Мөнгөн мод ба 1000 мутарт Жанрайсигийн эрэлд

Нийтлэл / Гончиг Ням-Очир
2018 оны 01 сарын 01

(аян замын тэмдэглэлүүдээс түүсэн алаг цоохор тэмдэглэл)

Мөнгөн модны тухай эрэл...

Одоогоос долоон жилийн өмнө ШУА-ийн хэсэг нөхдийн хамт Берлинд очиж нэгэн хуралд оролцов. ШУА-ийн эрдэмтэн нарийн байсан Т.Галбаатар гуай биднийг ахалж явлаа. Макс Планкийн институти ч маш сайхан зохион байгуулж, Монголтой холбоотой судалгаа хийдэг бүх л эрдэмтдийг цуглуулжээ. Бонноос Ханс Георг Хөттел гуай ирэв. Берлиний номын сангийн Мишел Балк гурвуулаа хэсэг хуучилцгаав.

Х.Г.Хөттел гуай бол тун энгийн хүн. 1990 онд Непалд Бурхан багшийн шарилыг малтах гэж байх үед нь, Монгол улсад хувьсгал гарч, Хархорум хотыг малтах хүсэлт тавьсан байна. Хөттел гуайн багын мөрөөдөл Хархорум хотод малхлага хийх , мөнгөн модыг олох байжээ. Мөн хаанаас ч гэнэв. Өгөөдэй хааны ордныг олж тогтоогоод, Мөнгөн модыг олж тогтоох нь стратегийн маш чухал сэдэв учраас санхүүжилт төвөггүй бүтсэн аж. Ингээд 20 жил малтлаа. Ордныг олсон ч Мөнгөн модны талаар юу ч олсонгүй гэж Хөттел гуай ярьлаа.

-“Ингэхэд чи юу судалдаг вэ? гэж асууж байна.

-“Pure land Buddhism буюу Амар амгалангийн буддизм. Торгон замаар орж ирсэн VII-X зууны уламжлал судалдаг” гэлээ. Манай хүн маш их сонирхоод, хоёр зүйл чухалчла асууж, судлаач гэж санал тавьсан юм.

Мөнгөн мод ба 1000 мутарт Жанрайсигийн эрэлд

Плано Карпинигийн бичсэнээр бидний төсөөлдөг мөнгөн мод

Гайхалтай нь Хөттел гуай тэр хурал дээр ч Ватиканы гол дунд байдаг, пап ламыг сонгодог кардиналуудын танхимд 1000 жил болж байгаа нэг ширээний тухай илтгэл тавьлаа. Тэр ширээний голд унадаг дугуй шиг жийдэг, 3 арслангийн нуруун дээр 3 тогоо хэлбэртэй сав, түүний дээр 3 лууны амнаас ундаа, пиво, жимсний шүүс гоождог самовар шиг зүйл байх аж. Түүний дээр бүрээ үлээж байгаа Сахиусан тэнгэр бүхий маш хуучны сонирхолтой инжнерийн ажил байдаг тухай тэрийгээ өөрийнхөө хийсэн малтлагатай харьцуулсан илтгэл тавьсан юм. Хожмоо өөрөө ч, өөр хэн ч, яагаад энэ тухай ярилцахгүй байгаад би одоо ч гайхдаг. Хожим нь У.Эрдэнэбатаар дамжуулж асуулгаад ч тоймтой хариу өгөөгүй.

Ямартай ч Ханс Георг Хөттел гуай асууж, би нэг зүйл амлав. ”Би хариад ямар нэг зүйл хараад өгүүлэл бичье ээ” гэж. Ирээд ухаж гарсан даа. Тийм далавчтай бурхан Хангарьд буюу Сажа ёсны Чунт байсан байж болох уу ч хэсэг хөөлөө. 8 янзын хангарьд бий. Аль нь ч тэр үед орж ирээгүй байлаа. Дамдин буюу Хаянхирваа байв уу гэж нэг хэсэг хөөлөө. Далавчтай нь далавчтай ч амирлангуй сахиусан тэнгэр шиг биш л дээ. Хэлээд заагаад зураад өгчих багш байдаггүй. Ингээд Хөх хот явлаа. Өвөр Монголын Их сургуулийн Монгол судлалын сургуульд багшилж байсан Жалсан гэгээн, Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх ухааны хүрээлэнийн Чойжи гуай хоёртой зорьж очиж уулзлаа. Чойжи гуай бол шууд ”мэдэхгүй” гэж байна. Жалсан гэгээн бол харин шашны хүн учраас хэлж байна шүү. 

