UPS компани “Tesla”-гийн 125 цахилгаан ачааны машиныг худалдаж авна

Технологи / Time Admin
2017 оны 12 сарын 20

Бараа хүргэлт, тээвэрлэлтийн үйлчилгээний UPS компани “Tesla”-гийн 125 цахилгаан ачааны машиныг худалдаж авахаа мэдэгдлээ. Тус компани хагас ачааны ангиллын автомашинуудыг нь худалдаж авах аж. Саяхан “Pepsi” компани “Tesla”-гаас 100 ачааны автомашин худалдан авах захиалга өгчээ.

“Tesla” компани өнгөрсөн сард ачааны автомашинуудаа танилцуулсан бөгөөд эдгээр нь нэг удаагийн цэнэглэлтээр 800 гаруй км зам туулах чадвартай юм.

UPS компанийн Мэдээлэл, инженерийн газрын дарга Хуан Перез “Эдгээр цахилгаан автомашиныг ашигласнаар байгаль орчинд ээлтэй байхаас гадна компанийн ашиглалтын зардал багасна гэж бид үзэж байна” гэжээ.

“Tesla”-гийн ачааны автомашинууд 150000, 200000 ам.долларын үнэтэйгээ 2020 оноос албан ёсоор худалдаанд гарах юм.

Германы автомашин үйлдвэрлэгч “Daimler” компани Европт анх удаа цахилгаан хөдөлгүүртэй ачааны автомашинаа танилцуулсан. Саяхнаас DHL, “DB Schenker”, “Rhenus”, “Dachser” компани тээвэрлэлтийн компани уг “Daimler”-ын цахилгаан ачааны автомашиныг ашиглаж эхэлсэн юм. UPS компани мөн тус компаниас цахилгаан автомашин худалдан авах захиалга өгчээ.