Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 12 дугаар сарын 26, 2017

TIME 5 МЭДЭЭ / Time Admin
2017 оны 12 сарын 26

1. Төрийн дээд албаны гурван хүн АТГ-т шалгагдаж байна

Авилгатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 1288 гомдол ирсний 640-ийг хүлээн авч, хэрэг бүртгэл нээн ажилласан байна. Авилга, албан тушаалын хэрэгт 625 албан тушаалтан шалгагдсаны төрийн өндөр дээд албан тушаалтан гурав, улс төрийн албан тушаалтан 83, төрийн тусгай алба хаагч 201, төрийн захиргааны албан хаагч 115, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан 105, хувийн хэвшлийн удирдах албан тушаалтан 47 хүн шалгагджээ. 2017 онд авилга, албан тушаалын хэргийн улмаас нийт 69.5 тэрбум төгрөгийн хохирол учирсаны 3.4 тэрбум төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн бол  29.3 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. [Time.mn]

2. Монгол Улс энэ онд 26.8 мянган тонн мах экспортоллоо

Энэ оны сүүлийн мах экспортын ачилт болох 2872 тонн махыг ОХУ болон БНХАУ-д нийлүүллээ. ОХУ-д үхрийн мах, БНХАУ-д адууны мах экспортолжээ. Ингэснээр энэ оны махны экспортын нийт дүн 26.8 мянган тоннд хүрч байгаа юм. Үнийн дүнгээр авч үзвэл 111 тэрбум төгрөгийн мах экспортолсон байна. Шүлхийн тархалт их байсан гэж үзсэн БНХАУ зөвхөн адууны мах авахаар болсон аж. Ингэснээр БНХАУ хонь, үхрийн махны оронд адууны мах авч эхэлсэн нь экспортын хэмжээг өнгөрсөн оныхоос гурав дахин нэмэгдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл энэ онд нийт 24 мянган тонн адууны мах экспортолсноос 18 мянган тонныг нь БНХАУ-д нийлүүлжээ. [Bloombergtv.mn]

3. Тээвэр зуучийн эрхийг хахуулиар олгосноос нүүрс тээвэрлэлтэд зохиомол дараалал үүсгэжээ

Зам тээвэр, хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтнууд олон улсын ачаа тээврийн тусгай зөвшөөрлийг танил тал, хахуулиар олон тоогоор олгосны улмаас Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэлтэд зохиомол дараалал үүсгэжээ. Энэ хэргийн улмаас Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Б-д 2017 оны наймдугаар сарын 4-ний өдөр эрүүгийн хэрэг нээсэн байна. Яллагдагч Д.Б нь нэр бүхий компанид олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгохын тулд албаны эрх мэдлээ ашиглан, удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэмт хэргийг илрүүлэн, прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж бэлэн мөнгө илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авсан байна. [Gogo.mn]

4. Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллага бэлэн байдалд ажиллана

Шинэ жилийн баярын өдрүүдээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх орон нутаг болон нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн үзлэгийн кабинет болон томуу, томуу төст өвчний үед эмнэлгийн тусламж үзүүлэх байгууллагын утасны жагсаалтыг Эрүүл мэндийн яамнаас та бүхэнд хүргэж байна. Энэ сарын 29-нөөс ирэх оны нэгдүгээр сарын 02-ны хооронд дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Шүд эрүү нүүрний төв, дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор шүдний кабинет, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллана. [News.mn]

5. Монголын хөлбөмбөгчид чансаагаа 12-оор ахиулж чадлаа

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос өнгөрөсөн долоо хоногт 2017 оны хамгийн сүүлийн чансаагаар Монголын үндэсний шигшээ баг 187 дугаарт эрэмбэлэгджээ. Өмнөх чансаанд 199 дүгээрт бичигдэж байсан бол энэ удаа 12 байраар урагшилсан байна. Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг 2015 онд дэлхийн чансааны 205-д бичигдэж байсан бөгөөд хоёр жилийн дотор чансааг 187-д хүргээд байна. Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар Германы Майкл Вайсс ажиллаж байгаа юм. [Montsame.mn]