Түмэн амгалант ордон бол тахилгын сүм байжээ. Тэр сүмийн гол шүтээн бол 1000 гарт Жанрайсиг бурхан байжээ. Энэ бурхан бол 1000 гартай, 11 нүүртэй бүх амьтан зовлонгоос гэтэлж бурхан болтол оршино гэж тангараг өргөсөн диваажингийн бурхан. Энэ бурхны олон гар Плано Карпинид далавч шиг харагджээ. 

”Чи өөрөө Диваажингийн ном үзчихээд, ингэж төөрөөд байхдаа яадаг юм. Сүмийнх нь нэр ТҮМЭН АМГАЛАНТ ОРДОН гэж байгаа биз дээ. Тэгэхээр нэрээ л барь. Нэрээ л хөө”. За ингээд тэр жилийн намар ч боллоо. Нэг илтгэлшүү юм бичлээ. ”Эрдэнэзуу ба Хархорин”-той холбоотой хурал болно гэнэ. Өнөөх илтгэлээ өгтөл доктор А.Очир гуай тавиулсангүй ээ. Шалтгаан нь ойлгомжтой. Төвдсудлалын хүнд  археологи юуны хамаа байх билээ. Гэхдээ л би энэ сэдвийг орхиогүй.

Түмэн амгалант ордон бол тахилгын сүм байжээ. Тэр сүмийн гол шүтээн бол 1000 гарт Жанрайсиг бурхан байжээ. Энэ бурхан бол 1000 гартай, 11 нүүртэй бүх амьтан зовлонгоос гэтэлж бурхан болтол оршино гэж тангараг өргөсөн диваажингийн бурхан. Энэ бурхны олон гар Плано Карпинид далавч шиг харагджээ. 

1000 мутарт Жанрайсигийн эрэлд...

За яахав ганц Хархорум байгаа биш. Бараг нэг цаг үед байгуулагдсан Шанду хотыг тэгвэл судалдаг хэрэг гээд гараад шидчихсэн. Яг үнэндээ өнөөдрийг хүртэл тэнд 12 удаа очсон байна. Одоо ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Шулуун хөх хошуунд байна. Ноднин музей нь нээгдсэн. Түүхч, академич Ж.Болдбаатарын Шандад очсон тухай замын тэмдэглэл ”Шандугийн шар тал минь” нэртэй өдрийн сонинд гарч байлаа.

Мөнгөн мод ба 1000 мутарт Жанрайсигийн эрэлд

Түмэн амгалант ордны загвар болон эскиз

Шандугийн музейд байгаа энэ ордны моделийг үзвэл энэ ордон бол хүн суудаг ордон биш Тахилгын сүм гэдэг нь илт. Барагцаагаар 20 гаруй метр 1000 гарт Жанрайсиг бурхан юм уу олон гартай бурхан байрлуулж болохоор 7 давхар, хавтгай тэнийлгэсэн алга шиг модон хийц. Хубилай хаан энэ ордныг урд байсан Киданы нийслэлээс буулгаж авчраад барьчихсан гэх. Одоохондоо музейнхэн давхар бүрт нь хүн амьдардаг байсан мэт зохиомжлон дэлгэжээ. Энэ бол яах аргагүй л бурхан байсан байх ёстой.

