олон эмэгтэйг зэрэг оруулчихсан байв. Тухайн үед хөлгүй эмэгтэйг төрүүлэх гэж байна гээд эмч нар шөнөжингөө л пижигнэж хоносон. Надтай хамт 40 орчим настай эмэгтэй төрөхөөр өвдөж байсан. Өөр нэг эгч баавгайны савраар гэдсээ улаан эрээн болтол маажна. Бас нэг нь цонхоор нөхрөө загнана, нөгөөх нь уйлаад л мөлхөнө. Тэднийг хараад л хөхрөөд байв.

Гэтэл өнөөх 40 орчим насны эгчийг эмч загнаад, гуя руу нь алгадаад л... “Хөлгүй байж яах гэж хүүхэд төрүүлсэн юм” гэж намайг загнах вий гэж би энд айгаад л. Эмч өнөө эгчийг дүл гэхээр нь би айсандаа зэрэгцээд дүлчихсэн. Ингээд л хүү маань төрсөн дөө. Хүүгээ инээж байгаад л төрүүлсэн. Их том гэдэс гэнэтхэн алга болчихоор бас айгаад л, зэрэгцээд хүүгийнхээ уйлахыг сонсож дагаж уйлаад л...

Хүү тань одоо ямар ажил эрхэлдэг вэ? Ачийн зулай үнэрлэсэн үү?

Хүү маань одоо энэ компанийнхаа захирлаар ажилладаг. Ач охин, хүү хоёртой. Хоёуланг нь Найрамдал сургуульд сургадаг. Бидний ажил зайлшгүй хятад улстай холбогддог болохоор ирээдүйгээ бодоод  энэ сургуулийг сонгон, ач нараа сургаж байна.

НЭРЭЛХҮҮ ЗАН МААНЬ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ МӨРӨӨДЛИЙГ БИЙ БОЛГОСОН

Протезийн үйлдвэрээ хэзээ байгуулсан бэ. Ямар хувь тохиол таныг үйлдвэртэй болгов?

Зах зээл эхэлж, хүний амьдрал янз бүрээр л эргэнэ шүү дээ. Унана ч, босно ч. Нөхөр маань ажилтай, хүү маань том болчихсон. Тэгэхээр би яаж гэртээ зүгээр суугаад байх билээ гээд Нарантуул зах дээр комиссын бараа, малын тэжээл зарж, Багшийн их сургуулийн дэргэд 4, 5 хүнээр “цагаан утас” ажиллуулна. Орой нь очоод мөнгөө хурааж авна. Нэр нь “цагаан утас” болохоос нэдэр дээрээ их мөнгө олно шүү дээ.

Малын тэжээлээ зарж, үүрч явахдаа мөсөн дээр хальтарч унаад дунд чөмгөө хугалчихлаа. Ингээд ГССҮТ-д хэвтээд, хуучин протез маань таарахаа болив. Тухайн үед жаахан мөнгөтэй болчихсон болохоор Хятадын Эрээн хотод протез хийлгэхээр нөхөртэйгээ явлаа. Гэтэл тэнд байдаггүй юм байна. Ингээд Хөх хот, Бээжин явлаа. Бээжинд өрөөсөн хөл 14 сая төгрөг гэнэ. Мэдээж тийм их мөнгө байхгүй. Монгол хүний нэрэлхүү зангаар мөнгө байхгүй гэж хэлж чадахгүй “Би монголдоо протезны үйлдвэр нээх гэж байгаа юм” гэж худлаа яриад тэндхийн үйлдвэрийг нь тойрч үзчихээд ирлээ. Ирээд тухайн бодол маань мөрөөдөл болж, нөхөртөө хэлэхэд дэмжсэн. Ингээд зээл хөөцөлдөж бүх л банкаар явлаа. Гэхдээ бүгд татгалзсан.

Бээжингийн нөгөө үйлдвэрийн захиралтай уулзаж, нөгөө мөрөөдлөө хэлж тусламж гуйхаар таван удаа явсан ч уулзаж чадсангүй. Зургаа дахь удаагийн явалтаараа захиралтай нь уулзаад, тэр хүн Монголд ирж судалж үзнэ гэв. Тухайн үед бас л  ирнэ гэдэгт нь итгэхгүй байлаа. Гэтэл нөгөө хүн маань ирж, “100 хувь хятадын хөрөнгө оруулалттай протезны үйлдвэр нээх үү, эсвэл зээл хөөцөлдөж, үйлдвэрээ нээхэд чинь туслах уу” гэлээ. Би хоёр дахийг нь сонгосон юм. Ингээд техник технологийг нь Хятадаас зээлээр аваад, газраа, баригдах барилгаа барьцаалан Төрийн банкнаас нэг тэрбум 500 сая төгрөгийн зээл авсан юм. Одоо харин түүнийгээ төлж чадахгүй байшингаа хураалгах болчихоод байна.  

