С.Батхишиг: Хүүхдээ гурван нас хүртэл нь ээжүүд өөрсдөө өсгөх хэрэгтэй

TIME TO TALK / Э. Сайнзаяа
2017 оны 12 сарын 26

 “Time to talk” ярилцлагын буланд Япон улсад “Хүүхдийн хөгжил, хөгжлийн бэрхшээл судлал”-аар боловсролын магистр хамгаалаад эх орондоо ирсэн С.Батхишигтэй хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудлаар цөөн хором ярилцлаа.

Нийгэм, гэр бүлийн асуудлаас болж өсвөр насныхан сэтгэл санааны хямралд өртөх нь ихэссэн тухай мэргэжлийн хүмүүс ярих болжээ. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

Бидний өссөн орчин байгальтай их ойр байжээ. Интернэт, утас гэх зүйлгүй бид байгальд тоглож, өсч торнисон. Аав ээждээ загнуулж, зодуулсан ч алдаагаа ойлгож хүлээж авдаг байлаа. Гэтэл одоо бид бага байхдаа яаж өссөн тэрэн шигээ хүүхдүүдээ хүмүүжүүлэх боломжгүй болсон байна. Яагаад гэвэл мэдээллийн эрин зуун, хөгжил гэдэг зүйлтэй холбоотой. Энэ үед хүүхдүүдтэйгээ яаж харилцах ёстойгоо мэдэхгүй учир бид шинээр суралцах хэрэгтэй. Уламжлалт маягаар хүүхдүүдтэйгээ харьцахаар л буруу болчихоод байгаа юм. Жишээ нь, бидний үеийнхэн бага байхдаа буруу үйлдэл хийчихээд аав ээжийг загнахаар айдаг, багшаасаа эмээдэг байсан. Одоо бол хүүхдээ загнавал хүүхэд маань гэмшиж ойлгож хүлээж авах боломжгүй болсон. Хүүхдийн хөгжлийн онцлогийг дэлхий нийт судласан байдаг. Боловсролын судалгаанууд харьцангуй сайжирсан. Хуучин эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ загнах, зодох аргыг хэрэглэж байсан. Одоо бол загнаж, зодож болохгүй. Гаднаас ирж буй мэдээллийг хүүхэдтэйгээ хэрхэн хамт суралцах вэ гэдгийг суралцахгүй байсаар асуудал үүсч байна. Эцэг эхчүүд би ингэж өссөн. Чи тэгж болохгүй гэсэн шаардлага тавьдаг. Ихэнх нь би чиний насан дээр хичээлээ хийгээд явж байсан гэх мэтээр хүүхдээ жишин ярих нь одоо үед тохиромжгүй. Энэ бол маш буруу үйлдэл юм.

Хичээл хийх дургүй, сурлага муутай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах ёстой юм бол?

Сурлага муутай хүүхдийг ч мөн адил дэлхий нийт судлачихаад байна. Нэгдүгээрт, суралцахуйн бэрхшээл гэж байдаг. Төрөлхийн унших, бичих, бодоход бэрхшээлтэй гэсэн үг. Бас эцэг эхчүүд хүүхдээ бага байхад нь маш их хайрлаж өсгөх хэрэгтэй. Өмнө нь бидний үед аав ээжүүд хүүхдээ хайрлаж чаддаг байсан. Зодож загнасан ч хайрладаг. Орчин үед хүүхдээ хүнээр харуулж, эсвэл бүр багаас нь цэцэрлэгээр хүмүүжүүлж байна. Ингэснээр эцэг эхийн хайр дутаж хүүхэд суралцаж чадахгүй, мэргэжлээ зөв сонгож чадахгүй, тэвчээргүй, биеэ авч явах чадвар муу байдаг. Ардчиллаас хойш хүүхдээ хэрхэн сургаж хүмүүжүүлэхээ анзааралгүй өсгөчихсөн. Бид үүн дээр алдаж байна. Би японд сурч төгссөн. Тэнд хүүхдийг цэцэрлэгт авдаггүй. Хүүхдийг ээж нь өсгөж, 24 цагийн турш хүүхдээ хайрлаж энхрийлж  өсгөснөөр хүүхэд маш зөв хүн болон төлөвшдөг. Хүүхдээ гурван нас хүртэл нь ээж элгэндээ нааж, тэвэрч, хайраа мэдрүүлж өсгөх нь чухал юм. Хорин жил бид ардчилалын ачаар сайн сайхан зүйлсийг үзэж, гадагшаа дотогшоо явж, эд зүйлсийг хангалттай хэрэглэлээ. Одоо хүүхдүүдээ анхаармаар байна. Хүүхэд ээжтэйгээ байх ёстой. Бид хүүхдэдээ “Битгий чихэр ав, томоотой суу, гараа угаа” гэж тушааснаа хүүхэд хүмүүжүүлэх гэж ярьдаг байсан. Хүмүүжүүлэх гэдэг чинь барих хайрцаглах гэсэн утгатай юм шиг. Одоо бол тэгж ярихгүй. Хүүхдийг хөгжүүлэх гэж ярина. Хөгжүүлэх гэдэгт өөрийнхөөр нь байлгах, хүүхдийн хиймээр байгаа үйлдлийг хийлгэх, тэгж байж хүүхэд өөрийн биеэр энэ нь зөв юм байна, энэ нь буруу юм байна гэдгийг ойлгоно.

