С.Балдандорж: Тогны доголдлоос үүдэн кабель шатаж, халаалт 72 цаг тасарсан

Ярилцлага / Time Admin
2018 оны 01 сарын 05

Он солигдох өдрүүдэд Говь-Алтай аймагт халаалт тасарч, иргэд зутарсан талаар мэдээлэл гарсан. Уг асуудлаар Алтай хотын 90 хувийг дулаанаар хангадаг “Мандал голомт” компанийн захирал С.Балдандоржтой ярилцлаа.

Алтай хот халаалтгүй болж, иргэд зутарсан гэх мэдээлэл гарсан. Дулааны үйлдвэрийн үйл ажиллагаанд доголдол үүсэв үү, ямар шалтгаан байв?

12 дугаар сарын 31-ний орой Алтай хотод тог тасарсан. Тогийг буцааж залгахдаа дөрвөн удаа өгч, тасалснаас үүдэн цахилгааны доголдол гарч, дулааны үйлдвэрийн кабель утас шатсан. Үйлдвэр маань Алтай хотыг гурван хэсэг хуваан дулаанаар хангадаг. Нэг хэсгийнх нь кабель утас шатаж, түүнийг газрын гүнээс гаргаж, буцаан засварлаж хэвийн ажиллагаанд оруулахад таван цаг зарцуулсан. Нөгөө хоёр хэсэг нь тог ирэнгүүт хэвийн ажиллаад эхэлсэн.

Алтай хот 2-3 өдөр халаалтгүй байсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан.

Үйлдвэр тасралтгүй ажиллаж байж л дулааныг нэг хэмд барьж чадна. Гэтэл шатсан кабелийг засварлах таван цагийн хугацаанд  600 орчим тонн ус хөрч, зарим газраараа хөлдөж эхэлсэн. Энэ их хэмжээний усыг дахин халааж, халаалтыг хэвийн өгч эхлэхэд 72 цаг зарцуулсан. Үйлдвэрийн ажилчид маань гурван өдрийн турш 24 цагаар нойргүй ажиллалаа. Ийм хүнд үед аймгийн удирдлага дэмжлэг үзүүлэхийн оронд бүхэл бүтэн аймгийн халаалтыг арав гаруй жил нуруундаа үүрч яваа хувийн хэвшлээ чичлэн, хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр худал мэдээлэл тарааж яваад харамсаж байна.

Танай үйлдвэр хэчнээн айл өрх, аж ахуйн нэгжийг дулаанаар хангадаг вэ? Үйлдвэрийнхээ хүчин чадал болон ажиллах хүчний талаар мэдээлэл өгөөч.

Үйлдвэр маань Алтай хотын 90 хувь болох 1700 гаруй айл өрх, 130 гаруй аж ахуйн нэгжийг 12 жил тасралтгүй дулаанаар хангаж байна. Манайх 130 гаруй ажилчинтай. 54 мегаваттын хүчин чадалтай иж бүрэн дулааны цахилгаан станц, инженерийн шугам сүлжээг өөрсдөө барьж, бүтээн байгуулсан. 60 гаруй тэрбум төгрөгөөр үйлдвэрээ босгосон маань их сайхан түүхтэй.

Тэр түүхээ хуваалцаач.

Алтай хотын маань байшин барилга бүр доороо зуухтай, түүгээрээ халаадаг байлаа. Тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан н.Цогтбаатар “Байшин бүрийн доор зуух байх нь зохимжгүй. Аймгийн хэмжээнд ажиллах дулааны цахилгаан станц барих” талаар ярьж, хөрөнгийг нь шийдүүлэхээр Засгийн газар, гадаадын хөрөнгө оруулалт бүхэнд хандсан ч бүтээгүй.

Тухайн үед би ноолуур худалдан авч, хагас боловсруулдаг бизнес эрхэлдэг байсан тул нөөц хөрөнгө нэлээдгүй үүссэн байсан юм. Тиймээс Эрээн хотод махны үйлдвэр байгуулахаар хятадын талтай тохирч, үйлдвэрийнхээ шавыг тавьчихаад ирсэн. Энэ үед н.Цогтбаатар дарга надтай уулзаад “Эрээнд үйлдвэр барих гэж байгаа хөрөнгөө аймагтаа оруул. Дулааны үйлдвэр барих хөрөнгө олдохгүй байна” гэж хэлсэн. Удалгүй тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболд манай аймагт ажиллаж, “Засаг мөнгөгүй байх үед өөрийн хөрөнгөө нутаг орондоо зориулж байгаад талархаж байна” гэж телевизээр яриад л. Би ч  жаахан хүүхэд шиг л баярлан хөөрч, бүх мөнгөө дулааны станц барих, инженерийн шугам сүлжээ татахад зарцуулсан. Ингээд 2006 онд үйлдвэр маань ажиллаж эхэлсэн. Эхний жилд нь хангалттай дулаан байж чадаагүй. Тэр үед техникээ Барнаулаас оруулж ирсэн нь шаардлага хангаагүй. Харин дараа жил нь Хятадаас том том зуухнууд оруулж ирж, үйлдвэрээ 54 мегаваттын хүчин чадалтай болгосон юм. Ингээд сүүлийн 10 жилд Алтай хотыг дулаанаар тасралтгүй хангасаар ирсэн. Дулааны нэгдсэн шугамтай болсны дараа байшин барилгууд ч олноор баригдаж, Алтай хот барилгажин хөгжсөн гэж хувьдаа боддог. Үйлдвэрээ барилаа, ажиллууллаа. Гэхдээ нэг сөрөг зүйл гарч ирсэн нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зарсан ч ашиг олохгүй алдагдал хүлээж яваа байдал.

