Б.Аригун: Би өөрийнхөө дуу хоолойг секси гэж боддоггүй

TIME TO TALK / Э. Сайнзаяа
2017 оны 12 сарын 22

Янаг хоолой, бариу хувцастай цаг агаарын хөтлөгч бүсгүй гэвэл хэний ч нүдэнд Б.Аригун төсөөлөгдөх нь дамжиггүй. “Time to talk” энэ удаад эрч хүч, хүсэл тэмүүллээр дүүрэн Б.Аригуныг онцлон ярилцлаа.

Ярилцлагаа таныг телевизийн салбартай амьдралаа холбосон үеэс эхэлье.

Телевизийн салбартай амь амьдрал, мөрөөдөл жигүүрээ холбоод зургаан жил болжээ. “Seven” телевизээс анх ажлын гараагаа эхэлж байлаа. Ердөө нэгдүгээр курст байхдаа анх дадлага хийх зорилготой ороод удаагүй байхад телевизийнхэн маань намайг үндсэн ажилтнаар ажиллуулах санал тавьж ажилчин ангид нэгдэж байлаа. Закадрын хоолойны өнгө, бичлэгийн хэлбэр, ажлын арга барил нь удирдлагуудад таалагдсан болохоор ажилд орох боломж олдсон. Телевиздээ гадаад  мэдээний сэтгүүлч, орчуулагч, эвлүүлэг, монтаж хийж, бүр найруулагч хүртэл хийж үзсэн. Мэдээний албаа хэсэг хугацаанд хариуцаж ажиллаж байлаа. Хар багаасаа мөрөөдөж,  дурлаж, хайрлаж байсан телевизийн амьдрал амар хялбар байгаагүй ч яг л миний байх ёстой газар гэдгийг мэдрүүлсэн. Сурахын хажуугаар ажиллана, олон зүйлийг зэрэгцүүлж амжуулна, зохицуулна. Харин 2015 оны эхээр карьертаа өөрчлөлт хийж дараагийн шинэ алхамд шилжих зорилго тавин олон жил тогтвортой үр дүн үзүүлэх боломжтой, өсөх хандлагатай телевизийг сонгон хөтлөгчөөр ажиллахаар шийдсэн. Шийдвэр гаргаснаас ердөө хоёр хонгийн дараа  “Боловсрол” телевизийг сонгож 100 гаруй залуустай зэрэг проб өгч дөрвүүлээ тэнцээд ажилд орсон цаг саяхан мэт. Миний зорилго мөрөөдлийн салшгүй хэсэг бол хөтлөгчийн карьер мөн. Дахин давтагдашгүй, хэн нэгнийг дуурайгаагүй, шинэ өөр дүр төрх байхыг хүссэн. Байх гэж хичээж явна.

Харин хүн эхлэх цэгээ тодорхойлж чаддаг хэрнээ хаана ямар үр дүн үзүүлээд дуусах вэ  гэдгээ тодорхойлдоггүй юм байна гэдгийг анзаарсан. Өөрөөр хэлбэл би эхэлж чадсан хэрнээ ямар үр дүнд сэтгэл ханах вэ, яаж өдөр бүр өсөж сайжрах вэ, миний дуу хоолой,  үзэл бодол хаана шингэх учиртай вэ гэдгийг  сүүлийн жилд илүүтэй анхаарч төлөвлөгөөгөө гаргаж байна. Аливаа зүйлийн гадаад өнгө, "шинж чанар" бус дотоод агуулга суурь "мөн чанар" ыг ирэлхийлж түүнийг таньж мэдэхэд суралцах болсон.

Анхнаасаа цаг агаарын мэдээний хөтлөгчөөр орсон юмуу ?

Анх өглөө хөтөлбөрийн хөтлөгчөөр шалгуулж орж байлаа. Манай удирдлагууд ч, би ч тэр цаг агаар миний нэрийн хуудас болчих нь гэж төсөөлөөгүй. Аль аль талдаа гэнэтийн зүйл болсон. Одоо бол хамт олныхоо итгэлийг дааж хариуцлагатай нэвтрүүлгүүдийг хөтлөх боломж олгодогт талархадаг.

