ҮЛГЭР ШИГ...

Хятад шинжээч үзээд "Ай ла, Ерэнтүмэн лан мөнгөтэй уул ва" гэж дуу алдаж, тэгээд Ерэнтүмэн гэж нэрлэж, тэр нь явсаар Ентүмэн болсон хайрхан уулын ар шилд Битүү хад нэртэй мухар хадан мудаа байдаг юм. Дээгүүрээ задгай, амандаа бачим ч цаашаа орохоороо хоёр гурван хүн хэвтэж багтахаар зайтай. Би бага шиг, арав орчим настай байж дээ. Аавтайгаа хамт Битүү хадны үүдээр гарч явахдаа хадны оройгоорх хар толбонуудыг хараад 

- Аав, аав тэр юу вэ? гэж асуусанд 
- За, юу байдаг юм. Хөө тортог л байна гэв. 
- Хөөх тэр өндөрт хэн хөө түрхдэг байна аа? гэсэнд аав намайг шоолон хөхрөв. Тэгээд араас нь үлгэр домог шиг юм хэлж билээ. 

Аавын багад1920-иод онд Дэчингаваа гэдэг хүн эхнэр Балгартайгаа энэ хадан мухарт хуримаа хийж байсан юм гэнэ ээ. Дээгүүр нь бургас, улиасны мөчир тавьж, ямааны тарз энэ тэрээр бүтээж байгаад шороо асгаад битүүлчихнэ. Үүдэнд нь нэг эсгий унжуулчихна. Тэгээд л гэр. 

Эрэгний мухарт гэр барьж тоглох дуртай байсан би, 
- Хадан гэрт хуримаа хийх гоё байх аа, тийм ээ, ааваа гэсэнд аав,
- Золиг гэж, юуных нь гоё байдаг юм. Наадаж наргихаа л бодох. Аргатайсан бол яалаа гэж энд хурим хийхэв дээ.
- Яагаад аргагүй болчихдог юм?
- Ядуу ядуу. Ядуу байна гэдэг чинь аргагүй болж, мухардахын л нэр шүү дээ. Энэ хаданд миний мэдэх л Дэчингаваа гуайнх арваад жил болсон юмдаг, хөөрхий. Яаж ч болдог байсан юм бүү мэддээ. Хожим Бажуунаг энд зусаад, урд энгэрээс явар хад авчирч, тарианы тээрэм хийдэг байлаа. Нэг тээрэм нэг төлөгний үнэтэй. Манайд байгаа тэр тээрмийг чинь Бажуунаг хөгшин энд хийсэн юм шүү дээ гэж билээ.

70-80 -аад оны үеийн хүүхдүүд чинь ядуурал гэгчийн талаар төсөөлөл ч үгүй байж. Тэгэхээр Хадан мухарт хурим хийхийг наадаж наргисандаа л гэж ойлгох нь аргагүй юм. Сая л нэг учрыг нь ойлгосон би хадан гэрт арваад жил амьдарсан Дэчингаваа гуайг эхнэртэй нь өрөвдөөд нулимсаа гялгануулан өмөгнөв. 

Хожим аав бас Нарийн дэрсний шилд байх нэгэн мухар эрэг заагаад "Энд ч бас нэг айл миний мэдэх л лав хоёр жил өвөлжсөн юм. Тарзаар битүүлчихээр болоод л байдаг байсан байх даа" гэв. Бас Долоон салааны аманд байх дэвсэг дээр хар модны шиндүүгээр шовгор барьж, өвс, навч модны шилмүүсээр хулдаад амьдарч байсан хүмүүсийн тухай ч ярьсан. Зөвхөн гэр оронгүй төдий биш ядуу зүдүү явцгаасан хүмүүсийн тухай өөр олон зүйлийг өгүүлсэн дээ. Товчхондоо ядуурал гэдэг ямар хэцүү байдгийг нүдэнд үзэгдтэл хүүрнэсэн билээ. Ер миний үеийнхэн ядуурал, үгүйрэл гэдгийг энэ мэт хуучаас л төсөөлдөг байв. 

1950-иад он гэхэд өнөөх аймшигтай ядуурал алга болчихсон байжээ. Бүр зундаа бол тогоо тавьж, зусангаа нэг нэгнээ хэсэж наргидаг болжээ. Сүрхий сэргэсэн хэрэг.

Хууччуулын ярих нь 50-иад онд л бид чинь сая нэг цагаан гурил гэдгийг идэж үзэж, өдөр тутамдаа хэрэглэдэг болж, гэртээ бүрээстэй, орондоо хөнжилтэй, хөлдөө оймстой, дээлэндээ өнгө татаж өмсдөг болжээ. Өмнө нь бол дан цагаан нэхийтэй л тууж явах. Нийтлэг нь шүү дээ, мэдээж хэрэг, торго дурдан, даавуу даалимба өмсдөг нь байсан ч ховор хэрэг. Бас сольж өмсөх хувцастай, гэр маань эсгий үүдний оронд далавчтай хаалгатай, тулганы оронд зуух яндантай болж, аяганы алчуур, радио хүлээн авагч гээд сүрхий юмжижээ.

Сая Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ гуайн дурсамж уншижээ байхад тэр цагийн дурсамжууд эрхгүй сэргэж байна.

Харин бид 90 он гарснаас хойш ядуурал гэгчтэй улаан нүүрээрээ тулав. Ядуурал үлгэр байхаа болив. Өнөөх аавын ярьдаг үлгэрт гардаг хадан гэрт амьдардагтай адил Туулын бургасанд, хогийн цэгт траншейнд амьдардаг хүмүүсийг үзэх болов. 

Өнөөдөр өдөр бүр хогийн цэг ухан яваа хүмүүстэй таарч болно. Чухам хожмоо хэзээ нь юм бэ, бүү мэд, үр ач нартаа яг л аав шиг "Энд чинь зайлуул, нэг эр эм хоёр амьдардаг байсан юм. Олон жил болсон доо" гээд хогийн бүнкер, траншейний мухар, орцны үүдний шатны дорх хонгил заавал тэд итгэх болов уу? Үлгэр л ярьж байна гэх болов уу? ҮЛГЭР ШИГ АМЬДРАЛ АА гэж...