ТОЙМ 2017: Спортын онцлох үйл явдлууд

Спорт / Ц. Анхзул
2017 оны 12 сарын 30

Элэг нэгтнүүдээ төдийгүй эх дэлхийг баяр бахдалаар гийгүүлэн, эв найрамдлын илэрхийлэл болдог тамирчдынхаа гавьяа ялалтаар бид бахархаж байна. Тэдний 2017 гаргасан амжилт, ялалтыг оны босгон дээр ийнхүү онцлон хүргэж байна.

1. Доржсүрэнгийн Сумъяа

Олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга болж, элэг нэгтнүүдээ баярлууллаа. Түүний хүртсэн алтан медаль нь Японы жүдочдын алтан медалийн цувралыг  зогсоосноороо дэлхий нийтийн анхаарлын төвд орсон юм. Ялалт авчирсан тамирчны гавьяаг улсын Ерөнхийлөгч төдийгүй элэг нэгтнүүд нь  баярын нулимс унаган хүлээн авч, “Хөдөлмөрийн баатар”  цолоо хүртээлээ.

2. Пүрэвдоржийн Орхон

Наймдугаар сард Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63 кг-ийн жинд “Алдар” спорт хороо, Аваргууд академийн тамирчин, ОУХМ П.Орхон аваргалж, алтан медалийн эзэн боллоо. Өдгөө 24 настай П.Орхон чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчин юм.

3. Найдангийн Түвшинбаяр

“Найдвар алддаггүй Найдангийн Түвшинбаяр” хэмээн элэг нэгтнүүддээ хайрлагддаг Монгол Улсын анхны олимпийн аварга, анхны хос медальтан, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр есдүгээр сард болсон жудо бөхийн ДАШТ-ний +100 кг жинд барилдаж, хүрэл медалийн эзэн болов. Түүний амжилт ялалтад баярлаж бахадсан монголчууд хүндэтгэлийн наадам зохион байгуулж, төр засгаас “Чингис хааны одон”-гоор шагнасан юм. 

4. Доржсүрэнгийн Мөнхбаяр

Монголын эмэгтэй тамирчдаас анхлан олимпийн медаль хүртсэн нь буудлагын спортын тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяр. Өдгөө тэрбээр Герман улсын иргэншилтэй ч эх орондоо олимпийн медаль авчирсны 25 жилийн ойн баяраа өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатарт тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Энэ хүрээнд буудлагын спортын олимп, дэлхийн аваргуудын халз тулаан зохион байгуулагдав. МУГТ Д.Мөнхбаяр 1998 онд иргэншлээ сольсон бөгөөд 2013 онд “Давхар иргэншилтэй болох” хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид тавьсан ч хүлээн аваагүй билээ. Түүний амжилт ялалт, амьдрал тэмцлийн талаар сурвалжлагыг http://time.mn/n/lsK уншина уу 

5. Мөнхжанцангийн Анхцэцэг

АНУ-ын Анахайм хотод  болсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс М.Анхцэцэг хүрэл медаль хүртсэн нь манай улсын хүндийн өргөлтийн төрлөөр хүртсэн анхны дэлхийн аваргын медаль боллоо. Тэрбээр 75 кг жинд огцом өргөлтөөр 107 кг-ийг өргөж, медалийн эзэн болсон юм.

6. Соронзонболдын Батцэцэг

2010, 2015 оны ДАШТ-ний алтан медальт, 2012 оны олимпийн хүрэл медальт чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэгийн гавьяаг үнэлж, долоодугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг буулган “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнав.

7. Гамбагаагийн Угалзцэцэг

Аравдугаар сард Улаанбаатарт болсон сонирхогчдын бодибилдинг фитнесийн дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнд дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг дахин түрүүлж, алтан медалийн эзэн болов.Түүнтэй хийсэн ярилцлагыг http://time.mn/n/lnN   уншина уу 

8.Цэдэвийн Содномдорж 

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэлээ. Ийнхүү улсын их баяр наадмаар Ц.Содномдорж улсын арслан цол хүртэж, Ө.Бат-Орших улсын гарьд цолтон болсон юм. 

9. Ой тогтоолтын дэлхийн аварга А.Янжаа 

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй, ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэн А.Янжааг онцолж байна. Тэрбээр Стокгольм хотод амьдардаг бөгөөд Стокгольмын их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцдаг аж. 14 хэлээр чөлөөтэй ярьдаг түүнийг “Авьяаслаг Шведүүд” шоуны алтан баззерийн эзэн болсноор нь монголчууд андахгүй.

10. Харумафүжи Д.Бямбадорж

МУГТ Харумафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг зодсон гэх асуудал дэгдэж,  тун богино хугацаанд зодог тайлахаар болсон талаараа мэдээлэл хийв. Тэрбээр “Багштайгаа зөвлөлдөөд зодог тайлах шийдвэр гаргасан. Аварга хүн гэж ямар байх ёстой вэ гэдгийг ухамсарлаж энэ шийдвэрийг гаргалаа. Их аварга хүн гэдэг зөвхөн өөрийнхөө төдийгүй цолныхоо нэр хүнд, хариуцлагыг авч явах ёстой. Тийм учраас зодог тайлах шийдвэр гаргасан” хэмээсэн юм.