Японы Эгами гэж мундаг эрдэмтэн Дэлхийн хоёрдугаар дайны үед Шандуд маш сайн судалгаа хийсэн. Фото альбом ч хэвлүүлсэн. Шанду хотоос 40 км-т байгаа Долоннуурын хятадууд тэр их гантиг чулуун байгууламжуудыг нурааж аваачаад хашаандаа өрчихсөн байгаа юм юм. Хуучны фото альбомноос үзвэл Хубилай хааны энэ ордоны байгуулалт архитектор нь тэр чигээрээ Диваажин байжээ. Хубилай хаан бол ийм баян тансаг нийслэл хотдоо Хархоринд барьснаас хэд дахин илүү том Мөнгөн мод бүтээчих боломж байсан. Ийм эдийн засгийн суурь ч байсан. Яагаад барьсангүй вэ? Энд бас нэг онцлог нь монгол хүн хэзээ ч сүм хийдэд найрлахгүй. Монгол хүн бас хэзээ ч бурхны шашны сүм барьчихаад, дотор нь христийн шашны бурхан залахгүй л дээ. Хичнээн тэнэг ч гэсэн.

Чэндэ буюу Халуунаас зайлах ордон зүг...

Шандуд олон очсон учраас сайхан найз нартай болов. Хамгийн анхны найз Шанду хотын тухай хоёр ч ном бичсэн, тус хотын тайлбарлагч Ша.Дүншиг гуай. Одоо 85 хүрч байгаа байх. Мөн яруу найрагч Ри.Сэцэнцогт. Өвөр монголын Нацагдорж гэгддэг алдарт На.Сайнцогт ч бас энэ хотын хаяанд төржээ.

Мөнгөн мод ба 1000 мутарт Жанрайсигийн эрэлд

Чэндэ хотын Потала ордон. Манжийн хааны зуны ордны хойт ууланд

Манжийн хааны зуны ордон. Лхасын Бодала ордныг яг адилхан барьчихсан байх жишээтэй. Эргэн тойрон 8 сүм хийдтэй. Маш том эдэлбэр газар бүхий өндөр хэрэмтэй. Мань манж нар ч үнэхээр тансаглаж чаддаг хүмүүс байжээ. Одоо бол аялал жуулчлалын маш том хот. Хуучин Өвөр монголын нутагт харъяалагдаж байсан ч, одоо бол хятад мужийн харъяанд очжээ. Хамгийн сүүлд 1949 онд Чан Кай Ши энэ хотоос нэг цэрэгт нэг бурхан үүрүүлж, Тайван руу зугтсан. Одоогийн Тайваны музей бол эндээс авч явсан зүйлс дийлэнх гэнэ.Үнэхээр ч сайхан уултай, устай, модтой хадтай, тэгшхэн газар байна шүү. Энд дан ганцхан хурал номын дуутай газар байдаг гэхээр нь очлоо. Гончигсүм. Үнэхээр эргэн тойрон монголоор яриад, явчихлаа. Яг л Бээжингийн Юнхэгүний сүм шиг. Фүнинсэ хэмээх энэ сүмийн гэгээн нь Хөхнуураас залагдсэн Мэргэн гэдэг тэгшхэн сайхан монгол монгол хамбатай юм байна. Эргэн тойрны Улаанхад аймаг Онниуд хошуунаас дийлэнх лам болж суусан. Гал тогоо, туслах аж ахуй, хүжээ хүртэл монголчууд нь л хийдэг. Хэзээнээсээ л ийм дэгтэй сүм юм байна. Энэ сүмийн гол шүтээн Түмэн амгалант ордон. Түүний доторхи гол шүтээн Донид шагва Жанрайсиг. 42 мутартай. Орой дээрээ Амитаба заларсан маш хуучны дэг сургуулийн бурхан байна. 28 метр өндөр зандан модон хийц. Бээжингийн Юнхэгүний зандан Майдараас даруй 4 метр өндөр. Геннисийн номд бүртгэж байх үед засвартай байсан учраас бүртгүүлж чадаагүй гэлцэх аж. Бурханыг хэзээ хэн барьсныг мэдэхгүй. Манжийн хааны үед л баригдсан. Яаж ч сураад хайгаад энэ бурхныг хэн хэзээ бүтээсэн тухай түүх нь олдохгүй л байгаа юм.

