Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 12 дугаар сарын 21, 2017

TIME 5 МЭДЭЭ / Time Admin
2017 оны 12 сарын 21

1. ОУВС: Монголын эдийн засагт сэргэх ирээдүй ажиглагджээ

Олон улсын валютын сан Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэлээ. Тэдний үзэж буйгаар нүүрсний экспортын хэмжээ удааширсан хэдий ч төсвийн хэмнэлттэй бодлогын үр нөлөөгөөр эдийн засаг оны төгсгөлд өсөх хандлага ажиглагдсан байна. Энэ тухай ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер “Reuters” агентлагт ярьжээ. Тэрбээр “2016 оноос экспортын орлого буурснаас үүдэж Монголын эдийн засгийн өсөлт буурсан юм. Гэхдээ одоо сэргэж байна” гэв. Түүний ярьснаар Монголын эдийн засаг сэргэж байгаа ч гэлээ өсөлтийн хурд нь удаан байгаа аж. ОУВС-гийн шинжээчид Монголын эдийн засгийн өсөлтийг оны сүүлчээр 3.3 хувьд хүрнэ гэж үзэж байна. [Time.mn]     

2. Алга болсон охины авга ах хүүхэд хүчирхийлэхийг завдсан хэргээр шалгагдаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн ажлын барилга угсралтын ажилтай газар дээр нь явж танилцлаа. Тэрбээр энэ ажлынхаа хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд байрлах Бага нарангийн оршин суугч иргэн Т.Ганбаатарын цахилгаан халаагуураар гэрийнхээ халаалтаа шийдвэрлэсэн байдлыг үзлээ.Одоогоор нийслэлийн гэр хороололд 220 мянган айл өрх амьдарч байна. Тэдгээрээс 20 мянга орчим нь цахилгаан халаагуур хэрэглэж, гэр бүлийнхээ халаалтын асуудлыг шийджээ. [Time.mn] 

3. 15 иргэнд орон сууцны түлхүүр гардуулав

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас энэ сарын эхэнд 15 иргэн сангийн шаардлагыг хангаж орон сууцны түлхүүрээ гардан авч байсан бол өнөөдөр 18 иргэн орон сууцныхаа түлхүүрээ гардан авлаа. Өнөөдрийн байдлаар сангаас 53 иргэн дэмжлэг авч орон сууцаар хангагдаад байгаа юм. Дэмжлэг авахыг хүссэн иргэдийн тоо ч өдөр ирэх бүр нэмэгдэж байгааг албаныхан онцолж байлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх сан” нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулж байгаа нь энэ юм. [Ulaanbaatar.mn]   

4. “The Voice” шоу ирэх сарын 22-ноос үзэгдэд хүрнэ

“Монгол HD” телевизийн уран бүтээлчид дэлхийн шилдэг нэвтрүүлгийн нэг  “The Voice” шоуг албан ёсны эрхтэйгээр эх орондоо анх удаа зохион байгуулахаар болсон. Тэгвэл “The Voice of Mongolia” шоуны эхний дугаар ирэх сарын 22-нд үзэгчдийн хүртээл болох гэнэ. Шоуны шүүгчээр Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Ононбат, гавьяат жүжигчин Д.Отгонбаяр, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр нар ажиллахаар болсныг зарласан. Тус шоу нь сонсох шат,  халз тулаан,  хагас шигшээ амьд тоглолт,  финал буюу эцсийн шалгаруулалт гэсэн үе шаттай явагдах юм байна. Дашрамд дурдахад, Голланд улсаас гаралтай 'The Voice' шоу нь анх 2010 онд зохиогдож өдгөө дэлхийн 62 улсад албан ёсны эрхтэйгээр хийгдээд байна. [News.mn] 

5. Д.Сумъяа 2017 оны "Шилдгийн шилдэг тамирчин"-аар тодорлоо

"Оны шилдгийн шилдэг тамирчин" шалгаруулах "Бөртэ чоно-2017" ёслол Мираж ресторанд болж, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа улиран одож буй 2017 оны "Шилдгийн шилдэг тамирчин"-аар тодорлоо. 15 дахь жилдээ болж буй "Бөртэ чоно-2017"-г Монголын спортын сэтгүүлчдийн холбооны 106 гишүүний нууц санал асуулгаар шилдгүүдийг тодруулсан байна. [Gogo.mn]  

