Г.Лхагвацэрэн: Анх удаа инээдмийн цувралд гол дүр бүтээлээ

Ярилцлага / Time Admin
2018 оны 01 сарын 03

“+17” инээдмийн цувралын жүжигчин Г.Лхагвацэрэн (Жижигээ)-тэй ярилцлаа.

-Урлагийн салбарт хэрхэн хөл тавих болсон бэ?

-Бага наснаасаа сонирхож хүсч байсан мэргэжил учраас энэ салбарт хөл тавина гэж эртнээс шийдэж байлаа. Цэцэрлэг, сургуульд байхаасаа л урлагийн чиглэлд нэлээд сонирхолтой байсан болохоор жүжигчин болох нь хүсэл мөрөөдлийн минь салшгүй нэг хэсэг байсан даа.  

-Хошин урлагийн салбарыг сонгох болсон шалтгаан?

-Жүжигчин болохоор шийдээд байхдаа телевизээр хошин урлагийн продакшнуудын тоглолтыг их үздэг байв. Тэр бүрийг үзэхэд бусдыг инээлгэх сайхан санагдаж, улмаар хошин урлагийн жүжигчин болбол илүү сайхан юм байна гэж бодож, энэ салбарт сэтгэл зүрхээ зориулж явна. 

-“Маск” продакшнд анх орж байсан дурсамжаасаа хуваалцана уу? 

-Оюутан байхдаа бүжигчнээр анх элсч орж байлаа. Улмаар бүжигчний чиглэлээр жил гаруй ажиллах явцдаа жүжигчний мэргэжлээр сургуулиа төгсөөд дипломоо авсан. Ингээд  “Маск”-ынхаа гурван ахад жүжигчнээр төгссөн гэдгээ хэлсэн. Ингээд тэр гурав маань хүсэл сонирхлыг маань сонсож хамтлагтаа элсүүлж байсан түүхтэй. Анх дотуур байранд амьдарч байхад манай хоёр найз “Маск”-т түрүүлээд орчихсон байсан. Ингээд тэр хоёр надад анх санал тавьснаар “Маск”-ын бүрэлдэхүүнд бүжигчний орон тоогоор нэгдэж байлаа. Тэр үед М.Ган-Очир ах “Маск”-ийн бүжгийг дэглэдэг байсан. Ингээд бүжигчнээр ажиллах явцдаа жүжигчний карьераа эхлүүлсэн. Жүжигчнээр орсны дараа үг хэлж, номерт гардаг болсон гэх мэтчилэн бага багаар ахисаар энэ том гэр бүлийн нэг хэсэг болж байлаа. 

-Та өөрийгөө 10 жилийн дараа ямар байхаар төсөөлдөг вэ? 

-За, 10 жилийн дараа гэхэд мэдээж гэр бүл өнөр өтгөн болсон байх болов уу. Амьдрал төлөв төвшин, тайван болсон байх болов уу. Уран бүтээлийн хувьд маш олон зүйл хийж үзсэн байна гэдэгт эргэлзэхгүй байна. Магадгүй кино найруулагч болчихсон байх магадлалтай. Өөрийнхөө киног найруулаад явж байх ч юм билүү (Инээв). Бас “Маск” продакшныхаа нэг хэсэг хэвээр байна байх аа.  

-Саяхан нээгдсэн “+17” инээдмийн цувралд жүжигчин У.Цогтбаяртай хамтран тоглосон байсан. Анхны гол дүр бүтээж буй цуврал  гэж хэлж болох уу? 

-Тэгэлгүй яахав. Өмнө нь олон ангит кинонд гол дүр бүтээж үзээгүй. Энэ бол гол дүрд ажилласан анхны инээдмийн цуврал. Энэ цувралд “Эмоци” продакшны жүжигчин Цогтоотойгоо партнёр болж ажиллалаа. Цогтоо маань хошин урлагийн жүжигчин учраас ойлголцох, санаа нийлэх явдал их байсан. Бид хоёр оюутан байхаасаа л цөөнгүй бүтээлд хамт тоглож, төрөл бүрийн тэмцээн уралдаанд орж байсан. Тиймдээ ч алсдаа нэг бүтээл дээр ажиллах хүсэл байсан. Уулзах бүртээ санаагаа нийлүүлж явсаар хувьсгалын тохироо бүрдсэн гэдэг шиг “+17” инээдмийн цувралд ханцуй шамлан орж ажилласан даа. 

-Төслийн хамт олноо танилцуулахгүй юу. Хэр хугацаанд хэдэн ангитай ямар бүтээлийн ард гарсан бэ? 

- “Оранж” энтертайнмент, “Nomadia” pictures, “Movie Art” студи, “Cinema Make up”, “Босго” фильм, зохиолч Г.Анхбаяр, найруулагч Б.Жаргалсайхан нарын баг хамт олон нэгдэж, энэ төслийг бүтээлээ. Нийтдээ 10 анги цувралаар үзэгчдэд хүрнэ. 

 

-Эхний анги гарсны дараа үзэгчдээс эерэг сэтгэгдэл их байх шиг анзаарагдсан. Энэ уран бүтээлээ онцолж, төрөл жанрын хувьд ч юм уу, онцгой зүйлийг нь нэрлэнэ үү? 

-Хүмүүсийн сэтгэгдэл маш сайхан байлаа. Нэлээд эерэгээр хүлээж авсанд баярлаж сууна. Уран бүтээлд маань үзэгчид л үнэлэлт, дүгнэлт өгдөг учраас сэтгэл өег байлаа. Уран бүтээлийн онцлогийн хувьд гэвэл насанд хүрэгчдэд зориулсан инээдмийн төрөл гэж ойлгож болох юм. Бусад инээдмийн кино бүх насныханд зориулсан байдаг бол энэ цуврал зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан гэдгээрээ онцгой юм. Төрөл жанрын хувьд “Скеч комеди” буюу богино хэмжээний  өрнөлтэй, аливааа сэдэвт үл баригдах фантааз, чөлөөтэй байхаар хийгдсэн. 

-Ярилцсанд баярлалаа.

Т. Сансар