Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 1 дүгээр сарын 3, 2018

TIME 5 МЭДЭЭ / Time Admin
2018 оны 01 сарын 03

1. Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлын явц 98 хувьтай байна

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өчигдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж буй Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцжээ. Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлын явц 98 хувьтай байгаа бөгөөд нисэх буудлыг Улаанбаатартай холбох авто замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр тус улсын компани барьж эхэлсэн байна. Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр барьж буй нисэх буудлын цогцолборын ажилд Япон, БНСУ, Монголын 50 орчим компанийн 2700 ажилчин оролцжээ. Компаниудын 70 гаруй хувь нь дотоодынх бөгөөд нийт ажилчдын 85 хувь нь монголчууд юм байна. [Gogo.mn]

2. Зарим шатахуун түгээх станц борлуулалтдаа хязгаарлалт хийжээ

 “Магнай трейд”, “Сод монгол”, “Тэс пэтролиум” зэрэг компаниудын шатахуун түгээх зарим салбарууд АИ-92 авто бензин, дизель түлшний жижиглэнгийн борлуулалтдаа хязгаарлалт хийсэн нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газраас явуулсан шалгалтын явцад илэрчээ. Тодруулбал, шалгалтаар “Тэс пэтролиум”-ийн Улаанбаатар хотын 26 салбарын зургаад нь 30 мянган төгрөгөөс дээш АИ-92 болон дизель түлш худалдаалаагүй, “Сод монгол” компанийн шатахуун түгээх станцууд дизель түлшийг зөвхөн өөрийн компанийн “Ай Си” картаар олгохдоо худалдан авалтын дээд хэмжээ 100 мянган төгрөг байхаар тогтоож, “Магнай трейд” компанийн хувьд 92 дугаар шатахуун түгээх станцад дизель түлш болон АИ-92 шатахууныг худалдаалаагүй байжээ. [ikon.mn]

3. Шанхайд монгол оюутан бусдын гарт амиа алджээ

БНХАУ-ын Шанхай хотод монгол оюутан бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэрэг явдал өнгөрсөн оны эцсээр гарсан гэх мэдээлэл байна. Тэрээр Шанхай хотод магистрт суралцаж байсан аж. Талийгаач оюутны ар гэрийнхэн нь өчигдөр Шанхай хотыг зорьсон бөгөөд БНХАУ-д суух Элчин сайдын яамнаас томилогдсон ажилтнууд Шанхайд ажиллаж байна. [Eagle.mn]

4. Албан тушаалтнууд оффшор дансаа энэ сарын 4-ний дотор хаах ёстой

Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтан нь офшор бүс дэх банкны дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах зөвлөмж, чиглэл хүргүүлээд байна. Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор батлагдсан Ангиль, Бахамын арлууд, Бахрейны Хаант Улс, Белиз Улс, Бермудын арал, Британийн Виржинийн арлууд, Жерси, Кайманы арлууд, Куукийн арлууд, Лихтенштейний Вант Улс, Маршаллын арлууд, Мэний арал зэрэг 34 бүс нутагт оффшор данс эзэмшдэг, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан нийтийн албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүд нь энэ талын үйл ажиллагаагаа 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөр зогсоож, энэ тухайгаа Авлигатай тэмцэх газарт 2018 оны 2 дугаар сарын 4-ний дотор мэдүүлэх зохицуулалттай юм. [News.mn]

5. Манай улсын шатарчид 177 орнoос чансаагаараа дахин 57 дугаар байрт бичигджээ

Дэлхийн шатрын холбооноос 2018 оны нэгдүгээр сарын чансааг шинэчлэн гаргаснаар /ФИДЕ-гийн чансаа/ манай улс 177 орнoос дахин 57 дугаар байрт бичигджээ. Сар бүр шинэчлэгддэг уг чансаагаар манай улсын шатарчдын чансааг Олон улсын Их мастер Ц.Батчулуун (2561), эмэгтэй шатарчдын чансааг Олон улсын мастер, эмэгтэйчүүдийн Олон улсын Их мастер Б.Мөнгөнтуул (2410) нар тэргүүлсээр байна. Дэлхийн шилдэг шатарчин 100 охидын жагсаалтад Олон улсын мастер, эмэгтэйчүүдийн ОУИМ Д.Номин-Эрдэнэ 2356 чансаагаар найм, ФИДЕ мастер Б.Амина 2256 чансаагаар 46, эмэгтэй олон улсын мастер Ү.Үүрийнтуяа 2216 чансаагаар 60 дугаарт байрт тус тус бичигдсэн байна. [Montsame.mn]

