Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 1 дүгээр сарын 2, 2018

TIME 5 МЭДЭЭ / Time Admin
2018 оны 01 сарын 02

1. Хэрэг зөрчилгүй шинэ оноо угтлаа

2017 оны сүүлийн өдөр, шинэ жилийн баярын өдрөөр улс даяар хэв журмын нөхцөл байдал тайван байсан гэдгийг цагдаагийн газраас мэдээлж байна. Хуучин оны сүүлчийн өдрүүд, шинэ оны эхний өдөр нийслэл хотын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн түргэн шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Замын цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлгөөн зохицуулалт  хийжээ. Түүнчлэн шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн Монголчууд бэлгэшээдэг. Иймээс өчигдөр өглөө нар харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан болон Багахангай дүүргийн нутгийг ихээр зорив. Энэ үеэр цагдаагийн алба хаагчид батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу хамгаалалт, зохицуулалт хийж иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулахаар ажилласан байна. [Time.mn]

2. Оюутолгойн уурхайд гал гарчээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Оюутолгойн уурхайн төслийн талбайд гал гарсан гэх мэдээлэл өчигдөр тус аймгийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “Оюутолгойн уурхайн агуулахад гал гарсан. Галыг тэр даруйд нь унтраасан” гэсэн мэдээллийг өгөв. Одоогийн байдлаар галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. [Montsame.mn]  

3. “Асашёорюүг даваад 10 сая иэн” шоуны ялагч нь Асашёорюү байв

Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Японы “Абема” онлайн телевизийн “Асашёорюүг даваад 10 сая иэн” нэвтрүүлэгт амжилттай оролцлоо. Долоон жилийн дараа сүмогийн дохёнд гарсан их аварга Д.Дагвадорж нэг ч уналгүй найм давж, шинэ оны баяр дээр баяр нэмэв. Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь  АНУ-ын холимог тулаанч Боб Сапп, мэргэжлийн сүмогийн озэки Котомицүки болон олимпийн мөнгөн медальт Изүми Хироши нар байсан байна. [Shuud.mn]

4. Монгол эмэгтэй Австралид 2018 оны анхны хүүхдийг төрүүллээ

Австали улс 2018 оны анхны иргэнээ шинэ оны эхний өдөр өлгийдөн авчээ. Харин Австралийн энэ оны анхны иргэнийг Э.Сайнзаяа гэх монгол эмэгтэй төрүүлжээ. Тэрбээр нэгдүгээр сарын 1-ны шөнийн 1 цаг 20 минутад Сидней хотын төв эмнэлэгт амаржин, 4.1 кг жинтэй хүүтэй болсон байна. Их эмч Хью Портер “Гадаа талбайд хүмүүс баярлалдан, шинэ жил гарсныг тэмдэглэж байхад Э.Сайнзаяа төрөх дөхсөн тул өвдсөөр байсан. Австралийн анхны иргэн ийн мэндэллээ. Баяртай байна” гэж хэлжээ. Австрали нь цагийн бүсийн хувьд шинэ оны нарыг хамгийн түрүүнд үздэг юм. http://www.ub.life/p/11785[Ub.life]  

5. Бүх өрхийн эмнэлэг 10.00-16.00 цагийн хооронд ажиллаж байна

Бага насны хүүхдүүдийн дунд ханиад, томуугийн өвчлөл ихсээд байгаа  энэ үед хэдийгээр баярын амралтын өдрүүд тохиосон ч нийслэлийн өрхийн эмнэлгүүдэд жижүүр эмч, сувилагчид тасралтгүй ажилласан. Нэгдүгээр сарын 1-ний өдөр нийслэлийн бүх өрхийн эмнэлгүүд 10.00-16.00 цагт ажиллаж байна. Олон улсын стандартаар нийт үзлэгт томуу, томуу төст өвчний эзлэх хувь 10-аас дээш гарвал дэгдэлт гэж үздэг. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагуудын 869 орны боломж дээр өнөөдөр 1491 хүүхэд хэвтэж байв. [Gogo]

6. Сөүлтэй "эвлэрэх" дохиотой, АНУ-д анхааруулгатай Ким Жөн Уны шинэ оны мэндчилгээ

