Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 1 дүгээр сарын 4, 2018

Өнөөдрийн 10 / Admin
2018 оны 01 сарын 04

1. 60 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар хангах боломж бүрдэнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Дулааны III цахилгаан станцын чадлыг 250 МВ-таар нэмэх, цахилгаан, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх, IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчлэх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхийг Эрчим хүчний болон Сангийн сайд нарт даалгав. Станцуудын хүчин чадлыг нэмснээр энэ онд гэр хорооллын 19 мянган айл өрх 4 кВт-ын хуримтлууртай халаагуур, цаашид 60 мянган айл өрх халаагуур ашиглах боломж бүрдэнэ. Энэ халаагуур өөрийгөө цэнэглэдэг бөгөөд хуримтлуулсан дулааныг нь өдөртөө ашиглах боломжтой гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэв.  [Zasag.mn]

2. “1000 машины зогсоол”-д эмх замбараагүй байдал үүсэв

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг автомашин худалдааны захуудыг нүүлгэх шийдвэр 2014 онд гарч, Эмээлтэд “Авто худалдааны цогцолбор”-ыг байрьж байгуулаад байгаа билээ. Тухайн цогцолбор нээлтээ хийснээс хойш дөрвөн жил болсон ч нийслэл дэх захуудыг нүүлгэх ажил сунжирсаар өнөөдрийг хүрсэн. Тэгвэл Баянгол дүүргийн IV хороонд байрлах “1000 машины зогсоол” дахь түрээслэгчдийг нүүлгэх ажил яг одоо явагдаж байна. Уг ажилд цагдаагийн алба хаагчид, Газрын алба, Мэргэжлийн хяналтын байцаагч нар оролцож байгаа бөгөөд иргэд төрийн албан хаагчдын дунд үл ойлголдцол үүсэж, эмх замбараагүй байдал бий болоод байна.  [Time.mn]

3. Энэ онд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөхгүй

2018 оны улсын төсөвт хүүхдүүдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийн тэтгэмжид зориулан 164 тэрбум төгрөг хуваарилжээ. Энэ нөөцийг нийт хүүхдийн 60 хувьд олгох аж. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд үндэслэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож байсан ч өнгөрсөн оны сүүлээр улсын төсвийн орлого 500 орчим тэрбум төгрөгөөр давж биелсэн тул бүх хүүхдэд нөхөн олгосон. Харин энэ онд бүх хүүхдэд үргэлжлүүлэн олгохгүй. Засгийн газрын тогтоолын дагуу босго оноо тогтоон, босго даваагүй өрхүүдэд л хүүхдийн мөнгө олгоно гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээллээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Босго оноо тогтоох тухай” 2016 оны тушаалаар Хүүхдийн мөнгөний босго оноог 502,567 гэж  тогтоосон. Энэхүү босго оноог удахгүй дахин шинэчилнэ.  [Gogo.mn]

4. Баруун гар талдаа жолооны хүрдтэй машины гэрлийн тусгалыг өөрчлөх ажил эхэллээ

Авто тээврийн үндэсний төвөөс автомашины их гэрлийн ойрын тусгалыг өөрчлөх ажлыг орон даяар эхлүүллээ. Уг ажлын хүрээнд нийт 10 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх юм байна. Баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгал өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулж, бусад хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсгэн, зорчих хэсгийн зүүн гар тал уруу илүү их гэрэл хуваарилдаг нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй аж. Улсын хэмжээнд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 500 гаруй мянган тээврийн хэрэгслийн 50-иас илүү хувь нь буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй байгаа гэсэн судалгаа гарсан байна. [[Medee.mn]

5. НӨАТ-ын урамшууллыг эхний улиралд багтаан олгоно

Энэ оны эхний улиралд багтааж НӨАТ-ын урамшууллыг татвар төлөгчдөд олгох юм байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжсэн анхны жил болох 2016 онд төлсөн албан татварын 20 хүртэл хувийн урамшуулал хэлбэрээр 499 700 татвар төлөгч иргэнд 35.1 тэрбум төгрөг олгосон. Тэгвэл энэ онд  639 мянга гаруй татвар төлөгч иргэнд 60 гаруй тэрбум төгрөгийн урамшууллыг буцаан олгох юм байна. [Montsame.mn]