“Кино үзэх цаг”, “Яг түүн шиг” шоуны  1, 2 дугаар улирлын шууд эфир, “Next top model”-ын финалын шат, “Aкадеми авардс”, “Синима авардс” гээд бүгд миний хувьд өөрийгөө дайчлах сорилт байсан. Намайг өөрийгөө олоход минь тусалсан телевиздээ,  хамт олондоо би хайртай. Өдөр бүр л хүн бүрээс нь суралцдаг. Шоу нэвтрүүлгийнхээ арын албанд ажиллах бүртээ skill чадвараа хөгжүүлдэг. Сэтгүүлчээр ажиллаад маш олон хүмүүстэй учирсан. Олон сайхан хүмүүсийн энергиэр тэтгэгдэж, залуу насаа  үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа гэж өөрийгөө бяцхан урамшуулдаг.

Та задгай, секси хувцаслах дуртай юу. Эсвэл эфирээр гарах таны имиж юм уу?

Би тачаангуй, секси хувцаслаж янаг дуу хоолойгоор  үзэгчдээс хандалт авна гэж төсөөлж явсан удаагүй ээ. Учир юу вэ гэвэл  миний өөрийн өгөгдөл нөгөөх мөн чанар нь тачаангуй, секси, эрчүүдийн дур хүслийг татах тэмүүлэлтэй хүн огтоос биш. Энэ бол эфирийн "дүр", цаг агаарын хөтөлбөрийн контентийн хэлбэр шинж байсан. Анх хамтдаа эхэлж байсан манай охид ч адил дүр төрхийг бүрдүүлж байлаа.  Түүнээс биш чи л ингэж хувцаслаарай  гэж фокуслаагүй. Мөн би өөрийнхөө дуу хоолойг секси гэж огт бодож байгаагүй юм байна лээ. Сайн сонсоод үзвэл суурь хоолойны маань өнгө их суучихсан бүдүүн талдаа. Харин миний баримталдаг зүйл юу вэ гэхээр тухайн хүний дотоод мөн чанар нь хэр гүнзгий вэ, чухам юунд үнэ цэн өгдөг вэ гэдгээс шалтгаалж амжилт тодорхойлогдоно гэж боддог. Өнгөц шинж чанар, гоо сайхан төрх, том хөх өгзөг, үс гэзэг ач холбогдол өгөх үнэт зүйлс биш. Би хүчирхэг эмэгтэйчүүдийн түүх тэдний алдаанаас суралцах дуртай. Бүхий л манлайлагч эмэгтэйчүүдийг холбодог нэг зүйл бол тэдэнд амин сүнс гэж бий. Одоо цагт мөнгө нь л байвал гадна үзэмжээрээ гоё сайхан болох шиг амар хялбар зүйл байхаа больсон шүү дээ. Гэтэл хэдий гоё сайхан ч өөрийн дархлаагүй, үнэ цэнгүй, үзэл бодлын төлөвшлөө тодорхойлоогүй хүмүүс л гоо үзэсгэлэнгээ гутаадаг. Эр эм ялгаагүй. Би зүгээр л гоё ганган хүүхэн байсан бол “Боловсрол” телевиз надад тайзан дээр гарах эрх олгохгүй. Энэ бүгдэд тэмцэл байсан. Өөрөө өөртэйгөө тэмцэлдэнэ, хүчилнэ, шүүмжилнэ, дайчилна. Би их сонирхолтой амьдралыг туулж явна.

Бид чинь харснаараа л шуудхан дүгнэчих гээд байдаг талтай шүү бас...

Эр эм ялгалгүй  тэр хүнийг төрөлхийн сонирхол өгөгдлөөр нь бид хүлээж авахад суралцах ёстой. Одоо цагт шүүмжлэл, шүүлт хамгийн утгагүй зүйл. Хүн нүцгэлэхийг хүсч байвал нүцгэлж болно.  Толгой нүүрээ хааж алчуураар ороохыг хүсэж ч  болно. Мөн биеийн бүхий л хэсгээ шивээсээр хучсан ч болно. Тэр чинь тухайн хүний сонголт нь, шийдвэр нь юм шүүдээ. Амьдралаас хэрхэн таашаал мэдрэмжээ авах арга барилаа бид хэн нэгнээр заалгалгүйгээр өөрсдөө олох нь дээр. Хүн өөрийнхөөрөө байгаагаа мэдрэх үед өөртөө итгэх итгэлийн хувь нэмэгдэнэ. Түүгээр  дамжуулж боломжийг атгана, зоригтой зорилготой болно. Тоглоомын дүрэм их амархан. Ямарч үед өөртөө үнэнч байхыг л сонгоорой.

