ТОЙМ 2017: Нийгмийн онцлох үйл явдлууд

Нийгэм / Ц. Анхзул
2017 оны 12 сарын 27

Улиран өнгөрч буй 2017 онд нийгмийн салбарт өрнөсөн үйл явдлуудыг онцлон, тоймлон хүргэж байна. 

1. ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДҮҮД

Бага насны хүүхдийн хүчирхийлэл, нэн ялангуяа бэлгийн хүчирхийллийн хэргүүд өмнөх жилүүдээс олон гарлаа. Тухайлбал, СХД-ийн 26 дугаар хороонд оршин суух иргэн согтуурсан үедээ эхнэр, гурван хүүхдийнхээ амийг зэрлэгээр хөнөөгөөд, өөрийгөө хорлосон хэрэг тавдугаар сард гарав. Аав нь гэр бүлийнхнийгээ айлган дарамталж байхад 16 настай дагавар охин нь зугатан гарч цагдаагийн байгууллагад мэдээлснээр амь аврагдсан байдаг. Хэргийн талаар охиноос мэдүүлэг авах үед хойд эцэг нь охиныг сүүлийн  дөрвөн жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд байлгасан нь ил болсон билээ. Хэрэг үйлдэгч амиа хорлосон тул хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн дөрвөн хүний амийг хөнөөсөн хэрэг хэрэгсэхгүй болох юм. Мөн ээж нь самар түүхээр таван настай охиноо хойд эцэгт нь үлдээгээд явсанаас хоёр сарын дараа нөхөр нь охиныг хүчиндсэн хэрэг гарч, охин үртэй хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлэв. Хэрэг гурван сар орчим шалгагдсаны дараа хойд эцэг В-д 18 жилийн хорих ял оноосноор өндөрлөсөн. Харин охины “Өнөр бүл” асрамжийн газарт авчирсан бөгөөд эх нь охиноо өөр дээрээ авахыг хүссэн ч шүүх байгууллагаас татгалзсан хариу өгөөд байгаа билээ. Хэргийн талаарх сурвалжлагыг http://time.mn/n/lFA уншина уу.

Хөрш айлынхаа 13 настай охиныг хуурч зочид буудалд оруулаад хүчиндэн, зэрлэгээр зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг наймдугаар сард гарсан нь өдгөө ч шийдэгдээгүй байна. Хэргийн сэжигтнээр 19-20 насны гурван этгээдийг саатуулан шалгаж байгаа юм. Хохирогчийн цогцост хийсэн эмчийн дүгнэлтэд харагдах шүдгүй, хүзүү цээж хэсэгтээ урагдсан, охины биеэс эр бэлгийн эс илэрсэн гэх боловч шүүх эмнэлэг архины цочмог хордлогоос шалтгаалан амиа алдсан гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Мөн гурван настай охиноо төрсөн эцэг нь хүчиндсэн жигшүүрт хэрэг Төв аймагт гарлаа. Охин бэлгийн хүчирхийлэлд өртдөг байсан нь ээжийнх нь мэдээлснээр бус эмчийн үзлэгээр ил болсон нь олныг цочирдуулав. Гэхдээ охины ээж ч нөхрийнхөө дарамтад байсан гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Охиныг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн бөгөөд эцгийг нь цагдан хорьж мөрдөн шалгаж байгаа билээ. Хэргийн талаарх сурвалжлагыг http://time.mn/n/lHe уншина уу.

2. ОТГОНТЭНГЭР УУЛАНД АМИА АЛДСАН 17 УУЛЧИН

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авираад, буцах замдаа хавтангийн гулгаанд өртөн 17 уулчин харамсалтайгаар амиа алдсан осол өнгөрсөн аравдугаар сард гарсан. Уулчид 27-уулаа байсан бөгөөд амь аврагдсан хүмүүс Онцгой байдлын албанд хэл хүргэн, тусламж дуудсан байдаг. 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг гурав хоногийн турш уулчдыг эрэн хайж, цогцоснуудыг олон Улаанбаатарт тээвэрлэн ирсэн. Отгонтэнгэр хайрхан 4008 метр өндөртэй бөгөөд амиа алдсан уулчдын цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс олсон юм. Тэд 700 орчим метр өндөр хавцлаас шидэгдэн амиа алдсан болохыг тогтоосон билээ.  Ослын дараах уулчдын ярилцлагыг http://time.mn/n/lHZ уншина уу.

