Моод дагахаасаа илүүтэй “Би хэн бэ” гэдэгт тулгуурлаж хувцаслах хэрэгтэй

Нийтлэл / Нийслэл guide
2017 оны 12 сарын 20

Шинэ жил хаяанд ирлээ. Энэ л үед эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүгд шинэ жилийн гоёлынхоо тухай бодож эхэлдэг. Гэтэл оны төгсгөлд хийж дуусгах ёстой ажлууд бидний өмнө овоорсон байдаг. Тиймээс та дэлгүүр хэсэхдээ цагаа хэмнэхийн тулд стилист Г.Нинжбадгарын зөвлөгөөд анхаарлаа хандуулна уу.

ХУВЦАСЛАЛТДАА ГАРГАДАГ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН НИЙТЛЭГ АЛДАА 

Ус цаг уур, амьдарч байгаа байршил, орчин нөхцөл, идэж буй хоол хүнс, удам ген гээд маш олон хүчин зүйлээс шалтгаалаад монгол эрчүүдийн биеийн галбир дэлхийн дийлэнх эрчүүдийнхээс өөр. Товчхондоо, европ стандартын өргөн чээжтэй хэрнээ богино мөчтэй, дунд зэргийн нуруутай, бадриун, хүрэн бор арьстай хүмүүс юм. Хувцсыг хүмүүс хэрэглээ, гангараа гээд олон талаас нь хүлээж авдаг. Бүр огт ач холбогдол өгдөггүй хүн ч бий. Тэгэхээр, нэн түрүүнд өөрийнхөө хэн бэ гэдгийг, биеийн өндөр, арьсны өнгө, биеийн өөтэй болон онцлох хэсгээ тодорхойлох хэрэгтэй. Хувцаслалт дээр гардаг хоёр төрлийн алдаа бий. Массовый буюу үлгэр гаргаад олноор үйлдвэрлэсэн хувцаснаас худалдаж аваад өмсөх үед өөрт нь таараагүй байх тохиолдол бий. Харин tailor man буюу хувцас захиалгаар үйлчлүүлсэн хүмүүст алдаа ажиглагддаггүй. Дэлхий нийтийн жишгээс, ялангуяа Азийн орнуудын иргэдээс манай залуус илүү ганган, дэгжин. Нэг авууштай тал нь стандартад нийцүүлж гангалж чаддаг хүмүүс шүү.

ОРЧИН ЦАГТ КОСТЬЮМ ЭРЧҮҮДИЙН ДУНД ҮНЭТ ЭДЛЭЛ БОЛЖ ХУВИРЧ БАЙНА...

Орчин үед suit гэж нэрлээд байгаа энэ хувцас бол маш “маягтай” хувцас юм. Өмсөхөд тээртэй, оёход ч ажиллагаатай. Костьюм нь цэргийн дүрэмт хувцаснаас үүсэлтэй учраас өмссөн байхад сүр жавхлантай, дэгжин, бардам харагддаг. Орчин цагт энэ хувцас эрчүүдийн дунд үнэт эдлэл болж хувирч байна. Костьюмны сүүлийнгурван жилийн чиг хандлага бариу жадгар, тод өнгөтэй байсан бол энэ жилээс 1970, 1980-аад оны загвар руу эргэж байна. Тодруулбал, сул нэвсгэр буюу бага зэргийн томдсон пиджак, өндөр суудалтай өргөн брюкин өмд өмсөж эхлэх гэж байна.

Хувцаслалт гэдэг өөрөө том соёл. Бусдад хэн болж харагдах вэ, зах зээл дээр өөрийгөө хэрхэн борлуулах вэ гэдэг маш чухал. Үүний 99 хувьд нөлөөлөх хамгийн том зэвсэг бол хувцаслалт юм. Дэлхийн алдартай тэрбумтан “Хэн нэгэнтэй ярилцаад, оюун ухааныг нь шүүгээд зогсож байх цаг хугацаа надад байхгүй. Би өмссөн хувцсаар нь амьдралд, нийгэмд, өөртөө яаж ханддагийг нь шуудхан дүгнэчихдэг” гэж хэлсэн байдаг. 

ДЕТАЛЬ ХЭСГҮҮДЭЭР ХОСЛОЛОО ЧИМЖ, БУСДААС ЯЛГАРАХ БОЛОМЖУУД

Моод, чиг хандлага, соёл гэхээсээ илүү “Би хэн бэ” гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Яаж харагдахыг хүсч байгаа, ямар салбарын, ямар ажил мэргэжилтэйгээс хамаараад хувцаслалтын соёл, имиж гарч ирнэ. Эмх цэгцтэй, илүү зүйлгүй, тодорхой байвал аятайхан. Зарим тохиолдолд зангиа ч илүү санагддаг юм. Харин энгэрийн алчуур заавал байх ёстой. Энэ бол эр хүний зайлшгүй авч явах ёстой зүйл.

ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ШҮҮГЭЭНД ЗААВАЛ БАЙХ ХОСЛОЛ... 

“Таны шүүгээнд хар хөх өнгийн костьюм заавал байх хэрэгтэй” гэж би эрчүүдэд зөвлөдөг. Ер нь бол брюки сольж өмсөөд байхад л өөр хослол шиг харагддаг юм. Хар хөх өнгийн костьюмийг цайвар саарал өнгийн брюкитэй хослуулж, улаан хүрэн зангиа зүүсэн байхад дипломат арга хэмжээн дээр хэн ч таныг өөлөхгүй. Доогуур нь жийнс, кэд өмсөөд шоунд явахад “Өө, энэ буруу хувцаслачихаж” гэж хэн ч хэлэхгүй, зуны улиралд цагаан өнгийн сорочик, брюк, гуталтай хослуулан өмсөж явахад дэгжин харагдана гэхчлэн хар хөх өнгийн костьюм 4-5 өөр өнгө төрхөд хувирах чадвартай.

ШИНЭ ЖИЛИЙН СОДОН, ШИНЭЛЭГ ГОЁЛ 

Эрчүүд ч гэсэн шинэлэг, залуу, дур булаам харагдах хэрэгтэй. Тиймээс би мэргэжлийн хүнд хандахыг л зөвлөдөг. Хувцас загварын бизнес, маркетинг “Хүмүүс эсрэг хүйсийнхээ хүнд зориулж гангалдаг” гэсэн философи дээр тулгуурладаг юм билээ. Дэлхийн алдартай брэндүүд ч гэсэн адил. Жишээ нь, үнэртэй усыг бараг эсрэг хүйстнийх нь тааламжид нийцүүлж үйлдвэрлэдэг гэхэд болно. Тэгэхээр, хэрэв та мэргэжлийн хүнд хандах боломжгүй бол эсрэг хүйсийн хүн таны зөвлөгч байх болно. 

Нийтлэлийг: Б.Болортуяа
Эх сурвалж: "НийслэлGuide" №67/ 2017 12 дугаар сар