Толинд харж зогсохдоо сэтгэл ханамжтай байх ч бас сайхан шүү. Гоо сайхандаа хэр цаг зарцуулж байна?

Би гоо сайханд ороод л хумс хуруугаа янзлаад л  тийм зүйлд нэг их анхаарал хандуулдаггүй. Магадгүй залуу байгаа болохоор тэр байх. Мэдээж ажлын шаардлагаар тэр дундаа энэ 12 дугаар сард ажилтай минь шууд холбогддог учир зайлшгүй тохиолдолд чанартайг нь сонгож үйлчлүүлнэ. Гэхдээ үүнээс илүүтэй хүнтэй сайхан ярилцахдаа би цаг зарцуулах дуртай. Ярилцах маш амттай, гайхамшигтай таашаал мэдрэмж. Надад өөрийн гэсэн ертөнц, үзэл бодолтой хүмүүс гүн сэтгэгдэл төрүүлдэг. Тэд л гоо сайхан харагддаг.

Найз залуугүй гэхээр арай үгүй байлгүй дээ гэж бодогдох юм. Эсвэл та нуугаад байна уу?

Найз залуугүй байгаа шалтгаан юу вэ гэвэл миний хувийн үнэлэмжинд нийцэх хүн одоогоор амьдралд минь гарч ирээгүй байна. Яагаад  үнэ цэнийн тухай яриад байгаа вэ гэхээр үүнээс чинь л нандин харилцаа үүсдэг. Дурлах татагдах, үнсэлцэх, бэлгийн харьцаанд орох чинь маш нандин харилцаа. Дахин давтагдашгүй мэдрэмж байх ёстой гэж боддог учраас би өөрийгөө нандигнадаг.

Дурлаж байсан биздээ?

Би найзуудтайгаа хайр дурлалын талаар ярилцаж зөвлөлддөг. Найзууд маань миний зөвлөгөөг авахаараа сэтгэлзүйчтэй уулзсан мэт мэдрэмж авдаг гэдэг.  Гэхдээ яг өөрийн тухайд гэвэл миний дурласан хүн надад дурлаагүй. Мөн надад дурласан хүнд би татагддаггүй. Хэн хэндээ дурлан татагдсан үргэлжилсэн харилцаа байгаагүй.

Ганцаардах мэдрэмж төрдөг үү. Дурлалгүй бол уйтгартай гэдэг дээ...

Ганц бие хүн болгонд ганцаардал мэдрэгддэг байх аа. Мэдээж ганцаардах үе бий. Гэхдээ ганцаардлаа гээд хүссэн, таалагдсан болгонтойгоо эсвэл наашаа гэсэн болгонтой харилцаа үүсгэж болохгүй. Олон жил хүлээсэн юм чинь дахиад ч олон жил хүлээж чадна. Энэ хүн л миний хүн мөн гэж бодох хүртлээ ганцаараа явна. Эмэгтэй хүн ганцаардаж сурсан байх ёстой. Харин энэ хугацааг өөрийгөө хөгжүүлж үр дүнтэй өнгөрүүлэх нь чухал. Миний хувьд хүүхэд байхдаа ном бага уншсанаа ойлгож, түүнийгээ нөхөж сүүлийн хоёр жил номонд хорхойсон дурлаж байна даа. Ном унших тусам хүний толгой задардаг. Ер нь номонд дурлаж чаддаг хүн азтай. Ном уншихгүй удчихаар нэг юм дутуу хийчихсэн юм шиг мэдрэмж төрнө.

Гэр бүлийнхээ талаар яриач. Би таны аавыг зураач хүн байдаг гэж сонссон.