3. 29 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр тусгай сургуулийн багш нар хичээлээ дохионы хэлээр заадаггүй, зарим багш нар охидын биед хүрдэг,сурагчдыг хэл амаар доромжлон, дарамталдаг зэрэг асуудлуудыг сурагчид хөндөн жагсаал зохион байгуулав. Жагсаалыг төгсөх ангийн сурагч С.Алтансүх удирдсан бөгөөд цагдаагийн байгууллага түүнээс байцаалт авсан нь олны дургүйцлийг хүргэж, тэр хэрээр нийгэмд хүчтэй нөлөөлсөн юм. Жагсаалаас сар орчмын дараа нийслэлийн Засаг дарга захирамж гарган, сургуулийн захирал Б.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ч тэрбээр үндэслэлгүйгээр ажлаас халагдсан шалтгаанаар шүүхэд хандсан. Шүүх түүний гомдлыг хүлээн авч, захирлын албанд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасныг БСШУ-ны сайд Г.Чулуунбаатар гүйцэтгэв. Харин дараагийн сайд Ц.Цогзолмаа “Б.Батсайханыг ирэх нэгдүгээр сарын 1-ээс захирлын албанаас нь чөлөөлнө” хэмээн мэдээлээд байгаа билээ. Уг нь сурагчдын жагсаал захирлаа халж, солиход биш бүх хичээлээ дохионы хэлээр заалгахад чиглэгдсэн байв. Халаа сэлгээнээс гадна багш нарын дохионы хэлний чадварт ямар өөрчлөлт гарсныг бид сурвалжилж байснаа эргэн сануулж байна. Багш нарынхаа дохионы хэлний чадварт хэрхэн анхаарсан талаар http://time.mn/n/lFD уншина уу.

4. СУРАГГҮЙ БОЛООД БУЙ Д.СЭРЖМЯДАГ ОХИН

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг найман настай Д.Сэржмядаг охин 11 дүгээр сарын 2-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад өнөөдрийг болтол сураггүй байна. Эрлийн ажлыг ЦЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан баг зохион байгуулан ажиллаж байгаа ч баттай сураг гараагүй байгаа билээ. Хэрэгт холбогдуулан 140 орчим хүнээс мэдүүлэг аваад байгаа аж. Хүүхэд сураггүй болсон тохиолдол энэ онд хэд хэд бүртгэгдсэн бөгөөд Д.Сэржмядаг охиноос бусад нь эсэн мэнд олдсон байна. Тухайлбал, Шаргаморьт дахь зуслангийн хөрш айлын таван хүүхэд сураг болоод хоёр хоносны дараа Сэлэнгэ аймаг руу жимсэнд явсан байсныг цагдаа нар олсон, 13 настай охин БЗД дэх аавынхаа ажлаас гараад сураггүй болсон нь найзындаа тоглохоор очоод хоносон байсныг олсон билээ. Энэ мэт сураггүй болсон хүүхдүүд ихэвчлэн найз нөхдийнхөө гэр, PC тоглоомын газарт байдаг гэдгийг цагдаагийн алба хаагчид хэлдэг. Охины хэрэгтэй холбогдох сүүлийн мэдээг http://time.mn/n/m1r уншина уу.

