ТОЙМ 2017: Соёл урлагийн салбарын онцлох үйл явдлууд

Энтертайнмент / Э. Сайнзаяа
2017 оны 12 сарын 28

Он тооллын хуудас дахин нэгэнтээ эргэж, шинэ он айлчлан ирж байна. Улиран одож буй 2017 онд Монголын соёл урлагийн салбарын авьяаслаг уран бүтээлчид эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан олон сайхан үйл явдал болсон билээ. "Time" мэдээллийн сайт соёл урлагийн салбарт өрнөсөн гол үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

  1. Г.Ариунбаатар дэлхийн шилдэг таван дуучдын нэгээр шалгарав

Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар мэргэжлийн дуурийн дуулаачдын “ВВС Cardiff singer of the world” уралдаанд амжилттай оролцож дэлхийн шилдэг таван дуучдын нэгээр шалгарсан юм.

Дэлхийн шилдэг дуурийн дуулаачдын нэг болсон Г.Ариунбаатар өөрөө энэ талаараа  "Би энэ онд болсон “ВВС Cardiff singer of the world” гэдэг дэлхийн мэргэжлийн дуулаачдын хүсэл тэмүүлэл нь, уралдаан шалгаруулалтын оргил нь болсон тэмцээнээс 3 цомыг эх орондоо авчирсан. Нийт 4 цомтой уралдаан..." гэж онцолж байв.

  1.  “Moon dance” дэлхийн шилдэг зургаан хамтлагийн нэгээр шалгарлаа

Австри улсын Вена хотноо энэ сарын 9-ний өдөр зохиогдсон Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон “Moon dance” хамтлаг шилдэг зургаан хамтлагийн нэгээр шалгарсан юм. Мөн тус хамтлаг өнгөрсөн жил Герман улсын Бремен хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг зургаад үлдээд, V байр эзэлж, финалын цом авч байсан юм.

  1. Ц.Энхжин дэлхийн миссийн тэмцээний шилдэг 15-т багтав

Монгол миссүүд дэлхийд улам бүр чанаржиж байгааг А.Баярцэцэгээр төлөөлүүлэн хэлж болно. Тиймдээ ч тэрээр өнгөрсөн жил дэлхийн миссийн тэмцээнд шилдэг 11 миссийн нэгээр шалгарч Монгол улсын рекордыг шинэчилсэн билээ. Тэгвэл 67 дахь удаагийн “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд Ц.Энхжин эх орноо төлөөлөн оролцсон юм. Тэрбээр, тус тэмцээний гурван шалгаруулалтын ялагчаар тодорч, шилдэг 15 миссийн нэг болсон юм. Ц.Энхжингийн хувьд гадаад хэлийг сайтар эзэмшсэн интерьер дизайны чиглэлээр компани байгуулан удирдаж яваа залуу бүсгүй билээ.

  1. Мисс А.Баярцэцэг Холливүүдийн кинонд тоглов

Эх дэлхийн хамгийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож Монголчуудынхаа бахархлыг төрүүлээд байсан мисс А.Баярцэцэг Холливүүдийн томоохон уран бүтээлд дүрээ мөнхлөв. Эртний түүхийг өгүүлэх “Марко Поло” кинонд тоглосон тэрбээр “Мулан” киноны пробнд орох санал авч хамгийн сүүлд алдарт жүжигчин Стивен Сигалийн бүтээж буй “Attrition” кинонд тогложээ. Түүнтэй “Attrition” киноны талаар ярилцсан ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

  1. Б.Шижирбат “Авьяаслаг Азичууд” тэмцээнд амжилттай оролцов

Бүжигчин, график дизайнер Б.Шижирбат "Авьяаслаг Азичууд" тэмцээний оролцож, дөрөвдүгээр байранд орлоо. Монгол Улсынхаа нэрийг Азидаа төдийгүй дэлхий дахинд гаргасан тэрбээр зуу зуун сая хүн амтай Азийн 27 орны авьяаслаг залуустай өрсөлдөж, алтан баззерын эзэн болж, ийнхүү томоохон амжилт үзүүлсэн юм.  Өмнө нь Б.Шижирбатын хувьд "Авьяаслаг Америкчууд" тэмцээнд оролцож эхний шатандаа тэнцсэн ч дараагийн шатнаасаа хасагдаж, уйгагүй их хичээл зүтгэлийнхээ шимд дараагийн тэмцээндээ ийнхүү амжилт үзүүлсэн юм.

  1. Оскарт "Чингисийн хүүхдүүд" УСК өрсөлдөнө

"Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино 90 дэх удаагийн Академийн дээд шагнал болох Оскарын гадаад хэл дээрх киноны төрөлд Монгол Улсыг төлөөлөн анх удаа албан ёсоор өрсөлдөх эрх авсан нь энэ оны онцлох үйл явдлын нэг байв. Уг киноны найруулагчаар Д.Золбаяр ажилласан юм. Ирэх оны гуравдугаар сарын 4-нд болох Оскарын наадмын энэ төрөлд 92 орны уран бүтээлчид киногоо өрсөлдүүлнэ.

  1. Австрийн Шубертийн нэрэмжит хөгжмийн сургууль морин хуурын ангитай болов

Австри Улсын нарийн мэргэжлийн хөгжмийн консерваторит морин хуурын бакалаврын зэргийн хөтөлбөртэй болсон.  Тус улсын Вена хотын Франц Шубертын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерваторийн сургалтын системд монгол үндэстний сонгодог хөгжим болох “Морин хуур”-ын хөтөлбөрийг албан ёсоор оруулсан онцлог юм. Уг хөтөлбөрийг Хөгжим бүжгийн коллежийн морин хуурч Б.Санжаажав санаачлан Франц Шубертын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн сургалтын алба болон удирдах зөвлөлд танилцуулснаар албан ёсоор “Морин хуур”-ын ангийг нээх шийдвэр, эрхийг хүлээн авсан байна.

  1. Ц.Санчирт Төрийн шагнал хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Тархан суурьшсан монголчууд" ТББ-ын тэргүүн Ц.Санчирт Төрийн шагнал хүртээв. Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөрөөр сүүлийн 15 жилийн хугацаанд 30 гаруй улсын 300 гаруй хот сууринд монгол судлалын чиглэлээр судалгаа хийн Ил хаадын үеийн хосгүй үнэт, ховор дурсгалуудаас таван төрлийн 57 нэрийн 200 гаруй дурсгалыг сонгон “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” судалгааны бүтээлийг перс, англи, монгол хэл, бичгээр хэвлүүлж, Монгол Улсын их түүх, соёлыг дэлхий дахинаар сурталчлан таниулахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж ийнхүү төрийн шагнал хүртээсэн юм.

  1. Олон улсын шоу нэвтрүүлгүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголд хийгдэж эхлэв

Үзэгчдийн сэтгэлд нийцсэн Олон улсын шоу нэвтрүүлгүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголд хийж эхлэв. Олон улсын нэр хүндтэй шоу нэвтрүүлгийг албан ёсны формат, стандартаар хийнэ гэдэг амаргүй. Харин Боловсрол суваг, HD Монгол, НТВ телевиз гадны төсөл нэвтрүүлгүүдийг монголдоо албан ёсны эрхтэйгээр толилуулж, үзэгчдийг цэнгүүлж чадлаа. Нэвтрүүлгүүдийг онцолвол “Mongolia`s next top model”, “Яг түүн шиг”, “Авьяаслаг монголчууд”, “Зөн билгийн тулаан” мөн Канадын “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэг албан ёсны эрхтэйгээр үзэгчдэд хүрээд байна.