Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 12 дугаар сарын 22, 2017

TIME 5 МЭДЭЭ / Time Admin
2017 оны 12 сарын 22

1. Гашуунсухайт орчимд үүссэн нүүрсний тээврийн урт дараалал арилсан гэв 

Тавантолгойн ордод олборлолт хийж байгаа “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, орон нутгийн өмчит “Тавантолгой” компаниуд өчигдрөөс эхлэн нүүрсээ ачиж эхэллээ. Өөрөөр хэлбэл Гашуунсухайт боомтын орчимд үүссэн нүүрсний тээврийн урт дараалал бүрэн арилсан гэж Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх зам 240 км урт үргэлжилдэг. Харин Ганцмодны боомтоор нэвтрүүлэх тээврийн хэрэгслийг цөөрүүлсний дараа буюу наймдугаар сарын сүүлчээр ачаалал хамгийн их буюу 171 км урт цуваа үүсээд байсан юм. 12 дугаар сарын 20-ны байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компани 8.4 сая тонн нүүрс экспортлоод байна. [Bloombergtv.mn.mn]    

2. Он гарсаар Хөвсгөл аймагт 3 магнитудаас дээш 9 удаа газар хөдөлсөн байна

Хөвсгөл аймагт он гарсаар  3 магнитудаас дээш 9 удаа газар хөдөлсөн байна. Хамгийн хүчтэй буюу 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт 9 дүгээр сарын 21-нд Баянзүрх, 4 дүгээр сарын 1-нд Цагааннуур сумын нутагт тус тус болсон байна. Ихэвчлэн Дархадын хотгор буюу Улаан-Уул 1,  Цагааннуур 6, Баянзүрх суманд нэг удаа газар хөдлөлт болжээ. Гэхдээ  айл байдаггүй, газруудад ихэвчлэн газар хөдлөлт болсон тул ямар нэгэн зүйл мэдрэгдээгүй хохирол учраагүй гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хөвсгөл аймгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ. [Montsame.mn]   

3. Land Cruiser 200 машиныг алслагдсан гэр хороололд ашиглаж эхэлжээ

Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр хөдөө орон нутагт томилолтоор ажилладаг туулах чадвар сайтай Toyota Land Cruiser 200 маркийн хоёр автомашиныг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийслэлийн гэр хорооллын алслагдсан хороодод гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд ажиллуулж эхэлсэн юм. Мөн Улаанбаатар хотод үүрэг гүйцэтгэж байгаа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн 68, Замын цагдаагийн албаны 48 нийт 116 хөдөлгөөнт эргүүлийн автомашинд шатахууны нэмэгдлийг 2017-12-20-оос эхлэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын /хуучин нэрээр/ 2011 оны 224 дүгээр тушаалын хавсралтын 1-д заасныг баримтлан 25 хувиар нэмэгдүүлжээ. [Gogo.mn]  

4. Харүмафүжигийн хэргээс болж Хакүхо, Какүрюү нарыг 60-90 сая төгрөгөөр торгоно

Мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүнагийн зөвлөлийн хурал өчигдөр буюу 12 дугаар сарын 20-нд болж өнгөрлөө. Токио хотын Кокүгикан ордонд болсон уг хурлаар аварга Харүмафүжи, Таканоива нарын асуудлаар холбогдох хүмүүст шийтгэл оноосон билээ. "Аварга Хакүхо М.Даваажаргалын 1.5 сарын цалингийн торгууль ногдуулахаар болжээ. Мөн Аварга Какүрюү М.Анандыг ч сарын цалингаар нь торгохоор шийдсэн байна. Сумогийн Ёкозүна буюу аварга цолтны сарын цалин ойролцоогоор 2 820 000 иен байдаг аж. Энэ нь 60 сая төгрөгтэй тэнцэх юм. Тэгэхээр Хакүхогийн нийт торгууль 90 сая төгрөг, Какүрюү 60 сая төгрөгийн торгуулийн төлөх ажээ. [Eagle.mn] 

5. Гадаадад бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон долоон эмэгтэйг авчирчээ

Хүн худалдаалах гэмт хэрэг нь олон хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд манай улсад бэлгийн мөлжлөгийн хэлбэр зонхилдог байна. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба 2017 онд гудамж талбай, саун массажны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан 50 холбогдогчтой 40 хэргийг илрүүлэн ажилласан байна. Эдгээр хэргүүдийн ес нь гадаад улсад үйлдэгдсэн байна. Хэргийн улмаас нийт 130 эмэгтэй бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон бөгөөд тэдний 80 хувь нь 19-39 насныхан, 20 хувь нь 16-18 насныхан аж. Түүнчлэн гадаад улсад бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон долоон эмэгтэй байсныг Гадаад харилцааны яамны Консулын газар, Интерполын төв товчоотой хамтран эх оронд нь авчирчээ. [Time.mn]

