Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 12 дугаар сарын 27, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 12 сарын 27

1. Нарантуул худалдааны төвд гал гарлаа

Нарантуул захын хойд хэсэгт байрлах цахилгаан барааны хэд хэдэн чингэлэгт өчигдөр томоохон хэмжээний гал гарлаа. Гал түймрийн талаарх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12.53 цагт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах 10, 14, 63 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнүүд ажиллаж, галыг 14.50 цагийн орчимд галыг унтраасан байна. Цахилгаан бараанууд өндөр үнэтэй байдаг тул хохирлын хэмжээ чамгүй дүнтэй гарах бололтой. Дашрамд дурдахад, 2013 оны наймдугаар сард тус захын хүнсний барааны хэсэгт,  2015 оны 10 дугаар сард нийтийн бие засах газарт гал гарч, ихээхэн хохирол амсаж байсан билээ. [News.mn] 

2. Монгол улс жилд дунджаар 8 сая ам.долларын амны хаалт импортолж байна

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр Монгол Улс жилд дунджаар найман сая ам.долларын амны хаалт импортолж байгаа тухай блүүмбэрг мэдээллээ. Сүүлийн жилүүдэд иргэд эрүүл мэндээ бодож амны хаалт хэрэглэх нь нэмэгдээд байгаа. Тэгвэл импортын амны хаалтыг дотоодын зах зээлд 1500 төгрөгөөс 160 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна. Тухайлбал, АНУ-ын "3М" амны хаалт 1500-15 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол "RZ" амны хаалт 95 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. Харин "Vog" брэндийн амны хаалт 69 мянган төгрөг, Японы "Totobobo" амны хаалт 82 мянган төгрөгөөр зах зээлд худалдаалагдаж байгаа юм. Дотоодын үйлдвэрлэгчдийн энэ төрлийн бүтээгдэхүүн 2500-5000 төгрөгийн үнэтэй байгаа ажээ. [Bloombergtv.mn]

3. 2018 онд 36 мянган хүүхдэд хатгааны эсрэг вакцин хийнэ

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт уушгины хатгааны эсрэг вакциныг үе шаттайгаар нэвтрүүлэхээр тусгасаны дагуу 2016 онд нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт, 2017 онд нийслэлийн Баянзүрх дүүрэгт хоёр хүртэлх насны 87.900 хүүхдийг дархлаажуулсан байна. Ирэх 2018 онд ХУД, БГД, ЧД, НД, БНД, БХД-ийн 36.000 хүүхдийг гурван тунгаар дархлаажуулах 110.000 хүн/тун вакцин, дагалдах хэрэгсэлд шаардагдах нэг тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган, Эрүүл мэндийн сайдын багцад оруулжээ. Тус вакцинаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын 2017 оны 249 дүгээр тушаалын дагуу нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хоёр сартай хүүхдийг эхний тунд, дөрвөн  сартайд нь хоёр дугаар тунд, есөн сартайд нь гурван дугаар тунд хамруулж, хоёр хүртлэх насны бүх хүүхдийг хоёр тунгаар дархлаажуулж байна. [Time.mn]

4. Хүүхдээ олон нийтийн газар дагуулж явахгүй байхыг зөвлөж байна

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил үе эхэлж, хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал 80 хувиас хэтрээд байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж байна. Жилийн жилд эцэг эхчүүдийн толгойны өвчин болдог ханиад, томуу, хатгалгаа энэ жил ч асуудал хэвээр байна. Нийслэлийн хэмжээнд нийт 517 хүүхдийн ор нэмэлтээр гаргасан бөгөөд хүүхдийн эмнэлгүүд нэмэлт ор гаргаж, насанд хүрэгчдийн зарим тасгаа ч хүүхдийн тасаг болгоод байгаа юм. Эмнэлгүүдийн үзлэгт дараалал үүсч, хоёр ээлжтэй болгосон ч ачаалал их хэвээр байгаа ажээ. Тиймээс агаарын бохирдол ихтэй, хүйтэн сэрүүний улиралд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахаас зайлсхийхийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. [Eagle.mn]