5. ТҮЙМЭР

Хуурайшилт, хэт халуун, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн ой хээрийн түймэр гарах нь хавар, зуны улиралд элбэг. Өнгөрсөн долоодугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сумдад ихээхэн газар нутгийг хамарсан ой хээрийн түймэр гарсан.  Түймрийг унтраахаар ОБЕГ-ын алба хаагчид ажилласаны дээр 200 гаруй иргэд сайн дураар нэгдэн тусласан билээ. Түүнчлэн хоол хүнс, хувцас хэрэглэл, гал унтраах багажийн тусламжийг хувь хүн, албан байгууллагаас хандивлах сайн дурын аян өрнөсөн юм. Түймэр унтраахад гар бие оролцсон иргэдэд өдрийн 40 мянган төгрөгөөр тооцон урамшуулал олгох шийдвэрийг Засгийн газраас гарган, хэрэгжүүлсэн. Түүнчлэн нийслэлд “Говь” компанийн үйлдвэрийн байр, хөөсөнцрийн үйлдвэр шатсан тохиолдлууд гарав. Үндэсний үйлдвэрлэгч компанийн үйлдвэрийн байр галд өртсөний дараа иргэд, аж ахуйн нэгжүүд ч хандив тусламжаа өргөж эхэлсэн бөгөөд үйлдвэрийн зүгээс хандивын тусгай данс нээсэн билээ. ОБЕГ-ын алба хаагчид үйлдвэрийн барилгад гарсан галыг цаг алдалгүй унтраан, тоног төхөөрөмжийг галаас хамгаалж үлдсэн тул үйлдвэрийн удирдлагууд ОБЕГ-т 16 сая төгрөгийг хандивласан юм.

6. ИД ШИДИЙН ОРОН

Хүүхэд хамгаалал, хөгжлийн зориулалттай “Ид шидийн орон” төв есдүгээр сард нээлтээ хийв. Тус төвийг "Лантуун дохио" ТББ-ын санаачлага, гүйцэтгэлээр Баянхошуунд барьж байгуулсан бөгөөд нийт зардлыг хүүхдийн төлөө энэрэнгүй сэтгэлт олон түмний хандиваар босгосноороо онцлог юм.  200 метр квадрат талбайг хамарсан уг цогцолбор нь 50 хүүхэд тойрч суух саравч, өв соёл, уламжлалын зургаан ханатай гэр, тоглоомын талбай, усан оргилуур, агуулах, сургалтын танхим, номын сан, хөгжмийн өрөө, сагсан бөмбөгийн талбай, хүлэмж, бага оврын цэвэрлэх байгууламжаас бүрддэг. Тус төвийн тусгай зөвшөөрийг өдий болтол олгоогүй байгаа тул хамгаалал шаардсан хүүхдүүдийг байрлуулж эхлээгүй байгаа юм.

7. БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТ

Сарын цалингаа 1.6 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр нэгдсэн багш нарын хөдөлгөөн наймдугаар сараас эхлэв. Тэд есдүгээр сарын нэгнээс хичээл орохгүй хэмээн шаардлагаа УИХ, Засгийн газарт хүргүүлсэн ч таван сарын хугацаанд яригдан, эцэстээ бодит  үр дүнд хүрч чадсангүй. Тэдний шаардлага хоёр удаагийн ажил хаялтаар хүч авсан ч хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчсөн, хууль бус ажил хаялт гэх иргэдийн болон, салбарын удирдлагуудын няцаалт, хүсэлтсээр намжсан юм. Ингээд 2018 оноос цалинг үе шаттайгаар нэмэхийг судалж үзэх, 12 дугаар сард бүх төрийн албан хаагчид 300 мянган төгрөг олгох Засгийн газрын шийдвэр гарсан нь хэдхэн хоногийн өмнө хэрэгжээд байна. Багш нарын цалингаа нэмүүлэхийг шаардсан тэмцлийн хүч суларсан нь шаардлага боловсруулж, тэмцэл зохион байгуулж байсан багш нар үл ойлголцох болсонтой холбон тайлбарлах хүмүүс ч байна.

