Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 12 дугаар сарын 28, 2017

Өнөөдрийн 10 / Time Admin
2017 оны 12 сарын 28

1. Монгол шүүхийн хараат бус байдлаараа Зимбабве улсын дараа оржээ

Монгол Улс шүүхийн хараат бус байдлаараа 137 орноос 110 дугаарт бичигджээ. Уг жагсаалтын тэргүүнд байранд Финлянд улс орсон бол удаах байруудад Шинэ Зеланд, Норвеги, Швейцарь улсууд багтжээ. 
Манай улс 37 жил диктатор системээр явсан Зимбабве улсын дараа бичигдсэн явдлыг твиттерт хүмүүс багагүй шүүмжилжээ. Энэ нь манай улсын шүүх засаглалын хараат бус байдал алдагдсаны жишээ хэмээн бичих нэгэн ч байв. [Medee.mn]   

2.Түрээслэгч чингэлэгтээ зул асааж орхисноос гал гарчээ

Уржигдар Нарантуул захад гал гарч, Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллан унтраасан билээ. Тодруулбал, тус захын цахилгаан барааны чингэлэг байрлах хэсэгт гал гарч, 22 чингэлэг дэх бараа галд шатсан юм. Галын шалтгааныг тодруулахаар Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын хамтарсан шалгалт хийгдсэн бөгөөд түрээслэгч  н.Алтанбайгал чингэлэгтээ зул асаан орхисон нь галын шалтгаан болсон нь ил болжээ. Тэрбээр энэ талаараа цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байна. Галын Онцгой байдлын гал түймэр унтраах 10, 14, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн хоёр цаг 57 минут ажиллан бүрэн унтраасан юм. [Time.mn]   

3. Малчид, орлогогүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 50 хувиар буурууллаа

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг шинэчлэн тогтоохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг өнгөрсөн онуудынхтай ижил түвшинд байлгахаар тогтсон ба малчид,тогтмол орлогогүй, өөрөө шимтгэлээ төлдөг хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл жилийн 57 мянга 600 төгрөг байсныг 50 хувиар бууруулж, 28 мянга 800 төгрөг болгохоор болжээ. Шимтгэлийн хэмжээг шинэчилснээр тогтмол орлогогүй, өөрөө шимтгэлээ төлдөг хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, ажилгүй иргэний сард төлөх хэмжээ 2400 төгрөг болж буурч байгаа аж.[Bloombergtv.mn]  

4. Даланжаргаланд хорио цээрийн дэглэм тогтоов

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд шүлхий өвчин илэрч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Тус аймагт вакцинжуулалт 43 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ онд шүлхийгээр өвчилсөн нийт 9452 толгой малыг устгалд оруулжээ. Өнгөрсөн сард Сэлэнгэ аймагт гарсан шүлхийн тархалтыг зогсооход зориулж тусламжаар 2.6 сая тун вакцин авсан бол 4.8 сая тун вакциныг хөнгөлттэй үнээр авахад гурван тэрбум төгрөг зарцуулсан байна.[Eagle.mn]  

5. Ерөнхий сайд оны шилдэг хүүхдүүдэд шагнал гардуулав

Үндэсний болон олон улс, тив, дэлхийн тавцанд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн үйлсээрээ онцгой амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлсан 2017 оны шилдэг хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, шагнал гардууллаа. Засгийн газраас 2018 онд “Хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж, хүүхдийн зуслан, хүүхдийн ордон, хөгжлийн төв, дотуур байр, өдөр өнжүүлэх төвүүдээр дамжуулан хүүхэд бүрт хүргэхээр зорьж байна. [Zasag.mn]