Бидний амьдарч байгаа нийгэмд ээжүүд хүүхдээ 3 нас хүртэл гэртээ хараад сууна гэдэг хэцүү асуудал шүү дээ. Эдийн засгийн хувьд ч?

Тийм ээ, би ойлгож байна. Би ч бас хүүхдээ тэвэрч өсгөж чадаагүй. Гэхдээ хүүхдүүд ээжтэйгээ байх ёстой, ээжээсээ хайр хүсээд байна гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй. Хүүхдэдээ цаг гарга, амралтын өдрөөр хамт бай, орой ажил тараад гэртээ хариад бүх цагаа хүүхдэдээ зориул. Энэ бол боломжгүй зүйл биш.

Та яриандаа хүүхдийн насны онцлогийг судласан тухай дурдсан. Насных нь үечлэлээр онцлогийг нь хэлэх боломжтой юу?

Интернэтийн маш буруу ойлголтууд олон мянга түгсэн. Ээжүүд өөрсдийн сайн туршлагуудаа хоорондоо ярилцах нь буруу биш. Ээж нар хүүхдээ хамгийн сайн мэддэг. Гэхдээ хүүхдийн онцлогийг мэддэг байх хэрэгтэй. Амьдралын туршлагаа ярихаас илүү судлагааны үндсэн дээрх мэдлэг маш чухал байна. Ээжүүдийн шуугидаг хоёр насны синдром, гурван насны синдром гэж зүйл огт байдаггүй. Хүүхэд гурван нас хүртлээ бүх зүйлд “Би” төвтэй хандана. Энэ хорвоогийн бүх зүйл надруу төвлөрөх ёстой. Би авъя гэснээ авах ёстой, би дуртай юмаараа тоглох ёстой гэж боддог үе нь. Тэр үед нь яг тэрүүгээр нь байлгах ёстой байдаг. Харин үүнийг манайхан синдромтож байна гэж буруу ойлгодог. Энэ чинь синдромтох биш. Ер нь хүүхдийн хөгжлийн батлагдсан онолыг мэддэг байх хэрэгтэй.

Их яарсан үед ч юмуу хүүхэд “Би өөрөө”, “би, би...” гээд байх нь хэцүү санагддаг.

Тухайн айлын бүхэл бүтэн амьдралын хэв маягийн талаар яргих хэрэг гарна. Тийм учраас ээж нарыг хүүхдээ тайван өсгөөчээ гээд байгаа юм. Хүүхдийг өөрөөр нь хүссэн зүйлийг нь хийлгэ. Хүүхэд өөрөө сонголтоо хийнэ. Гутлаа өмсөж чадахгүй байвал “Ээжээ өмсүүлээд өгөөч” гэж хэлнэ. Хийлгэж үзэхгүйгээр ээжүүд “Чи чадахгүй, асгачихна” гэх үгсийг хүүхэддээ хайр найргүй хэлдэг. Хүүхэд “Би асгана, би өмсөж чадахгүй” гэдгээ мэддэггүй. Яагаад гэвэл тэдэнд хийсвэрлэх сэтгэлгээ суугаагүй байгаа. Хүүхдэд туршлага хэрэгтэй байдаг. Тийм болохоор хүүхэдтэй маш тайван ажиллах ёстой.

Зөрүүдлээд эхлэхээр нь тайван байх ч бас хэцүү шүү.

