Вашингтоны камеруудыг ажиллагаагүй болгосон хакеруудыг шүүж эхэллээ

Time / Time Admin
2017 оны 12 сарын 22

АНУ-ын нийслэл Вашингтон хотын гудамжны хяналтын дийлэнх камерыг ажиллагаагүй болгосон Румын улсын иргэдийн шүүх ажиллагаа явагдаж эхэлжээ.

Михаи Александру Исванка, Эвелин Кисмару нар энэ оны хоёрдугаар сард Вашингтон хотын цагдаагийн хяналтын 187 камерын 123-г нь ажиллагаагүй болгосонд буруутгагдаад байгаа юм. Эдгээр камерыг зөвхөн цагдаа нар ашигладаг байна.

Хакерчид цагдаагийн хяналтад байдаг камеруудыг хэрхэн ажиллагаагүй болгосон тухайгаа тайлбарлахдаа “Гудамжны камеруудтай холбоотой ажилладаг компьютерын сүлжээ байхад л хангалттай байсан” гэжээ.

Тэд АНУ-д ирээд 10 ч хоноогүй байхдаа Вашингтоны камеруудыг хакердсан байна. Энэ нь Доналд Трамп тангараг өргөснөөс хойш хэсэг хугацааны дараа болсон явдал тул хэвлэлүүдийн анхаарлыг ихэд татжээ.

Хакерчид гэмт хэргээ зориудаар зохион байгуулалттайгаар үйлдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Харин эсрэгээрээ цагдагийн хяналтанд байдаг гудамжны камерууд хакерчдын хялбархан нэвтэрч зугаацдаг эд болж байгаад албаныхан сэтгэл дундуур байна гэж CNN мэдээлжээ.