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өглөө иргэддээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр Өмнөд Солонгостой “эвлэрэх” агуулгатай үг хэлсэн хэдий ч АНУ-д “Та нар бидний эсрэг хөдөлж чадахгүй” гэж басамжлан анхааруулжээ. Тэрбээр хэлэхдээ “Манай улс АНУ-д цохилт өгч чадах хэмжээний хүчин чадалтай цөмийн зэвсгүүдтэй болсон. Цөмийн зэвсгийн товчлуур миний ширээн дээр байна. Дарахад хэзээд бэлэн” гэжээ. Мөн тэрбээр “Бид цөмийн гүрэн болох зорилгодоо  2017 онд хүрсэн. Одоо бид цөмийн цэнэгт хошуу болон баллистик пуужинг олноор нь үйлдвэрлэх хэрэгтэй байна” гэж хэлсэн байна. [Montsame.mn]

7. БНХАУ цахилгаан автомашин худалдан авахад ногдуулах татварын хөнгөлөлтийн хугацааг сунгана

БНХАУ цахилгаан автомашин худалдан авахад ногдуулах татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр боллоо. Ийнхүү тус улсын бодлого тодорхойлогчид уламжлалт шатлалт хөдөлгүүрээс татгалзаж байгаа нь хосолмол болон цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгчдэд дэмжлэг болж байгаа юм. БНХАУ-ын Сангийн яамнаас мэдээлснээр энэ оны эцсээр дуусах байсан татварын хөнгөлөлтийг 2020 оны эцэс хүртэл сунгахаар шийдвэрлэсэн байна.

[Bloombergtv.mn]

8. Венесуэл хөдөлмөрийн хөлснлий доод хэмжээг 40 хувиар нэмэгдүүлнэ

Венесуэлийн эрх баригчид хэдийн дээд цэгтээ тулсан инфляцийн түвшинг улам бүр дордуулж мэдэх эрсдэлийг үл хайрхан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 хувиар нэмэгдүүлнэ гэж мэдэгдлээ. Газрын тос бүтээгдэхүүнээс олох орлого буурч, үндэсний мөнгөн тэмдэгт боливарын ханш унасны улмаас Венесуэль эдийн засгийн хямралд нэрвэгдэж, хоол хүнс, эм, эмнэлгийн бараа, бүтээгдэхүүний хангамжгүй болсон билээ. [News.mn]

9. Иранчууд засгийн газартаа эсэргүүцэл илэрхийлж шинэ оныг угтлаа

Өнгөрсөн Пүрэв гарагт олон мянган Ираны иргэн авлигажсан засгийн газар, ядуу эдийн засгаа шүүмжлэн жагсаж эхэлсэн байна. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсдын тоо тодорхойгүй байгаа ч Ираны сүүлийн жилүүдийн түүхэнд тохиолдож байгаагүй үйл явдал болж байгаа ажээ. Жагсагчид цагдаа нартай мөргөлдсөний улмаас 50 гаруй хүнийг баривчилж, хоёр хүн амиа алдсан байна. Өчигдөр буюу Ням гарагийн өглөө Ираны эрх баригчид Инстаграм, Телеграм сүлжээнүүдийг түр хугацаагаар хаажээ [ikon.mn]

10.60 жил найзлаад төрсөн ах, дүү гэдгээ мэджээ

Хавай арлын оршин суугч хоёр эр 60 жилийн туршид сайн найзууд байсан бөгөөд энэ Зул сарын баяраар төрсөн ах, дүү хоёр гэдгээ мэджээ. Алан Робинсон, Уолтер Макфарлэйн нар Хавай арал дээр төрж, өссөн бөгөөд дунд сургуульд байхаасаа л нөхөрлөсөн аж. Уолтер өөрийн аавыг үзээгүй бол Робинсон гэрийнхээ өргөмөл хүүхэд нь байсан юм. Робинсоны дүү түүнийг 19 настай байхад нас баржээ.

Тиймээс мань хүн төрсөн ах, дүүгүй болсон гэдэг. Найзууд ургийн бичгийг судалж, ДНХ шинжилгээний хариуг харьцуулж, хамаатнуудын мэдээллийг өгдөг тусгай сайтад хандан мэдээлэл олж авахыг хүсчээ. Гэтэл хоёулангийнх нь генийн давхцал таарч, бөөн шуугиан дэгдээсэн аж. Сайн найзууд үхэн үхтлээ хамтдаа байх андгай тангараг өргөжээ. [Wikimon.mn]