Зээлийнхээ хэчнээн хувийг төлсөн бэ. Хэзээнээс төлөх боломжгүй болов?

Уул нь үйлдвэрийн барилга барих гэж байгаа, надаас ухаантай хүн байсан бол урт хугацааны, хүү багатай зээл авах байсан байна лээ. Гэхдээ яахав, харамсах зүйл байхгүй. Зээлээ авсан. Барилгаа барьсан. Бусдыг хуурч мэхлээгүй. Зээл авсан нь үнэн болохоор төлөх ёстой. Гэхдээ 2016 оноос төлж чадахаа больсон. Энэ хугацаанд зээлийн хүүнд 200 сая төгрөг төлчихөөд байна. Арай урт хугацаа, уян хатан төрийн бодлого хэрэгтэй байна. Өрөнд орсон нь миний арчаагүйнхээс илүүтэй тендерээс болсон гэж боддог.

ЗЭЭЛИЙН ХҮҮНД 200 САЯ ТӨГРӨГ ТӨЛСӨН Ч БАРИЛГАА ХУРААЛГАХДАА ТУЛЧИХААД БАЙНА

Тендерийн ямар асуудал байна?

Протез, ортопедын үйлдвэр манай улсад хоёрхон байдаг. Нэг нь 50 жил болсон улсын үйлдвэр, нөгөө нь 10 жил болсон манай үйлдвэр. 2015 оноос протез, ортофед дээр тендер зарлаж эхэлсэн. Ортофед гэдэг бол хүний туслах хэрэгсэл, таяг, тэргэнцэр зэрэг шүү дээ. Тендерт бид ялагдсан. Тендер хуудуутай байдгийг мэдэрсэн. Тендерт 20 хувьтай хүн л орох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Надад ч тийм санал тавьж байсан. Харамсалтай нь тухайн үед боловсруулсан төсөлдөө найдаад, хоёрдугаарт шударга байх зарчим маань саад болсноос тендерийн гадна үлдсэн дээ.  

Тендерийн мөнгийг аваад 20 хувийг нь буцаан өгнө гэсэн үг үү?

Шууд хэлэхэд тийм.

Тендерт ямар компаниуд ялав. Судалж үзсэн үү?

Мэдэхгүй. Хайгаад явахаар олддоггүй ш дээ. Ихэвчлэн гадны хөрөнгө оруулалттай, эсвэл эмийн санд бүтээгдэхүүнээ зардаг газрууд байдаг юм билээ. Гэхдээ тухайн иргэнд шаардлагатай бүтээгдэхүүнүүд байдаггүй. Хүн бүрийн хэмжээ, сонголт өөр шүү дээ. Түүнд нь нийцсэн байх учиртай. Алгаараа харж, арваараа атгаагүй болохоор протез, ортопедоо ялгаддагүй компаниуд тендерт ялсан. Дөрөв таван тэрбум төгрөгийн 20 хувь гэдэг маш өндөр дүн биз.

Одоо танай үйлдвэр хэчнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үйлдвэрийн хүчин чадал, ажиллах хүчний талаар?

Бид түүхий эдээ Хятад улсад байдаг Германы үйлдвэрээс авдаг. Үйлдвэр маань 23 ажилтантай. Тэдний тав нь хөгжлийн бэрхшээлтэй, мөн ахмадууд бий. Уг нь би залуучуудаар хүрээлүүлж ажиллахыг зорьдог ч ихэнх залуус цалин асууж, ажил голдог. Манай ажилчдаас дөрөв нь хятадад мэргэжил эзэмшсэн мундаг залуус.

Үйлдвэрийн байшинг хурааж авах шийд хэзээ гарсан бэ?

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 12 дугаар сард үйлдвэрийн барилгыг маань дуудлага худалдаагаар зарна гэж мэдэгдсэн. Ингэхдээ нэг тэрбум 700 сая төгрөгөөр үнэлсэн байна лээ. Би үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлсэн.

