123 мянган модыг газартай нь тэгшилж, элсний карьер болгох гэж байна

Нийгэм / Ц. Анхзул
2018 оны 01 сарын 05

Монгол орны нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжсөн гэх мэдээллийг өнгөрсөн тавдугаар сард БОАЖ-ын сайд Д.Оюунхорол мэдээлж байв.   Тэгвэл цөлжилтийг таслан зогсоох, эрүүл хөрсөө хамгаалах цор ганц арга нь мод тарих, ойжуулах явдал билээ.

Хуйларсан их элсийг долоон жилийн хугацаанд 123 мянган мод тарьжээ 

Цонжинболдогийн элсний карерийн  залгаа 117 га газарт “Ногоон Ази сүлжээ” ТББ мод тарихаар Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ, Налайх дүүргийн Засаг даргад хандан, “100 мянган мод тарих зориулалтаар” газар ашиглах эрхийг 2009 онд авсан байна. Тухайн газар нь Эрдэнэ сум, Налайх дүүргийн маргаантай газар учир ийн аль аль талаас зөвшөөрөл авчээ.

Хуйларсан их элс бүхий газарт долоон жилийн хугацаанд тарьсан мод өдгөө 123 мянга болж, буяцхан ойг үүсгэсэн байна. Мод тарихдаа зудад малаа алдсан, эрхэлсэн ажилгүй орон нутгийн 30 гаруй өрхийг цалинжуулан ажиллуулах, сайн дурын оюутан залуусыг дайчлах зэргээр төрийн байгууллагын ямарваа дэмжлэггүй өнөөдрийг хүрчээ. Малчдыг мод тарих, модоо арчлахад сургах, үргэлжлүүлэн бусдад зааж туслахад зарцуулагдсан цалин, оюутнуудын хоол хүнс, багаж хэрэгсэлд зарцуулагдах хөрөнгө санхүүг БНСУ-ын Сувон хотын захиргаа ивээн тэтгэж, 2016 оны байдлаар нийт хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.  

Байгал орчиндоо хайртай олон мянган залуусын сэтгэл, хүч хөдөлмөр, хөрөнгөөр бүтсэн элсэн дундах бяцхан ой өнөөдөр сүйрлийн ирмэгт тулж, эх дэлхийдээ хайртай хүмүүс бидний  тусламжийг хүсч байна. 123 мянган мод газрын хөрстэй тэгшлэгдэн, хөрсөн дээр нь элсний карьер байгуулагдах эсэхийг шийдвэрлэхэд та бид дуу хоолойгоороо нөлөөлж чадна.

117 га газарт ой найгах эсвэл элс бужигнах нь удахгүй шийдэгдэнэ 

Тодруулбал, 123 мянган мод бүхий 117 га газрыг “Монгол стандарт” гэх компани “Элсний карьер эрхлэх” зориулатаар ашиглах гэрчилгээг 2009 онд гаргуулж, 2015 онд сунгуулсан байна. Ийнхүү газар олгосны 55 хувь буюу 59 га газар давхардан олгосноос цөлжилтийн эсрэг ургасан буцхан ой газрын хөрстэй тэгшлэгдэх аюултай тулгараад байна.

Ц.Ганбат захиралтай “Монгол стандарт” компанийн тухайд ойн залгаа элсний карьер эрхэлдэг бөгөөд ашиглалтын гэрчилгээнийхээ дагуу ой бүхий газрыг элсний карьерийн зориулатаар ашиглахаар техник хэрэгслээ оруулсан байна. Харин мод тарьсан иргэд, оюутнууд ойгоо хамгаалахын тулд шүүхэд хандсан ч анхан, дунд шатны шүүхээс ялагдсан хариу сонсчээ. Гэвч эцсийн найдлага болгон улсын Дээд шүүхэд хандсан бөгөөд шүүх хурал энэ сард багтан болох аж.

Дээд шүүхийн тогтоол “Монгол стандарт” компанийн талд гарсан өдрөөс ой мод газартай тэгшлэгдэх тул ногоон байгал, эх дэлхийнхээ төлөө, эрүүл газрыг чимээгүйхэн залгилж буй цөлжилтийн эсрэг дуугаа хүргэхийг иргэдээсээ хүсч байна.

Ойн эргэн тойронд элсний карьерийн 16 компани үйл ажиллагаа явуулж байгаа нь “ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ,АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ” хуулийн 4.1-т заасанчлан “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэх заалтыг  зөрчиж байгааг хуульчид хэлж байна.