Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 1 дүгээр сарын 5, 2018

TIME 5 МЭДЭЭ / Time Admin
2018 оны 01 сарын 05

1. Төвбанкийг хараат бус болгох чиглэлтэй хуулийн төслийг дэмжсэнгүй

Төв банкийг илүү хараат бус болгох чиглэлтэй боловсруулсан хуулийн төслийн үндсэн санаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар зарим заалт нь дэмжигдсэнгүй. Анхны хэлэлцүүлгийн үеэр "Засгийн газраас Монголбанканд зөвлөмж, чиглэл өгөхийг хориглоно" гэсэн заалтыг хасчээ. Хуулийн төсөлд Монголбанкны үндсэн зорилтыг дэлхийн нийтийн түгээмэл, чиг хандлага болсон “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчлөх тухай тусгагджээ. [Bloombergtv.mn]

2. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг дээшлүүлэн “эерэг” хэмээн үнэлэв

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын зэрэглэл тогтоогч Фитч, Стандард энд пүүрс, Мүүдиз агентлагуудаас тогтоодог. ОУВС-гийн Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд олон талт болон хоёр талт санхүүгийн эх үүсвэр татах нөхцөл бүрдсэнтэй холбогдуулан Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 11 дүгээр сарын 17-ны өдөр зэрэглэлийг “В-” хэвээр, төлөвийг “Тогтвортой”-оос “Эерэг” болгон сайжруулан үнэллээ. [ikon.mn]

3. Монгол залуу Сөүлд таксины жолооч, зорчигчдыг зодож гэмтээжээ

Өнгөрсөн лхагва гаригийн оройн 21:00 цагийн орчим Өмнөд Солонгос улсын Сөүл хотод амьдардаг монгол залуу А нь таксины жолооч болон зорчигчдыг зодож гэмтээсэн хэрэг үйлдэж, тус улсын цагдаагийн газарт саатуулагджээ. Сөүл хотын цагдаагийн газрын мэдээлснээр, тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хажуугаараа өнгөрч байсан таксиг хүчээр зогсоож, улмаар жолооч болон зорчигчдын толгой руу хүчтэй цохиж, нүүрэн тус газарт нь гэмтэл учруулсан байна. [Medee.mn]  

4. Нийслэлд агаарын хамгийн их бохирдолтой хэсэг Баянхошуу

Аgaar.mn сайтад нийслэл хотын агаарын чанарын индексийг харуулдаг. Зурагт харагдаж байгаачлан нийслэл хотын агаарын чанарын индексийн дундаж хэмжээ 300-тай байгаа нь дунд зэргийн бохирдолтой байгаа юм. Нийслэлийн агаарын чанарын хамгийн их бохирдолтой хэсэг нь Баянхошуу байгаа бол Ургах наран хорооллын  агаарын чанарын индексийн тоо 140-ийг зааж буй нь хамгийн бага хэмжээтэй гэсэн үг юм. [Eagle.mn]

5. Монгол тэмээгээр Лондон хүрэг Н.Байгальмаагийн аялал Баянхонгор аймагт үргэлжилж байна

Монгол тэмээтэй Монголоос Их Британийн Лондон хүртэл 12 мянган км газрыг туулах  Н.Байгалмаа хэмээх бүсгүйн аялал 630 дахь км-тээ хүрч өчигдөр Баянхонгор аймагт буудаллажээ. Түүнийг Баянхонгор аймгийн удирдлагууд, нутгийн иргэдийн төлөөлөл тосон авч хүндэтгэл үзүүлсэн байна. Н.Байгалмаа 11 сарын эхээр Улаанбаатар хотоос санаа сэтгэл нэгдсэн зургаан нөхдийн хамтаар аялалаа эхлүүлсэн ч хоёр сарын хугацаанд хамт гарсан аялагчид замаа орхижээ. [Time.mn]