5. Харүмафүжигүй Хацү Башёгийн Банцүкэ гарлаа

Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр нэгдүгээр сард Токиод болох Хацү башёгийн банцүкэг гаргалаа. Хацү башё ирэх сарын 14-нд Кокүгикан ордонд явагдана. “Харүмафүжи, Таканоива” асуудлын улмаас ёкозүна Харүмафүжи зодог тайлснаар “4 ёкозүнагийн үе” жил хүрэлгүй дууслаа. Энэ хооронд аваргууд дөрвүүлээ нэгэн зэрэг тэмцээнд оролцсон удаа нэг ч гараагүй билээ. Харүмафүжи зодог тайлсан бол харин өнгөрсөн башёд зодоглоогүй хохирогч Таканоива маэгаширагийн 8-аас жюүрёогийн 3 хүртэл унасан байна. Шинэ банцүкэгээр озэки асан Тэрүнофүжи маэгаширагийн 10 хүртэл буусан бол Тамаваши 3 башёгийн дараа сэкивакэ цолоо эргүүлэн авчээ.  Энэ башёд Буур Жамьяан аваргын удам, Монгол Улсын харцага Г.Батбаярын хүү Б.Анхбаярын нэр анх удаагаа банцүкэд гарлаа. Тэр жонокүчигийн 18-аас барилдана. [Ub.life] 

6. Израилийн иргэд “Apple”-аас 125 сая ам.доллар нэхэмжиллээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авсантай холбогдуулж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдэлд “АНУ тэргүүтэй улс орнууд манай улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцож, тусгаар тогтнолд заналхийлэл учруулж, Солонгосын хойгийн нөхцөл байдлыг дайны ирмэгт хүргэж байна. Үүний тулд бид цөмийн зэвсгээ сайжруулж, цөмийн хамгаалалтаа бэхжүүлэх болно. АНУ-ын эсрэг тэнцвэртэй байдлыг хангах ёстой. Тиймээс Вашингтоны талаас цөмийн аюул заналхийлэл, дайсагналаа зогсоох ёстой” гэжээ. Мөн тэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан хориг арга хэмжээг дэмжсэн улс орнуудыг дээрх шийдвэрийнхээ төлөөсийг төлнө гэв. [Time.mn]

7. Умард Солонгос тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна

Умард Солонгос “Кванмёнсон-5” тагнуулын хиймэл дагуулыг тун удахгүй хөөргөхөөр бэлтгэж байгаа тухай өнөөдөр “Joonang Ilbo” сонин мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав. Эх сурвалжийн мэдээлснээр, "Кванмёнсон-5" гэгдэх тагнуулын хиймэл дагуулыг Умард Солонгос саяхан зохион бүтээж дууссан байна. Камер болон холбоо харилцааны төхөөрөмжөөр уг хиймэл дагуулыг тоногложээ. [Montsame.mn]

8. Иерусалимын статусыг 10 улс хүлээн зөвшөөрнө

Израилийн гадаад хэргийн дэд сайдын мэдэгдсэнээр АНУ,  Гватемалын жишээгээр дахин 10 улс Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрөх гэж буй гэнэ. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын ерөнхий ассамблейн хуралдаан дээр Иерусалимын статусын талаарх АНУ-ын шийдвэрийг эсэргүүцсэн тогтоолыг 128 орон дэмжиж, есөн улс эсэргүүцсэн. АНУ болон Израилаас гадна уг тогтоолыг эсэргүүцсэн долоон орны нэг нь төв Америкийн ядуу буурай Гватемал улс юм.  Бусад зургаан улс нь Гондурас, Маршаллын арлууд, Микронез, Науру, Палау болон Того ажээ. [News.mn]

9. Шанхай хот оршин суугчийнхаа тоог 25 саяар хязгаарлахаа зарлалаа

Хятадын санхүүгийн томоохон төв болох Шанхай хотын захиргаа “их хотын эмгэг”-т нэрвэгдэхгүйн тулд 2035 он гэхэд оршин суугчдынхаа тоог 25 саяас хэтрүүлэхгүй байхаар шийджээ. Хотын захиргаа Шанхай хотын 2017-2035 оны мастер төлөвлөгөөнд энэ тухай заасныг өчигдөр буюу Даваа гарагт вэбсайтдаа мэдээлсэн байна. “2035 оны байдлаар Шанхай хотын оршин суугч 25 саяар хязгаарлагдаж, барилга барих нийт талбайг 3,200км. кв-аас хэтрүүлэхгүй” гэж уг мэдээлэлд өгүүлжээ. [ikon.mn]

10. Цахилгааны төлбөрт 284 тэрбум долларын нэхэмжлэл иржээ

Америкийн Пенсильвани мужийн оршин суугч нэгэн эмэгтэйд цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр хэмээн нэхэмжлэх ирсэн аж. Түүнд бичсэнээр бол эмэгтэй цахилгаан түгээх компанид 284 тэрбум 460 сая долларын өглөгтэй болж таарсан гэнэ. Мэри Хороманский өөрийн фэйсбүүк хуудсанд бичсэнээр бол энэ тоо улсынх нь үндэсний өрнөөс ч давсан тоо гэнэ шүү. Тэрбээр сэтгүүлчдэд “Миний хоёр нүд аяганаасаа бүлтэрчих шахсан шүү” хэмээн ярьжээ. [Wikimon.mn]