Алдагдлын талаар тодорхой ярихгүй юу?

Айл өрхийг дулаанаар хангасан төлбөрийнхөө 20 хувийг, аж ахуйн нэгжээс 90 хувийг нь авдаг. Эрчим хүчний зохицуулах хорооноос дулааны үнийг нэмэхгүй байх чиглэл барьдагийг бид биелүүлдэг.  Улсаас татаас өгдөг байсан ч үйлдвэр ашиглалтад орсны дараа жилээс эхлэн өгөхөө больсон. Ганцхан цахилгаан дээр л татаас өгдөг болсон. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зардал болж орж ирсэн мөнгөө ажилчдынхаа цалин, нийгмийн даатгал, цахилгаан, нүүрсний үнэ, тээврийн зардалд төлдөг. Түүнчлэн найман сар тасралтгүй ажилласан үйлдвэрийнхээ техник хэрэгсэлд засвар шинэчлэл хийдэг. Энэ мэтээр  санхүүгийн хувьд алдагдалтай ажиллаж байна. Ашиггүй үйлдвэрийг улсад өгчихье гэхээр миний оруулсан 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улс төлөхгүй, би ч бас үйлдвэрээ хаагаад аймгаа хөлдөөчихөж чадахгүй. Бид чинь тэр нутагт төрж өссөн хүмүүс болохоор нутаг усаа, ард олноо гэх сэтгэл байдаг юм шүү дээ.

Аймгийн удирдлагууд халаат тасалдсан асуудлыг дулааны үйлдвэрийн ажилчдын ажлын хариуцлага, удирдлага зохион байгуулалттай холбон хэвлэл, цахим сүлжээгээр мэдээлэл тарааж байгаад үнэхээр харамсаж байна. Тог тасраагүй, тогны доголдол үүсч үйлдвэрийн кабель шатаагаагүй бол халаалт тасрахгүй байсан.

Тог тасрах тохиолдол орон нутагт гэлтгүй нийслэлд ч олон. Өнгөрсөн хугацаанд энэ тохиолдолд яаж шийддэг байсан бэ? Тог тасрахад л халаалт дагаад тасардаг байж боломгүй. Ямар гарц байна вэ?

Эрчим хүчний тухай хуульд нөөц тог байх ёстой гэсэн байдаг ч тэр нөөцийг хэн, хаанаас бүрдүүлэх нь байдаггүй. Манай аймгийн тухайд Хөвсгөл аймгаас цахилгаанаа татдаг. Өвлийн хүйтэнд цахилгааны утас тасрах зэрэг олон шалтгаанаар тог үе үе тасардаг. Харин энэ үед нөөцөлсөн тог, цахилгаан үйлдвэрлэгч байдаггүй. Эмнэлэг, сургууль зэрэг байгууллага дизель түлшээр ажилладаг, жижиг оврын цахилгаан үйлдвэрлэгчээр тогны асуудлаа зохицуулчихдаг. Харин манай үйлдвэрийн тухайд 3000 ваттын хүчин чадалтай болохоор энэ хэмжээний тогийг гаргахын тулд 30-40 ширхэг бага оврын станц хэрэгтэй. Үүний тулд 30-40 тэрбум төгрөг шаардагдана гэсэн үг. Хувийн хэвшлийн байгууллага ийм хэмжээний мөнгө гаргаж чадахгүй шүү дээ.