Тийм ээ. Миний аав зураач. Өвөө маань Ардын зураач Ц.Доржпалам гэж хүн байдаг. Аав ээж гэр бүлээ ярьвал тэд маань их эрх чөлөөтэй, чөлөөт сэтгэлгээтэй хүмүүс. Гэр бүл маань үргэлж надад эрх чөлөө олгож, миний дуу хоолойг сонсгодог. Ээж маань над руу хүчтэй ширүүн дуугарч ч үзээгүй. Уян зөөлөн, мэдрэмжтэй миний үлгэр дуурайл болох хүн. Ээжийнхээ хувцаслах мэдрэмжийг би лав барахгүй. Дандаа л этгээд өөр дүр төрхийг бүрдүүлэхийг санал болгодог.  Надад тэг ингэ гэж зааж зааварлаж байгаагүй.Харин санал болгож чаддаг. Шийдвэрийг өөрөөр минь гаргуулна. Харин эгчийнхээ тухай ярихад миний шарыг их хөдөлгөдөг байсан. Намайг сул дорой, өөртөө итгэлгүй байхад хэзээ ч миний дүү мундаг гэж хэлж байгаагүй. “Чи иймхэн юм чадахгүй байгаа юм уу” гэх мэтээр хурцална. Сэтгэлзүйг 360 градус эргүүлэх чадалтай. Аав бол надаас нууцаар надаар бахархана. Илүү дутуу үггүй тийм л хүн.

Ил задгай хувцаслалаа гээд хүмүүсийн анхаарлыг татахад аав ээж нь зэмлэж байв уу?

Манай ээж санаа нь зовдог болохоос “боль” гэж зэмлэж байгаагүй. Миний охиныг муулсан байна гээд их гуниглана. Ээждээ хэлдэг ганцхан үг маань “Охин нь энэ замыг  тойрох биш дайрах л байсан. Энэнээс илүү шүүмжлэлд би өртөнө. Миний хүсч тэмүүлж буй зүйл илүү чухал. Сэтгэлээ бэлд” гэж хэлдэг. Харин ч ийм зүйл тулгарахгүй бол гунигтай.

Залуу охид бүсгүйчүүд бид юун дээр алддаг юм бол?

Эмэгтэй хүний хамгийн том дайсан бол эмэгтэй хүн байх нь олонтаа. Нэгнээ дэмждэггүй. Эрчүүдтэйгээ  өрсөлдөх гэж тэмцэж байхад  эмэгтэйчүүдийн хандлага том дарамт байдгийг Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” номонд тодорхой өгүүлсэн байдаг. Эрчүүдийг төрөлхийн манлайлагч хэмээн мэхийн ёсолж харин өөртэй нь адил  эмэгтэй хүн удирдах гэхээр цухалддаг зантай. Тэгэхээр эмэгтэй хүн манлайллын түвшинд очиход хоёр өрсөлдөгчтэй тэмцэх хүлээн зөвшөөрүүлэх шаардлага гарч ирнэ. Алсын хараагаа бодвол эмэгтэй хүнийг салбар бүрт эмэгтэй хүн л хамгийн сайн ойлгож дэмжиж тэднийхээ төлөө шийдвэр гаргана шүү дээ. Нөгөө талаар эмэгтэйчүүд манлайллын түвшинд эрчүүдээс доогуур байдаг шалтгаан бол өөртөө итгэлгүй байдал. Эрчүүд бүрэн дүүрэн итгэлгүй байсан ч гараа өргөж чадна. Харин бид эргэлзсээр хоцордог. Түрүүнд нь гараа өргөж, боломжийг ашиглах хэрэгтэй. Алдсан ч оносон ч туршлага болоод л үлдэнэ. Гол нь бусдын шүүлтэнд өөрийгөө хайрцаглаж болохгүй биз дээ. Өөрийнхөө үнэ цэнийг тогтоо гэж би өөртөө хэлдэг. Өнөөдөр миний хөх гарсан байсан ч, би дотуур хувцасгүй байсан ч хамаагүй. Бусдын шүүлт нэн тэргүүний зүйл биш. Өөртөө л итгэлтэй, үнэнч байхыг эрмэлздэг.

Таны зорилго юу вэ?

Би баян айлын хүүхэд биш. Өөрийгөө бүтээж яваа л хүн. Намайг юу хүлээж байгааг мэдхгүй ч олон хүний зүрхэнд, тархинд хүчтэй дуу хоолой байх ёстойгоо л мэдэж байна.