6. Сөүл Пхеньяныг цэрэггүй бүсэд хэлэлцээрт урилаа

БНСУ-ын хоёр Солонгосын Нэгдлийн сайд Чо Мён Кюн Пхеньяныг энэ сарын 9-нд Панмунжом дахь цэрэггүй бүсэд хэлэлцээрт урилаа. Өндөр түвшний яриа хэлэлцээрийн гол сэдэв нь ямар асуудлууд байх тухай сайд нарийн тайлбарлаагүй байна. БНСУ-ын хоёр Солонгосын Нэгдлийн сайд Чо Мён Кюн Пхеньяныг энэ сарын 9-нд Панмунжом дахь цэрэггүй бүсэд хэлэлцээрт урилаа. Өндөр түвшний яриа хэлэлцээрийн гол сэдэв нь ямар асуудлууд байх тухай сайд нарийн тайлбарлаагүй байна. [Time.mn]

7. Дэлхийн хүн амын тоо 78 саяар өсчээ

2018 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар дэлхийн хүн амын тоо 7 тэрбум 444 сая 443 мянга 881 байна гэж АНУ-ын Хүн амын тооллогын товчоо мэдэгдэснийг “ТАСС” агентлаг уламжлав. Энэ нь 2017 оны нэгдүгээр сарын 1-ний үеийнхээс 78 сая 521 мянга 283-аар буюу 1.07 хувиар өссөн  үзүүлэлт юм. Тэгвэл тус товчооны мэдэгдсэнээр, ирэх онд секунд тутамд 4.3 сая хүүхэд мэндэлж, 1.8 сая хүн хорвоог орхих аж. [Montsame.mn]

8. Бразилын шоронд үймээний улмаас 9 хоригдол амиа алджээ

Бразилын төвийн Гояс мужийн шоронд зэвсэглэсэн хоригдлууд шоронгийн эсрэг жигүүрт байрлах өс хонзон бүхий дээрмийн бүлэглэлийн хэсэг рүү дайрснаар үймээн эхэлсэн байна. Хоригдлууд нэгнийхээ аминд хүрснээс гадна шоронгийн харгалзагч нар үймээнийг намжаах гэж оролдох үеэр нэг хоригдлыг буудаж, хөнөөжээ. Буудалцааны дараа хоёр бүлэглэлийн нийт 100 гаруй гишүүн шоронгоос оргосон байна. [News.mn]

9. Өмнөд Солонгосын санхүүгийн зохицуулах байгууллага Монгол хэлээр гомдол хүлээн авдаг болжээ

Өмнөд Солонгосын засгийн газрын харьяаны санхүүгийн зохицуулах байгууллага FSS (The Financial Supervisory Service) өнөөдрөөс эхлэн банк, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой гомдол хүсэлтийг гадаадын 14 хэл дээр хүлээн авдаг болжээ. Тус байгууллага гадаад хэлний орчуулгын үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулснаар Англи, Хятад, Япон, Вьетнам, Монгол, Индонез, Тай, Бенгал, Камбож, Шри Ланка, Балба, Орос, Узбек, Бирм хэлүүдээр гадаадын иргэдээс материал хүлээн авах болсон байна. [ikon.mn] 

10. АНУ Ираны эсэргүүцэгчдэд дэмжлэг үзүүлнэ

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Иранд болж буй эсэргүүцлийн хөдөлгөөний гишүүдэд тал бүрийн дэмжлэг үзүүлнэ гэдгийг өчигдөр орой АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс амлажээ. Тэрбээр твиттер дэх өөрийн хуудсан дээр “Ерөнхийлөгч Дональд Трамп болон АНУ-ын дэд ерөнхийлөгчийн хувиар миний бие өнгөрсөн цаг хугацаанд гаргаж байсан ичгэвтэр алдааг гаргахгүй гэдгээ мэдэгдэж байна. Бид одоо нүдэн балай, чихэн дүлий суухгүй. Харин ч чанга хатуу, харгис дэглэмтэй тэмцэл хийж байгаа Ираны ард түмний баатарлаг эсэргүүцлийг дэмжих болно. Ираны ард түмэн үнэхээр бухимдалтай байгаа нь харагдаж байна. Тэд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байна. Бид тэдний итгэлийг алдахгүй. Тэдний хүлээлтийг шийдвэрлэх болно” хэмээн жиргэжээ. [Wikimon.mn]