6. Blackberry: "Baidu"-тай хамтран автомат жолоодлоготой автомашины программ хангамж хөгжүүлнэ

Өмнө нь ухаалаг гар утасны үйлдвэрлэлд хүч сорьж байсан "Blackberry" компани "Baidu"-тай хамтран автомат жолоодлоготой автомашины программ хангамж хөгжүүлэхээр боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд "Blackberry"-ийн GNX үйлдлийн системийг "Baidu" компани автомат жолоодлоготой автомашины "Apollo" платформдоо суулгах юм байна. Мөн "Blackberry"-ийн автомашинд зориулсан энтертаймент төрлийн программ хангамжуудыг "Apollo"-д суурилуулах боломжтой гэж компаниуд үзэж байна. [Bloomberg.mn]

7. The Diplomat: Умард Солонгосын харвасан пуужин 240 мянган хүн амтай хотод унасан

Өнгөрөгч оны эхээр Умард Солонгосын харвасан тив алгасах баллистик пуужин 240 мянган хүн амтай хотод унаж дэлбэрсэн гэж АНУ-ын засгийн газрын эх сурвалжууд Токио хотод төвтэй “The Diplomat” онлайн сэтгүүлд мэдэгджээ. АНУ-ын холбогдох албаны хүмүүс хиймэл дагуулаас авсан зургуудад дүн шинжилгээ хийсний дүнд туршилт амжилтгүй болж, пуужин дэлбэрсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. [Montsame.mn]

8. Ираны цэргүүд эсэргүүцлийн жагсаалыг даржээ

Ираны гол хотуудаар зургаан өдөр үргэлжилсэн засгийн газрын эсрэг эсэргүүцэл, тэмцэл дууссан гэж Ираны Хувьсгалт гвардын командлагч мэдэгдсэн байна. Эсэргүүцлийн жагсаалын хамгийн оргил үеэр 15 мянга орчим хүн цугласан, олон нийтийг үймээн самуунд турхирсан гол буруутнуудыг саатуулсан гэж Ираны армийн генерал Мухаммед Али-Жафари хэлснийг “Фарс” агентлаг дамжуулжээ. Улс даяар эдийн засгийн байдал хүндэрч, амьжиргааны өртөг улам бүр нэмэгдэж буйг эсэргүүцсэн жагсаал арванхоёрдугаар сарын 28-нд Машхад хотоос эхэлж, улмаар засгийн газрын эсрэг өргөн хүрээг хамарсан тэмцэл болж хувирсан юм. [News.mn]

9. Таканоханаг Японы Сүмогийн Холбооны захирлын суудлаас огцрууллаа

Дэвжээний эзэн, сүмогийн экс ёкозуна Таканоханаг Японы Сүмогийн Холбооны захирлын суудлаас өнөөдөр албан ёсоор огцрууллаа. Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сард Тоттори хотод гарсан бөхчүүдийн зодооны хэргийн үеэр хариуцлага алдсан гэж буруутгажээ. Японы Сүмогийн Холбоо түүхэндээ анх удаа нэг захирлаа огцруулж байгаа нь энэ юм. Токиод болсон Сүмогийн Холбооны зөвлөлийн гишүүдийн хурлаар уг асуудлыг шийджээ. [ikon.mn]

10. Шүдний эмч эр ээждээ 744 мянган доллар төлөх шийтгэл амсав

Тайванийн Дээд шүүхийн шийдвэрээр нэгэн шүдний эмч эр өөрийг нь төрүүлж, өсгөн боловсрол эзэмшүүлсэн эхдээ 22,33 сая тайвань доллар буюу 744 мянган ам.долларын нөхөн төлбөр олгох ёстой болжээ. Дээд шүүх өнгөрөгч мягмар гарагт Чу овогт 41 настай эрийн 20 жилийн өмнө ээжтэйгээ байгуулсан ачийг хариулах амлалт бүхий гэрээгээ биелүүлэх асуудлыг авч хэлэлцсэн байна. Гомдол гаргагч нь Чу-гийн ээж Ло бөгөөд тэрбээр 1990 онд нөхрөөсөө салж, хоёр хүүтэйгээ хоцорсон аж. Ло хөгширсөн хойно нь өөрийг нь асарч халамжлах хүнгүй болох вий хэмээхдээ 20 жилийн өмнө хоёр хүүтэйгээ гэрээ байгуулжээ. Уг гэрээ ёсоор бол хүүхдүүд нь боломжтой болохоороо ээждээ орлогынхоо 60 хувийг төлөх ёстой гэнэ. [Wikimon.mn]