6. CNN: Трампын нэр хүнд 35 хувьд хүрч буурав

CNN агентлаг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын албан тушаалдаа орсноос хойш эхний жилийн хугацаанд нэр хүнд нь ямар түвшинд байгааг санал асуулгаар тодорхойлжээ. Судалгааны дүнгээр Трампын нэр хүнд 35 хувьтай гарсан байна. Энэ нь тус улсын Ерөнхийлөгч нарын түүхэнд албан тушаалаа хүлээн авснаас хойш эхний жилдээ үзүүлсэн хамгийн сөрөг амжилт болжээ. Жилийн өмнө Трампын нэр хүнд 45 хувьтай байсан аж. [Time.mn]

7. Шатрын ДАШТ-ийн бэлгэ тэмдгийг их мастерууд шүүмжилж байна

Ирэх онд Их Британийн нийслэл Лондон хотод болох шатрын ДАШТ-ий бэлгэ тэмдгийг хүмүүс, тухайлбал шатрын их мастерууд ихээхэн шүүмжилж байна. Учир нь хоёр хүн “Кама сутра”-гийн байрлалаар сууж байгаа юм шиг зургийг 2018 оны шатрын ДАШТ-ийг зохион байгуулагчид уг тэмцээний бэлгэ тэмдгээр сонгосон аж. Дэлхийн шатрын холбоонд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг Их Британийн их мастер Найжел Шорт  ярихдаа “Ирэх оны ДАШТ-ийг зохион байгуулагчид шатрын ертөнцийг “сексийн талбар” болгох гээд байна уу? Хараал ид! Хүмүүсийн элэг доог болж гүйцэх нь ээ” гэжээ. [Montsame.mn]

8. 16,500 ам.долларын үнэтэй бөгж хайж 13 тонн хог ухжээ

Хятадын нэгэн эмэгтэй 16,500 ам.долларын үнэтэй бөгжийг нь 13 тонн хогон дундаас хайж олж өгсөн хог хаягдлын менежментийн компанийн ажилчдад талархаад барахгүй байгаа гэнэ. Бүсгүй 110,000 юань буюу ойролцоогоор 16,500 ам.долларын үнэтэй бөгжөө гэрээ цэвэрлэж байхдаа санамсаргүй хогийн сав руу хаячихжээ.  Гэвч бөгжөө хайгаад олоогүй бүсгүй цагийг нь олж орон нутгийнхаа хог цэвэрлэгээний хэлтэс рүү утсаар ярьжээ. Түүнийг очиход хог ачиж явахад бэлэн болсон байжээ. [News.mn]  

9. Цөмийн туршилтын хонгилыг байгуулсан хүнийг Хойд Солонгост цаазалсан тухай мэдээлжээ

Цөмийн туршилтын газар доорх хонгилыг байгуулах ажлыг удирдсан албан хаагчийг Хойд Солонгосын эрх баригчид цаазалсан байж магадгүйг Японы Асахи Шимбун сонин өчигдөр мэдээлжээ. Цаазалсан шалтгаан нь тус улсын Пунгири дэх байгууламжийн бүтээн байгуулалт удааширсан болон туршилтын үеэр нурсантай холбоотой гэнэ. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр Пёньяны зургаа дахь цөмийн туршилтыг уг нь өнгөрсөн хавар гүйцэтгэх төлөвлөгөөтэй байсан аж. Гэвч хонгилын бүтээн байгуулалт саатсаны улмаас хойшилж, өнгөрсөн есдүгээр сард туршсан юм. [ikon.mn]

10. Роналду хүүхдүүдэд эмнэлэг барьж өгөхөөр болжээ

"Реал Мадрид" багийн од Криштиану Роналду Чили улсын нийслэл Сантьяго хотноо хүүхдийн цогцолбор эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн байна. Тэрбээр уг төслийг өөрийн найз, Италийн бизнесмэн Алессандро Прототой хамтран эхлүүлсэн бөгөөд уг эмнэлэг 2020 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн гэнэ. Тэдний хэрэгжүүлж буй төсөл үүгээр зогсохгүй бөгөөд Роналду, Прото нар хөлбөмбөгийн хүүхдийн акедеми, хорт хавдрын эсрэг сан байгуулах зэрэг ажлуудыг өрнүүлэх аж. [Wikimon.mn]