Зөрүүдлэх биш. Хүүхдийн хуваарь юм. Чи өөрийнхөө хуваарьт нийцүүлэх гээд тэрэнд нь “үгүй” гэхээр зөрүүдэллээ гэж бодож байгаа байхгүй юу. Бүх юм чиний тав тухтай байдлаа хангасан шийдвэр юм. Хүүхэд гурван нас хүртлээ өөрийнхөөрөө байх ёстой. Манайхан эсрэгээрээ дураараа болчих юм бишүү гэдэг. Хүүхэддээ маш зөв цаг заваа зарцуулж байхад хүүхэд ээжийнхээ үгэнд сайн ордог. Миний хүү хоёулаа шүдээ угаая гэхдээ сонирхлыг нь татах хэрэгтэй. Хүүхэдтэй айлуудад орохоор энд хүүхэд байдаг юмуу гэмээр цэвэр цэмцгэр байдаг. Тэр бол хүүхдэд биш өөрсдөдөө, томчуудад зориулсан л гэрийн жишээ. Хүүхдэд зориулсан гэр ямар чухал гэж санана. Хүүхдээ “Энийг буулгалаа, тэрийг буулгалаа. Наадхаа тавь, хураа” гэхээр хүүхэд нь “үгүй” гэдэг. Энийг нь л манай хүүхэд зөрүүд гээд байгаа юм. Хүүхэд аав ээжийнхээ тогтоосон цагийн хуваарьт баригдах ёсгүй. Цэцэрлэгийн багш нар хүртэл хүүхдүүдийг “суу, чимээгүй бай” гэж тушаадаг. Энэ бол маш буруу юм. Манайх боловсролын тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй байна.

Заримдаа хүүхэд уйлагнаад л яах нь мэдэгдэхгүй авир гаргадаг. Энэ үед хүүхдээ яаж тайвшруулах ёстой вэ?

Хүүхэд уйлагнана гэдэг бол ердөө л “Ээжээ надад хайр хэрэгтэй байна” гэсэн үг. Хүүхэд стресстэй байна гэж ойлго. Хүүхэд хашгираад өрөөгөөр гүйдэг. Бид “Чи дуугүй байгаач ээ” гэж загнадаг. Хүүхэд хашгирч стрессээ тайлдаг юм. Орилох үед нь зүгээр л орилуул. Цэцэрлэгт багш дууг нь хорьдог. Дураараа байж чаддаггүй. Тэр стрессээ гэртээ ирж тайлж байгаа юм.

Тоглоомоо тараагаад л гэрээ эмх цэгцгүй болгочихдог.

Өөрт нь нийцэхгүй байна ш дээ. Чөлөөтэй орилж, хашгирч, уйлж, тоглож стрессээ тайлмаар байгаа байхгүй юу. Гэхдээ хүүхэддээ юу болох болохгүйг ойлгуулж зөв үед нь магтаж сайшаах хэрэгтэй. Заримдаа манайхан бүх үед хүүхдээ үнсэж үлгэж, магтаж, хэл амаа хазаж эрхлүүлдэг. Хүүхдийнхээ насанд нь тааруулж харьцах арга барилд суралцах хэрэгтэй.

Гурван наснаас дээш насны хүүхдүүдийн онцлог ямар байдаг юм бэ?

Нас насандаа янз бүрийн онцлогтой. Мэргэжлийн хүрээнд яривал маш их зүйл байна. 0-3 нас бол хамгийн чухал нас. Эцэг эх нь ямар байлгаснаас шалтгаалаад насан туршид нь зан байдал нь төлөвшдөг. Бараг өөрчлөгдөх боломжгүй. 5-9 нас бол сургуульд ордог нас учир бодит байдлаар асуудалд хандахаас илүүтэй хийсвэрлэх сэтгэхүйрүү ордог үе. Есөн нас хүрээгүй хүүхдээ “Би ажил хийгээд ядарч байна. Чи яагаад намайг ойлгохгүй байгаа юм” гэж загнадаг. Хүүхэд үүнийг огт ойлгохгүй. 9-13 нас найз нөхдийн хүрээлэл тэлдэг үе. Найз нөхөдтэйгөө харилцаад баярлана, гомдоно, уйлна. Янз бүрийн асуудал үүсдэг. Энэ үеийн дараа шилжилтийн нас залгаж бүх зүйлийг үзэн ядаж эхэлдэг. Шоолуулаад эмзэг болно. Ээж аав үглэж байгаа мэт, багш загнаад байгаа нь төвөгтэй санагдаж эхэлдэг.