Өдөр тутмын амьдрал чинь хэрхэн өрнөдөг вэ?

Би өдөр бүр нэг зүйл шинээр сурч бас хийхийг хүсдэг. Тийм мэдрэмж авчихсан үедээ энэ өдрийг маш үр бүтээлтэй өнгөрөөлөө гэж боддог. Хааяа өөртөө амралт өгнө. Заавал хийнэ, дуусгана гэсэн ажлаа хэдэн өдөр нойргүй хоноод ч болов хийдэг. Би фитнесст явдаггүй. Хоолны дэглэм барих дургүй. Хоолонд их дуртай. Харин амттанд дургүй. Ер нь ямар нэг зүйлд хорио тавих дургүй. Ганцаараа аялах надад таалагддаг. Ганцаараа алхах, кино үзэх гэдэг ч юмуу. Надад тухтай байдаг юм.

Удахгүй шинэ он гарлаа. Сэтгэлд үлдсэн сайхан дурсамжаасаа хуваалцаач.

Жилийн хамгийн гоё үе нь 12-р сар. Амьдрал чинь ийм амттай билүү гэж бодогдохоор үе. Зул сарын баяраар гэрийнхэндээ алим ч хамаагүй ороогоод гацуурныхаа доор баантаглаж тавьдаг байлаа. Бэлэг солилцдог уламжлал маань хэвээр.

Гялгар гялтгар гоёл чимэглэлд дуртай юу?

Хэн нэгнийг даган дуурайх дургүй. Өнөөдөр өмссөн байгаа хүрмээ би өөрөө загварыг нь гаргаад ээжтэйгээ хамт оёсон. Автагдаагүй өөр зүйлд дуртай. Этгээд зүйлд дурлана. Хүмүүс энгийн байхад би гоё ганган сүр бараатай даашинз өмсөөд титэм зүүгээд явж чадна. Хүмүүс чамин тансаг байхад би өмд өмсөөд пүүзтэй ч явж мэднэ.

Өөртөө хэр их мөнгө зарцуулж байна?

Хэрэглээ чинь их байж болно. Орлого чинь бага байх ёсгүй гэдэг шиг би олсныхоо хэрээр мөнгө үрэх дуртай. Өөрөөсөө мөнгө харамлдаггүй ээ. Заримдаа өөрийгөө хүссэнээрээ эрхлүүлдэг.

Тэр хэмжээгээрээ олно биз?

Би бие даасан хүн. Ажил хийгээд олон жил болж байна. Ямар нэгэн спонсороос мөнгө авахгүй. Ивээн тэтгэгч надад байхгүй. Миний хэрэглээг зохицуулчих надад найз залуу байхгүй. Аав ээжээсээ мөнгө авахыг хүсдэггүй. Би бүх зүйлээ өөрөө зохицуулдаг. Хувь хүний санхүүгийн хараат бус байдал эмэгтэйчүүдийг хүчирхэг байлгах зэвсэг болдог гэж боддог.

Та цуглуулгатай юу?

Уйдамхай талдаа болохоор надад цуглуулга байхгүй ээ. Цуглуулж байгаад л уйдчихна. Эд зүйлд тийм ч их ач холбогдол өгөхгүй.

Тэгвэл их хувцастай байх аа?

Хүмүүс тэгж бодоод байдаг юм. Надад тийм их хувцас байхгүй. Этгээд, өвөрмөц загвартай онцгой загваруудаар шүүгээгээ дүүргэхийг эрмэлздэг.

Танд ямар эр хүн таалагддаг вэ?

Тэр болгон эрчүүдээс харагддаггүй нэг чанар байдаг юм. Хэлсэн амандаа хүрдэг тийм зан чанар. Тийм л эр хүн үнэ цэнтэй. Хайрлана гэсэн бол хайрладаг, инээлгэнэ гэсэн бол инээлгэдэг байх хэрэгтэй. Хань ижил маань надаас илүү хүчирхэг, ганхашгүй байр суурьтай байх нь чухал. Сул дорой ,үзэл бодол нь ганхсан хүнтэй хамт байна гэж төсөөлөгдөхгүй юм.

Ярилцсанд баярлалаа.