6. "Al-Futtaim" компани "Marks & Spencer"-ийн 27 салбар дэлгүүрийг худалдан авлаа

"Marks & Spencer" компани Хонгконг, Макао дахь жижиглэн худалдааны бизнесээ франчайзын түнш "Al-Futtaim"-д зарсан байна. Энэ нь олон улсын зах зээлээс илүүтэй Их Британид бизнесээ төвлөрүүлэх стратегийн бодлогын нэг хэсэг юм. Өнгөрсөн XII сарын 30-нд эцэслэсэн хэлцлийн дүнд "Al-Futtaim" компани "Marks & Spencer"-ийн 27 салбар дэлгүүрийг худалдан авч байна. [Bloomberg.mn]

7. “Оны хамгийн шударга бус бөгөөд хамгийн ихээр худалдагдсан хэвлэл мэдээллийн байгууллага” шагналыг олгоно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Оны хамгийн шударга бус бөгөөд хамгийн ихээр худалдагдсан хэвлэл мэдээллийн байгууллага”-ыг тодруулан шагнал олгох гэж байгаа тухайгаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Д.Трамп хэлэхдээ “Даваа гарагийн 17:00 цагт би оны хамгийн шударга бус, хамгийн ихээр бусдад худалдагдсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд шагнал олгохоо зарлаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн шударга бус байдал болон  худал хуурмаг мэдээлэл нь уг шагналыг гол шалгуур үзүүлэлт нь болно” гэжээ. [Montsame.mn]

8. Хоёр Солонгос холбогдлоо

Хоёр Солонгосын хилийн зурвас дахь шууд холбооны шугамыг Хойд Солонгосын тал өнөөдөр /2017.01.03/ 15.30 цагт нээлээ. БНСУ-ын талаас Хойд Солонгосын тамирчдыг Пёнчаны өвлийн наадамд оролцуулах асуудлаарх дээд түвшний яриа, хэлэлцээг нэгдүгээр сарын 9-нд товлох хүсэлт тавьсны дараа ийнхүү Умардын зүгээс шууд холбоог дахин ажиллуулж эхэлсэн нь энэ юм. [News.mn]

9. Таж Махалыг үзэх хүний тоог өдөрт 40,000-аар хязгаарлалаа

Энэтхэгийн засгийн газар 17 дугаар зууны түүхэн дурсгал болох Таж Махал бунханд зочлогчдын тоог өдрийн 40,000-аар хязгаарлаж байгаагаа өчигдөр зарлалаа. Энэтхэгийн дотоодын аялал жуулчлал хөгжихийн хэрээр Таж Махалд зочлогчдын тоо жилд сая саяар нэмэгдэж байгаа юм. Агаарын бохирдлын улмаас өнгө нь шарлаж байгаа бунхны цагаан гантиг хүний хөлд дарагдахын хэрээр улам бохирдож, арчилж дийлэхгүйд хүрч байгаа ажээ.[ikon.mn]

10. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж хэдэн ч удаа сонгогдох эрхтэй болгожээ

Уганда Улсын Ерөнхийлөгч Йовери Мусевени Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах тухай хуульд гарын үсэг зуржээ. Ингэснээр тус улсын төрийн тэргүүн болохын тулд хэдэн ч удаа сонгогдох эрхтэй болов. Мусевени Угандагийн Ерөнхийлөгчөөр 1986 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа юм. Одоо тэрбээр 2021 онд болох ээлжит сонгуульд нэр дэвших эрхтэй болов. Тэр үед мань хүн 76 настай байх юм. Өмнө нь сонгуульд 75 хүртэлх насны хүмүүс нэр дэвшин оролцох боломжтой байжээ. [Wikimon.mn]