Урьд өмнө тог тасрах тохиолдолд аймгийн удирдлага, төрийн албан хаагчид бүгдээрээ ажиллаж, асуудлыг маш богино хугацаанд шийдэж чаддаг байсан. Аймаг даяараа усгүй болж байсан ч үе бий. Гэхдээ энэ удаагийнх шиг ийм байдалд хүрч байгаагүй. Саяны тохиолдолд аймгийн удирдлагууд эрчим хүчээр яаж хангах, дулааны үйлдвэрийн ажилчдад яаж туслах, шатсан кабелийг ухаж гаргахад техник хэрэгслээр дэмжсэн бол илүү богино хугацаанд, 600 тонн ус хөлдөхөөс өмнө арга хэмжээ авах боломж байсан. Харин тэд “Аймаг даяараа хөлдчихлөө. Мандал голомт компани хөлдөөчихлөө” гэх мэдээллийг цацах л ажил хийлээ. Ийм мэдээлэл нь 24 цагаар ажиллаж байгаа үйлдвэрийн ажилчдад маань тун хүнд туссан.

Аймгийн удирдлагуудад ийм мэдээлэл тараах ямар шалтгаан байгаа юм?

Эрчим хүчний удирдах газраас дулаанаар хангах компаниудад жил бүр тусгай зөвшөөрөл олгож, сунгадаг. Өнгөрсөн жилийн хурлаар манай аймгийн Дэд  бүтэц хариуцсан орлогч дарга “Мандал голомт компанийн тусгай зөвшөөрлийг сунгах” асуудпалд эсрэг байр суурьтай байсан. Тэрбээр эсэргүүцсэн шалтгаанаа “Стратегийн ач холбогдолтой дулааны үйлдвэрийг хувийн хэвшилд хариуцуулах нь буруу. Төр өөрөө хариуцах ёстой” гэж тайлбарласан байна лээ. Цаана нь ямар шалтгаан байдгийг би мэдэхгүй.

Тэгвэл аймгийнхаа дулааныг хангах төрийн үйлдвэр, станц танай аймагт байгаа юу?

Мэдээж байхгүй. Манай үйлдвэр техникийн хувьд бусад аймгуудтай харьцуулахад хамгийн өндөр хүчин чадалтай нь. Зарим хүмүүс намайг үйлдвэрийг хувьчилж авсан мэтээр ойлгодог. Зуух, шугам сүлжээ байсныг аймагт нь хүлээлгэж өгөөд, дулааны үйлдвэр, станц, техник хэрэгсэл, инженерийн шугам сүлжээгээ бүгдийг бид өөрсдөө барьж байгуулсан юм шүү дээ.

Яг өнөөдрийн байдлаар аймгийн төвийн дулаан ямар байна. Засварын ажлын явцын талаар ярина уу. 

Өнөөдрийн байдлаар манай 1, 3 –р зуух ямар нэгэн гэмтэл саадгүй хэвийн хэмжээнд ажиллаж байгаа. 2-р зууханд л гэмтэл саатал гарснаас аймгийн зарим хэрэглэгчдийн дулаан доголдоод байгаа. Энэ зууханд шаарлагатай сэлбэг хэрэгслийг сая бид хятадаас татан авчираад байна. Энэ 2-р зуухан дээр 7мвт-ын 3 зуух 2 жижиг зуух суурилуулагдсан байдаг. Яг одоогийн байдлаар 2 том зуух 2 жижиг зуух ажиллаж байгаа 1том зуухан дээрээ ул ширэм солих, шинээр под трансформатар тавих ажлууд хийгдэж  байна. Энэ зуухаа 2-3 хоногийн дотор ажилд оруулчихна . Тэгээд нөгөө 2 том зуухаа ээлжлэн зогсоож засвар хийхээр ажиллаж байна. Улаанбаатар хотоос ул ширэм солиход туслахаар мэргэжлийн хүмүүс оччихоод байгаа

 

Саяхан Ховд аймгийн дулааны станцад мөн л доголдол гарч, халаалт зогссон байна. Гэхдээ маш богино хугацаанд асуудлаа шийджээ. Энэ талаар та сонссон уу?

Ховд аймагт 14 мегаваттын зуухтай дулааны станцыг Засгийн газраас арав гаруй тэрбум төгрөгөөр барьж өгсөн. Хэдхэн хоногийн өмнө асуудал үүсч, тэр дор нь хэвийн ажиллагаанд оруулсан талаар сонссон. Цахим орчинд зураг нь ч тавигдсан байна лээ. Аймгийн удирдлага, эмнэлэг, сургуулийн ажилчид нь дулааны станц дээрээ ажиллаж, гар дамжууланнүүрс зөөсөөр  асуудлаа шийдсэн байна лээ. Эв найртай, хамтын хүчээр юуг ч давж болдгийн жишээ энэ.  Харин манай үйлдвэрийн ажилчид гурав хоног өөрсдөө л нойр хоолгүй ажиллалаа. Эцэст нь нутгийн удирдлагуудынхаа таагүй мэдээллийг хэвлэлээр сонслоо. Удахгүй шалгалт хийгдэж, асуудал юунаас үүдсэн нь тодорхой болно байх.