6. Пхеньян: НҮБ хориг арга хэмжээнийхээ төлөөсийг төлнө

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авсантай холбогдуулж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдэлд “АНУ тэргүүтэй улс орнууд манай улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцож, тусгаар тогтнолд заналхийлэл учруулж, Солонгосын хойгийн нөхцөл байдлыг дайны ирмэгт хүргэж байна. Үүний тулд бид цөмийн зэвсгээ сайжруулж, цөмийн хамгаалалтаа бэхжүүлэх болно. АНУ-ын эсрэг тэнцвэртэй байдлыг хангах ёстой. Тиймээс Вашингтоны талаас цөмийн аюул заналхийлэл, дайсагналаа зогсоох ёстой” гэжээ. Мөн тэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан хориг арга хэмжээг дэмжсэн улс орнуудыг дээрх шийдвэрийнхээ төлөөсийг төлнө гэв. [Time.mn]

7. “Биткойн”-ы ханш эрс унав

20 мянган ам.доллар хүртлээ өсөөд байсан "биткойн" хэмээх цахим валютын ханЙш 20 гаруй хувиар бууран 13030 ам.долларт хүрээд байгаа тухай ТАСС агентлаг мэдээллээ. 2010 онд 1 биткойн нь ердөө 1 ам.доллартой тэнцдэг байсан юм. Биткойн нь блокчейн зарчим дээр үндэслэсэн крипто валютын нэгэн төрөл бөгөөд гуравдагч талыг оролцуулахгүйгээр “p2p” системээр сүлжээнд гүйлгээ хийж болох цахим валют юм. [Montsame.mn]

8. Төрийн 2756 албан хаагчийг ажлаас нь халжээ

Турк улсад 2016 онд гарсан төрийн эргэлт хийх оролдлогын дараа улс орон даяар өргөн хүрээтэй баривчилгаа, мөрдөн байцаалтыг эхлүүлсэн юм.  Энэ хэрэг одоо ч дуусаагүй бөгөөд хэрэгтэй холбогдуулан тус улсын 2756 төрийн албан хаагчийг ажлаас нь халсан байна. Туркийн засгийн газрын тогтоолоор ажлаасаа халагдсан тэдгээр төрийн албан хаагчдын 637 нь цэргийн албан хаагч, 360 нь дотоодын цэргийн албан хаагч, 150 академич,  мөн тооны их сургуулийн багш байжээ. [News.mn]

9. Трампын батлуулсан татварын шинэ хууль өөрт нь $11 саяын ашиг өгөхөөр болжээ

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп татварын шинэ хуулиа Конгрессоор батлуулж чадсан нь түүний хувьд том амжилт байлаа. Шинэ хуулиар Трампын гэр бүл ч их хэмжээний мөнгө татвараас хэмнэхээр болж байгааг зарим судлаачид тооцож гаргажээ. Тухайлбал Трампын гэр бүлийн бизнес жил бүр $11 саяыг татварт төлөлгүй хэмнэх тооцоотой байгааг Форбс сэтгүүл саяхан мэдээлсэн юм. [ikon.mn]

10. Хилс хэрэгт гүтгэгдээд 30 жил шоронд суужээ

Нью-Йорк хотын оршин суугч нэгэн эрийг хилс хэрэгт гүтгэгдээд шоронд 30 жил суусных нь дараа эрх чөлөөтэй болгосон аж. Марк Денниг 1987 онд дээрэм, хүчингийн хэрэг хийсэнд буруутгажээ. Шоронд ороод түүний хувьд амьдрал нь жинхэнэ там болсон гэдгийг Денни өгүүлсэн аж. Шоронд хүчингийн хэрэгтнүүдэд маш аймшигтай ханддаг учраас Денни амиа егүүтгэхийг нэг бус удаа оролдож байсан гэнэ. Гэхдээ тэрбээр амьдралаа цоо шинээр эхлүүлэхээр зориг шулууджээ. [Wikimon.mn]