Мөнгөн мод ба 1000 мутарт Жанрайсигийн эрэлд

Чэндэ хотын Фунинсэ сүмийн гол шүтээн Донид шагва Жанрайсиг

Мингийн цэргүүд бол Цагаан лянхуан шашин буюу Амитабагийн шашны бүлгийнхэн. Тэд энэ бурханд гар хүрсэнгүй. Хойно III Далай лам Содномжамц яг энэ хотын хажууханд нас баржээ. Шандугийн сүмд ирж. Яагаад гэвэл Жанрайсиг бурхны хувилгаан гэдэг учраас Монголчууд залжээ. IV Далай лам ч энэ бурхны л хажууд ширээнд сууснаас зайлахгүй. 1680 оны Долоннуурын чуулган гээд байгаа нь угтаа энэ том бурхны дэргэд л чуулган чуулжээ. Энхамгалан хаан болоод залгамжлагч Тэнгэрийг тэтгэсэн хаанаар дамжин Халуунаас зайлах ордонг барихдаа энэ сүмийг бурхантай нь, лам нартай нь Чэндэд аваачиж, тэнд дахин барьж, тахиж тавиглажээ.

Буцаж явахад төрсөн бодол

1000 гарт Жанрайсиг бурхныг хамгийн анх МЭ-ий 7-р зуунд Соронзонгомбо хаан Самъяа хийдэд бүтээжээ. Ум мани бадму хум хэмээх манийн 6 үсэг бол энэ Жанрайсиг бурхны зүрхэн тарни нь. Шанду хотод байна уу байна. Чэндэд Халуунаас зайлах ордон байна уу байна. Халх голд хэцүү То вангийн бүтээсэн Жанрайсиг байна уу байна. 1913 онд Ганданд Мигжэд Жанрайсиг бурхныг бүтээсэн үү бүтээсэн. Эргэн тойронд нь түмэн аюуш бурхан бүтээсэн үү бүтээсэн. 1995 онд дахин Мигжэд Жанрайсиг бурханаа бүтээсэн үү бүтээсэн. Монголчууд ер нь яагаад дандаа Жанрайсиг бурхныг ингээд шүтээд босгоод байв аа. Гэтэл хаанаас МӨНГӨН МОД гараад ирсэн юм бэ? Мөнгөн мод ингэхэд яг байсан болов уу?

Мөнгөн мод ба 1000 мутарт Жанрайсигийн эрэлд

Хэцүү То вангийн барьсан Жанрайсиг. Дорнод. Халх гол

Монгол судлал гэдэг бол монгол хэл рүү библь орчуулж, монголчуудыг христ итгэлтэй болгохын тулд гарсан ухаан. Энэ үйл хэрэг нь ч биелсэн. Тэдний туг бэлгэ тэмдэг нь мөнгөн мод байсаар ирсэн. Харин өнөөдөр бид яах ёстой вэ? 

Академич Ц.Дамдинсүрэнгийн үгээр төгсгөе. Ц.Дамдинсүрэн, “Европийн дээрэнгүй түүхчид Александр, Наполеон нарыг магтахдаа онгод нь орж, амны хөөс нь бурж байдаг. Азийн их хүмүүс Монголын Чингис хаан, Энэтхэгийн хааны тухай ярихлаараа уруулаа жимийж шүдээ зууруулж байдаг байна. Тийм түүхчдийн үгийг ТОТЬ шиг давтаж болохгүй” гэсэн үгийг 1962 оны Монголын зохиолчдын III их хурал дээр хэлж байжээ.

Тийм ээ. Бид ТОТЬ шиг байж болохгүй. Ой санамжнаасаа, өв соёлоосоо, шашнаасаа л түүхээ босгож ирэх ёстой билээ. Тэр цаг нь ч ирчихээд байна.

Хүндэтгэн ёсолсон Баатад  Г.Нямочир