6. Трамп: Биднээс мөнгө авдаг байж бидний эсрэг бодолтой байгаа нь харамсалтай

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иерусалимыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан, эсэргүүцэж буй улс орнуудад санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэхээс татгалзана гэжээ. Трамп “Биднээс олон зуун сая, хэдэн арван тэрбум ам.доллар авчихаад дараа нь бидний эсрэг санал бодолтой байгаа нь харамсалтай. Тэгвэл бид ч гэсэн тэдний эсрэг санал бодолтой байж, их хэмжээний мөнгөө хэмнэх болно. Би энэ алхмаас санаа зовохгүй байна” гэжээ. [Time.mn]

7. 2017 онд байгалийн гамшгий улмаас 306 тэрбум ам.долларын хохирол учирчээ

2017 онд дэлхий дахинд байгалийн гамшгийн улмаас 306 тэрбум ам.долларын хохирол учирсан гэсэн тооцоог Швейцарийн давхар даатгалын компани гаргасан тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 63 хувиар өссөн бөгөөд сүүлийн 10 жилийн дунджаас хамаагүй их хохирол учирсан үзүүлэлт аж. 2017 онд Карибын тэнгисийн бүс нутаг болон АНУ-ын өмнөд нутгийг хэд хэдэн удаа хүчтэй хар салхи дайран өнгөрч, Калифорни муж улсад томоохон түймэр дэгдсэн билээ. [Montsame.mn]

8. Хойд Солонгосын дахин нэг цэрэг “Цэрэггүй бүс”-ээр нэвтэрчээ

Хоёр Солонгосын цэрэггүй бүсээр лхагва гаригийн өглөө орон нутгийн цагаар 08:00  цагт Хойд Солонгосын бас нэгэн цэрэг өмнөд рүү гарчээ. Манан буусныг ашиглан цэрэггүй бүсээр нэвтэрсэн Хойд Солонгосын цэргийг өмнөдийн тал ямар зорилгоор хил нэвтэрснийг мөрдөн шалгаж байгаа аж. Хойд Солонгосын харуулын цэргүүд хил зөрчигч рүү гал нээгээгүй гэх мэдээлэл байна. Он гарснаас хойш Хойд Солонгосоос дөрвөн цэрэг Өмнөд рүү оргосны хоёр нь цэрэггүй бүсээр нэвтэрсэн байна. [News.mn]

9. ОХУ пуужингийн довтолгоог эрт мэдээлэх радарыг Монголын хилийн ойролцоо ажиллуулж эхэлжээ

Пуужингийн довтолгоог эрт мэдээлэх радарын гурван шинэ системийг ОХУ өөрийн зүүн өмнөд хил дагуу байрлуулан ажиллуулж эхэлсэн байна. Хойд Солонгосын хэрэгжүүлсэн пуужингийн цуврал туршилтын улмаас ийм арга хэмжээ авсан гэж ажиглагчид дүгнэжээ. Хамгийн сүүлийн үеийн зэвсэг болох Воронеж пуужингийн довтолгоог эрт мэдээлэх системийг Красноярск, Алтай, Оренбургийн бүс нутагт байрлуулсныг тус улсын батлан хамгаалах яамны “Красная Звезда” сонинд өчигдөр буюу Лхагва гарагт мэдээлсэн юм. Эдгээрийн байрлал нь бүгд Казахстан, Монголын хил дагуу боловч хамрах хүрээ нь 6,000 км-ийн радиустай тул Солонгосын хойг, Оросын алс дорнодыг бүхэлд нь хянах ажээ. [ikon.mn]

10. “Uber”-ийн үйл ажиллагааны чиглэлийг тээврийн компани болгов

Европын Холбооны Дээд шүүх унаа дуудах үйлчилгээ үзүүлэгч “Uber” компанийн үйл ажиллагааны чиглэлийг тээврийн компани болгон өөрчиллөө. Барселон отын такси үйлчилгээ үзүүлэгчдийн холбоо “Uber”-ийг Барселон хотод үйлчилгээгээ нэвтрүүлэхийг эсэргүүцэж, тус компанийн жолооч нарыг зөвшөөрөл авах шаардлагатай гэж үзэн гомдол гаргаад байсан юм. Үүнтэй холбоотойгоор Люксембургт төвтэй Европын шүүх энэ шийдвэрээ гаргасан гэж тайлбарлажээ. [Bloombergtv.mn]