Израилийн иргэд “Apple”-аас 125 сая ам.доллар нэхэмжиллээ

Технологи / Time Admin
2017 оны 12 сарын 26

Израилийн хоёр иргэн “Apple” компанийг зориудаар шинэ “iPhone” гар утасныхаа борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд шинэ үйлдлийн систем гаргаж, хуучин загварын утаснууддаа ачаалал нэмсэнд буруутгажээ.

Тэд өчигдөр Тель-Авивын шүүхэд гомдол гаргаж, АНУ-ын “Apple” компаниас 125 сая ам.доллар нэхэмжилсэн байна.

“Apple” компани өнгөрсөн арваннэгдүгээр сард шинэ үйлдлийн систем гаргасан юм. Гэвч энэ нь “iPhone”-ийн сүүлд гарсан 8, Х загваруудаас бусад хуучин загварт хэт их ачаалал өгч, удаан үйлдэл хийж, цэнэгийг нь хурдан хороох болсон. Энэ тухай анх олон нийтийн сүлжээнд хэрэглэгчид нотолсон баримтуудаа оруулсны дараа “Apple” компани алдаагаа хүлээн зөвшөөрсөн юм.

АНУ-ын хэд хэдэн хотод хэрэглэгчид  “Apple” компанид гомдолтой байгаагаа илэрхийлж, батерейгаа солиулах, үйлдлийн системээ шинэчлэхийг шаардаж байна.