Хүүхдийн гар утасны донтолтын эсрэг ажиллахыг “Apple”-аас шаардлаа

Технологи / Time Admin
2018 оны 01 сарын 08

“Apple” компанийн хоёр хөрөнгө оруулагч тус компанийн удирдлагуудад хүүхдийн гар утасны донтолтын эсрэг ямар нэгэн чухал арга хэмжээ авахыг шаарджээ.

“Jana Partners” компани болон Калифорни мужийн багш нарын тэтгэврийн тогтолцоо байгууллагаас өнөөдөр “Apple”-д хандсан захидал илгээсэн бөгөөд хүүхдүүдийг гар утсанд донтохоос сэргийлсэн олон арван боломж бололцоог судлан хэрэгжүүлэхийг шаардсан байна. Энэ хоёр байгууллага нь тус компаниас 2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хувьцаа эзэмшдэг аж.

“Apple”-д илгээсэн захидалд “Мэргэжлийн байгууллагууд, хүүхдийн хөгжлийн мэргэжилтнүүд, судлаачдаас Apple-д олон тооны мэдээлэл илгээдэг. Эцэг эхчүүдэд үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах боломжийг олгохын тулд олон сонголттой программуудыг бий болгох шаардлагатай байна” гэж онцолжээ.

“Jana Partners” компани болон Калифорни мужийн багш нарын тэтгэврийн тогтолцоо байгууллагын захидалд хүүхдүүдийн гар утасны хэрэглээ, нийгмийн сүлжээний сайтуудын хэрэглээ болон технологийн дэвшлүүд нь хүүхдийн эрүүл мэндэд хэр зэрэг сөрөг үр нөлөө үзүүлж байгаа тухай хэд хэдэн судалгааг хавсаргасан байна.