Шилжилтийн насны хүүхэдтэй яаж харилцах ёстой вэ?

Хүмүүсийн зөвлөгөөг харж байхад шилжилтийн насны хүүхэдтэйгээ сайн нээлттэй ярилц, сонс гээд байдаг. Энэ нь боломжгүй юм. Шилжилтийн насны хүүхдээс “Чи хэнтэй уулзсан бэ, хаагуур явсан бэ, алив юу тохиолдсоноо хэл” гэх нь зохимжгүй. Яагаад гэвэл шилжилтийн насанд ганцаараа баймаар санагддаг үе тохиодог. Тэр үед нь эцэг эхчүүд хүүхэддээ туслах, тэдэнтэй ойртох арга замд суралцах хэрэгтэй. Ганцааранг нь орхиж, тусламж хүссэн үед нь туслах их чухал байдаг. Хүүхэд шийдвэрийг өөрөө гаргах ёстой. Хүүхдийн сонголтыг эсэргүүцэх нь алдаа юм. Одоо хүүхдүүддээ ертөнцийг нээж өгмөөр байна. Хуучны сэтгэлгээгээр одоо байх ямарч боломж байхгүй. Өөрсдөө гоё хувцас өмсч, гоё газар хооллож хөгжөөд байгаа хэрнээ яагаад хүүхдүүдээ 60-70 оны боловсролын системээр хүмүүжүүлж, тэр үеийн аж байдлыг тэднээс шаардаад байгаа юм бэ. Хүүхдүүдийн боловсролын асуудлыг шинэчлэх хэрэгтэй. Бид тэр үедээ сайн боловсролтой байсан.

Сүүлийн үед гэр бүл салалт их байна. Магадгүй хүүхдийн сэтгэлзүйд асар их нөлөөлдөг болов уу?

Гэр бүлийн талаар ойлголт мэдлэг байхгүй гэр бүл болчихоод асуудал тулгарахаар аав ээжээсээ асуудаг. Өөр зөвлөх, ярилцах хүнгүй.  Аав ээж нь нөгөө л нэг уламжлалт 60-70 оныхоо би тэр үед ингэдэг тэгдэг байсан гэдэг юмаа л ярина. Тэгээд л салцгаадаг. Санхүүгийн боловсролгүй, баригдмал хаагдмал сэтгэхүй нь арилаагүй. Салалтаас үүдэж хүүхэд сэтгэл санаагаар маш их хохирно. Аав ээж өөрсдийнхөө үзэл хандлагаар хэн нэгэнтэйгээ уулзуулахгүй хорих нь хүүхдэд асар хүнд нөлөөлдөг. Яагаад “би эцэг гэдэг хүнтэйгээ уулзаж болохгүй юм” гээд л асуудал үүснэ. Хүүхдийг өөрсдөдөө тааруулдаг нэг жишээ бол энэ юм.

Элэг бүтэн амьдралтай байя гээд тэсч тэвчиж болох ч аз жаргалгүй гэр бүл байхыг үгүйсгэхгүй?

Уламжлалт сэтгэхүйгээсээ болоод л аз жаргалгүй нөхцөл байдлыг үүсгээд байгаа юм. Хосууд нэг нэгнээ хайрцаглаад, найз нөхөд хамт олон дунд нь байлгах сонирхолгүйгээгээсээ болоод муудалцдаг. Биеэ даасан бие хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрч хүндэтгэх хэрэгтэй. Анх суухад сайхан залуу байсан. Одоо муухай болчихсон гээд л... Юу нь муухай болччихсон юм бэ гэхээр ажил хийдэггүй, мөнгө олдоггүй, намайг тэжээж чадахгүй байна гээд байдаг. Харин анх гэрлэхдээ чи мөнгөтэй мөнгөгүй, өвчтэй өвчгүй хамаагүй хайртай би чамтай гэрлэнэ гэж гэрлэчихээд амьдралд хөл алдсан хүнд үед нь хаяж явж болохгүй. Яах аргагүй үзэл бодол нийлэхгүй салдаг. Яг тийм үед хэрэлдэж салах биш ярилцан шийдвэрээ гаргаад хүүхдүүдээ том болсны дараа тайлбарлах хэрэгтэй. Аавд /ээжид/ нь дургүй байлаа гээд хүүхэд аав /ээж/-даа дургүй болох албагүй.

Ярилцсанд баярлалаа.