Алтай хотод тог тасарсан ч дулааны хангамж алдагдаагүй

Орон нутаг / Time Admin
2018 оны 01 сарын 03

Говь-Алтай аймгийн төв Алтай хотын дулаан хангамжийн  90 орчим хувийг “Мандал голомт” ХХК дангаараа хариуцан ажилладаг байна. Сүүлийн өдрүүдэд тус компанийн үйл ажиллагаа доголдсоноос иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд бодитой хохирол учрах нөхцөл үүсээд байна гэх мэдээлэл цацагдсаныг иргэд болон тухайн компаниас үгүйсгэлээ. 

Тодруулбал, “Мандал   голомт”   ХХК нь 2006   оноос аймгийнхаа дулаан хангамжийг хариуцан, 1000 гаруй айл өрх, 100 гаруй   аж   ахуйн   нэгж   байгууллагыг дулаанаар тасралтгүй, найдвартай ханган ажилласаар иржээ. Харин сүүлийн өдрүүдэд тухайн компанийн үйл ажиллагаа, техникийн жижиг алдаан дээр дөрөөлөн улс төр хийх, төрийн нэрээр хувийн хэвшлийн ажлыг булаахыг санаархсан оролдлого зохион байгуулалттай хийгдэж байгааг компанийн ажилтнууд хэллээ. Тухайлбал, өнгөрөгч 12 дугаар сарын 31-ний өдөр тог тасарч, буцаан залгахдаа дөрвөн удаа хүчдэлийг нь өндөр өгснөөс кабел буудсан асуудал үүсэн байна. Уг үйлдлээ дулаан хангамжийн компанийн алдаа мэтээр иргэдэд ойлгуулсан гэлээ. 

Говь-Алтай аймагт дэд бүтэц хариуцсан хоёр орлогч дарга байдаг ч ямар ажил хийдэг нь тодорхойгүй, хариуцсан ажлаа хийж байгаа хувийн хэвшлийг унагахаар хурал хийж, иргэдэд худал мэдээлэл тарааж байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ.