Яаралтай тусламжийн тасагт 120 минут хүлээж хүүхдээ эмчид үзүүлэв

ХЭН ЮУ ХЭЛЭВ / Time Admin
2017 оны 12 сарын 21

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ЯМАР БАЙХЫГ ШУУРХАЙ ГЭХ ВЭ?

Гүн нойрондоо автан байтал гэнэт хүү маань хүчтэй бачууран ханиалгасаар босож ирэв. Гэрлээ асаагаад хартал амьсгал нь олширч, бачуурал өгөн хяхатнан амьсгалж эхлэв. Энэ шинж бол агаарын бохирдлын нөлөөгөөр сэдэрдэг вирусын гаралтай амьсгалын дээд замын цочмог үрэвсэл, цочмог ларингитын сонгодог шинж юм. Эхнэр бид хоёр ч сандралдан гэрийн эмийн сангаас сальбутамол аэрозолоор амьсгалуулах зуураа түргэнрүү залгав. Түргэн ч утсаа шуурхай авах нь тэр. Тэд зөвлөв. Хэрвээ боломжтой бол харьяа Сонгинохайрхан дүүргийнхээ хүүхдийн түргэнрүү өөрсдөө яаралтай яваад очвол илүү хурдан гэв. Хүүгээ хурдан хувцаслаад хүүхдийн түргэн дээр ирэхэд 15 минут зарцуулжээ.

Сандралдсаар Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн түргэн яаралтай тусламж дээр ирэв. Гүйж ороод бачуурал өгөөд байгаагаа хэллээ. Жижүүр эмч байхгүй байсан тул сувилагч биеийн жинг нь үзээд дексаметазон тарьж өглөө. Бачуурал намдлаа. Амьсгал саадтай хэвээр. Эмчдээ үзүүлэхээр хүлээсээр. 30 минут өнгөрлөө. Эмчээ хүлээсээр. Өглөөний 06:30 болж яаралтай тусламжийн тасагт ирж эмчээ хүлээсээр даруй 1 цаг өнгөрчээ. Анх ирэхэд хүүхдээ үзүүлэхээр хүлээж байсан хоёр ээж байсан бол тэр өрөөнд надтай нийлээд 5 эцэг эх хүүхдүүдтэйгээ нийлээд 10-уулаа болцгоожээ. Бид олуулаа болсоор, эмчээ хүлээсээр л...

Гадаа үүдэнд хүлээж байгаа нэлээд хэдэн эцэг эх байлаа. Төд удалгүй гаднаас нэг эмэгтэй орж ирээд эмч нь ирэх болоогүй юу 2, 3 цаг хүлээлээ шдээ хэмээн уцаарлангуй хэллээ. Өрөөнд байсан асрагч эмэгтэй битгий ингэж худлаа ярь хэмээн хариуг нь барив. Хажуунаас нь сувилагч эхний хүн 04:30-д ирсэн гэв. Цагаа харлаа 06:40. Би ч дотроо бодлоо яаралтай тусламж авах гэж энд байгаа хүмүүс ирцгээсэн шүү дээ. Намайг ирэхэд байсан эмэгтэйгээс та хэдэд ирсэн бэ гэхэд 4 өнгөрөөд 5 болох гэж байсан гэв. Ингээд бодохоор би цаг гаран бусад нь 2 цаг хүлээж байгаа нь тодорхой болов.

Сувилагчаас нь эмч нь ирэх болоогүй гэж асуулаа. Сувилагч ч учирлан хэлэв. Хоёр эмч байгаагаас нэг нь сэхээн амьдруулах тасагт үзлэгтэй байгаа нөгөө эмч маань дээр тасагт хүнд хүүхдүүдээ үзэж байгаа гэлээ. Төд удалгүй эмч орж ирээд хүүхдүүдээ үзэж эхлэв. Оочир дарааллаараа хүүхдээ үзүүлж байтал өглөө бүр дуугардаг 07:00 цагийн утсан дээрх сэрүүлэг маань эгшилэв. Яаралтай тусламжийн тасагт гүйн орж ирснээс хойш 1 цаг 30 минутын дараа хүүгээ жижүүр эмчид үзүүллээ.

Өөрт тохиолдсон энэ явдлаар эмчийг буруутгах гэсэнгүй ээ. Өвлийн улирлын энэ цаг үед хүүхдийн эмнэлгийн ачаалал маш ихэсдэг. Эмч нь гэсэн дээр ор байхгүй коридорт хүүхдүүд хэвтэж байгаа ачаалал ихтэй байгаа гэдгээ хэлсэн юм.

Яаралтай тусламжийн тасагт хандаж ирээд 90-120 минту хүлээн байж эмчид хандаж байна гэдэг бол тухайн эмнэлгийн менежментийн асуудал. Эмнэлгийн удирдах албан тушаалтнууд сайн менежер байх учиртай. Сайн менежер хязгаарлагдмал нөөцийг хязгааргүй эрэлт хэрэгцээнд хүртээмжтэйгээр зохион байгуулахад оршино. Цаг үеийн нөхцөл байдалд тохируулан эмнэлгийн удирдлага яагаад жижүүр эмчийн хүрэлцээгээ хүртээмжтэйгээр зохион байгуулж чадахгүй байна вэ? Асуудал болгоод хэлэхээр урдаас хэлдэг амны хэдэн уншлага бий. Төсөв хүрэлцээгүй, ачаалал хүрэлцэхгүй байна гэж удирлагууд хэлцгээнэ. Асуудлаа шийдэж чадахгүй бол үхсэнээ хийцгээн даргын суудал дээр шигдэцгээнэ вэ! Эмнэлгийн удирдлага сайн эмч бус сайн менежер байх учиртай. Харин эмчилгээ эрхэлсэн орлогч дарга сайн эмч, мэргэжилтэн байх учиртай. Менежмент муугаас болж галын шугам дээр ажиллаж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдын ажлын ачаалал маш их байна шүү дээ. Үүнээс болж эмч иргэд хоёрын хооронд үл ойлголцол гарч нийгэмд эмч нарын нэр хүнд унаж байна.

Суудалдаа шигдсэн дарга нараа менежментийн сургалтанд хамрагд! Өөрсдийгөө хөгжүүл! Шалтаг тоочихоо боль!

2017.12.21 08:30
Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэг, яаралтай тусламжийн тасгийн дэргэдэх ажиглалтын өрөөнд хүүгийнхээ биеийн байдлын ажиглан хүлээх зуураа бичлээ. Б.Баярбямба