9. ЦЭРГИЙН ОСЛУУД

Эх орны батлан хамгаалах салбарт алба хааж буй цэргүүд амь насаа алдсан хэргүүд энэ онд цөөнгүй тохиолдлоо. Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангийн ээлжийн ахлагч харуулын цэргийг дэглэн, зодож, цементэн дээр хөл нүцгэн удаан зогсоосноос байлдагч Ж.Баярцогт хөлийнхөө есөн хурууг тайруулсан талаарх мэдээлэл дөрөвдүгээр сард цацагдав. Уг хэргээс үүдэн тус ангийн захирагчийг чөлөөлснөөр асуудал намжсан. Дараа нь дөрөвдүгээр сард Тавантолгойн цэргийн сургалтын төвд цэргүүдийн сургалтын үеэр цэнэгтэй гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг бэртсэн осол гарсан. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл үргэлжлэн шалгагдаж байна. Мөн Ховд аймгийн 123 дугаар цэргийн ангийн гурван алба хаагч хадлан бэлтгэж явахдаа Ховд голын усанд осолдон, амь насаа алдсан хэрэг ч өдгөө эцэслэн шийдэгдээгүй байна. Амиа алдсан цэргүүд Увс аймгийн Өндөрхангай, Өлгий сумын харьяат байсан бөгөөд усанд хөл алдсан нэгийгээ аврахаар ороод гурвуулаа осолдсон хэмээн хамт байсан цэргүүд мэдээлсэн байдаг.

9. ХОЁР НАСТНУУДЫН ЦАХИМ БҮРТГЭЛ

Энэ хичээлийн жилээс хоёр настнуудыг цэцэрлэгт элсүүлэхдээ цахимаар бүртгэн, цахим сугалаа явуулж эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд 2018 оны хичээлийн жилд 34 мянга гаруй хоёр настан цэцэрлэгт элсэхээр цахимаар бүртгүүлсэн ч цэцэрлэгийн хүртээмжээс хамааран 12 мянга нь л “азтай”-д тооцогдсон юм. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хүүхдээ бүртгүүлэхээр цэцэрлэгийн гадаа эцэг эхчүүдийн урт дараалал хонон өнжин үргэлжилдэг байсныг цахим бүртгэлийн аргаар шийдсэн бол цахим сугалаа нь танил тал, арын хаалганы гэх хардлагыг үгүй болгосон гэдгийг Нийслэлийн Боловсролын газрынхан онцолж байлаа.

10. АМИА ХОРЛОЛТ

Өсвөр насныхны дунд хийсэн амиа хорлолтын талаарх судалгаагаар 23 хувь нь сүүлийн 12 сард амиа хорлох талаар бодож байсан гэсэн дүнг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс танилцуулан эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэхийг зөвлөсөн. Гэвч энэ төрлийн харамсалтай хэргүүд өнгөрч буй 2017 онд цөөнгүй тохиолдоо. ХУД-т байрлах байрны ханан дээр “Нөхөрлөл мандтугай. Алт шиг гялалзахгүй ч ган шиг хатуу нөхөд энд байна” хэмээн бичээд 14 давхарын цонхоор 16 настай хоёр охин үсэрч, амиа хорлосон хэрэг дөрөвдүгээр сард гарсан. 

Мөн Эрдэнэт хотод ахлах ангийн хамаатны эгч дүүс охид есөн давхар байшингаас үсэрч буй бичлэг цацагдав. Тэднийг эмнэлэгт хүргэсэн ч нэг нь эмнэлэгийн тусламж авч чадалгүй амьсгал хураасан бол нөгөө нь тав хоног ухаангүй байсны дараа нас барсан. Түүнчлэн дөрвөн настай дагавар охиноо хөнөөсөн хэргээр 22 жилийн ял хүлээсэн Г.Маралмаа гэгчийг хүчиндсэн гэх хэргээр шалгагдаж байсан цагдаагийн алба хаагч гэрээсэл бичээд амиа хөнөөсөн, эцэг эхийнхээ хэрүүлийг тэвчихгүй долоон настай хүү өөрийгөө хөнөөсөн хэрэг хэргүүд олонд мэдээллэгдсэн билээ.