Одоо та ямар гарц харж байна вэ?

2018 оны нэгдүгээр сараас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хууль нь хэрэгжинэ. Тендер үгүй болно. Иргэд тендерт ялсан газраас биш хүссэн, сонгосон газраасаа бүтээгдэхүүнээ авдаг болно. Энэ бидэнд олдож буй боломж.

Би байшингаа яасан ч алдмааргүй байна. 35 жил ханилсан ханиа алдан байж барьсан байхгүй юу. Тэрбум гаруй төгрөгнөөс илүү үнэтэй юмаараа энэ байшинг барьчихаад яаж алдах билээ. Би төртэй хүн болохоор надад гарц боломж олдох байх гэж найдаж байна. Мэдээж алгаа тосоод авсан юм чинь түүн шигээ өгөх ёстой. Хөл гаргүйгээрээ бамбай хийгээд төр минь төлөөд өгөөч гэж хэзээ л хэлэхгүй. Гарцыг нь заагаад өгөөч, бодлогоор дэмжээд өгөөч л гэж хүсч байна.

Энэ талаараа Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн туслах Г.Уянга нар луу шөнийн 03.00 цагт мессэж бичсэн. Тэр өглөө 06.00 цагт Г.Уянга үйлдвэр дээр минь ирж надтай уулзаад, Ерөнхий сайдад уламжилна гэж хэлсэн. Тэр дагуу Ерөнхий сайдын зөвлөх н.Алтангэрэл гуай ирж уулзаж, байдалтай танилцсан. Зээлийн хугацааг уртасгаад өгөөч л гэж хүссэн. Судалж үзнэ, холбогдох албан тушаалтнууддаа хэлнэ гэсэн. Үүний дараа  уртаар амьсгаа аваад сууж байна даа, эгч нь.

УЙЛЖ ОРЖ ИРСЭН ХҮН ИНЭЭГЭЭД ГАРАХЫГ ХАРЖ АЖЛААСАА УРАМ ЗОРИГ АВДАГ

Таны амьдралын түүхийг сонсоод тэвчээр, тэмцэл, сэтгэлийн хатаар тань бахархаж байна. Бурхан хүнд ачаа даах чадварынх нь хэрээр ачаа хуваарилдаг гэдэг үг бодогдож байна. Та амьдралын эргүүлэг, хувь тавилангийн талаар ямар бодолтой явдаг вэ?

Бурхан авахаа ч авдаг, өгөхөө ч өгдөг гэж би боддог. Ганцаараа байхдаа хорвоо ертөнцийн хамаг бүхнийг л бодно шүү дээ. Хүний хувь тавиланд заримдаа гомдож, ханийг минь яасан эрт аваад явчихав гэж харамсана. Намайг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хэрэгтэй зүйлсийг хийг гээд хоёр хөлийг минь авсан ч юм болов уу гэж хатуужна. Амьдрал шүү дээ. Амьдрах сайхан.

Өдий хүртэл хугацаанд та юунаас эрч хүч, итгэл, урам зориг авч энэ амьдралыг ялан дийлж явна вэ?

Ард түмнээсээ. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шүү дээ. Хүний нүд рүү хараад сайхан инээмсэглэх сайхан шүү. Биднийг зориод өвчиндөө шаналаад, амьдрах итгэлгүй болчихсон ороод ирсэн хүнд таарсан хөл гарыг нь хийж өгөөд, өөрийн юм шиг тохируулаад өгөхөд инээмсэглээд толгой өргөөд гарахыг нь харж, их энерги, эрч хүч авдаг даа. Зовлон, өвчин хэцүү. Нэгэнт дайрсан бол даваад л гарахаас өөр сонголт байхгүй. Уйлаад ороод ирсэн хүнд өөрийнхөө хоёр төмөр хөлийг харуулаад “Бос чи. Юунд нь гутсан юм. Намайг хар” гэхэд сэрдхийгээд хардаг, урам авдаг, амьдрах итгэл орох шиг санагрддаг. Амьд л үлдэж байвал хөл гаргүй болох нь ямар хамаатай юм гэж сэтгэлээр нь босгохыг зорьдог доо.

Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.   

Намайг зорьж ирсэн танай байгууллагын хамт олонд баярлалаа. Монголынхоо ард түмэнд шинэ оны мэнд хүргэе.


"Эрхэм чанар" үйлдвэрийн хамт олон