Зава Дамдин Ринбучи: Дорж Шүгдэн сахиус бол нэг ёсондоо сахиусан тэнгэр юм

NTV Нэвтрүүлэг / Time Admin
8 өдрийн өмнө

NTV телевизийн “Болзоо” нэвтрүүлгийн дугаарт Зава Дамдин Ринбучи оролцсон дугаарыг хүргэж байна.

-Сайхан өвөлжиж байна уу. Нэвтрүүлгийн урилга хүлээн авсанд баярлалаа.
Урьсанд баярлалаа. 

-Та хийддээ суурин байгаа юу. Таны анхаарлыг сүүлийн үед татаж байгаа зүйл юу байна. Юуг өнөөдрийн нийгмээс олж хараад хүмүүст сануулах юмсан, санаж сэрээсэй гэж бодож байна вэ?
Ер нь яахав, боловсрол л хэрэгтэй. Дор бүрнээ хичээх хэрэгтэй гэж боддог. Үүн дээр л сул байна уу гэж санагддаг юм. Аливаа юманд чигч, нарийвчлалтай, тийм л байгаасай гэж бодоод байгаа.

-Та сүүлд “Юм бүхэнд даруулга хэрэгтэй” гэж хэлсэн байсан. Юу таныг ингэж хэлэхэд хүргэв?
Ажиглаад байхад настан буурлууд бурхны оронд оччихсон, ялангуяа сайхан юм хэлдэг, сургадаг өвгөн настай хүмүүс цөөрлөө. Хүн ахтай дээл захтай гэж ярьдаг. Ах захгүй хүмүүс олширчээ. Даруулгагүй байна гэдэг чинь соёлгүй бүдүүлэг балмад байна гэсэн үг. Балмад иргэд улс оронд олширвол ичгүүртэй хэрэг биз дээ. Тэгж л бодогдоод хэлсэн.

-Би таныг “Чойжин ламын сүм музей”-д уулзъя гэж урьсан нь учиртай. Яагаад гэхээр энд шүгдэн сахиус залаатай байдаг. 
Олон сахиус бий л дээ. Арван Хангал, Ядам бурхан, баатар дагинасууд бий. Бас лам багш нарын хөрөг дүрүүд ч бий. Энд ер нь би байнга ирж мөргөдөг.

-Олон хүний асуухыг хүсэж буй нэг асуулт байна. Та Гандантэгчэнлин хийдэд очдог уу?
Ямар ч гэсэн жилдээ нэг удаа очиж, мөргөл хийдэг. Эрхэм нандин шүтээнүүд тэнд байна. Бас өвгөн лам нар таарвал золгоно. Одоо ч гэхдээ ховордсон л доо. Миний хоёр ч багш маань тэнд саатдаг байсан. Тэгээд яахав юу хэлэх гээд байна гэхээр заримдаа хүнд юм хэлэхээр үг даахгүй байна. Эргэн тойронд нийтлэг энэ байдал анзаарагдаж байна. Тэгэхээр бид хэдийн үг хуучны сайчуул шиг даацгүй болчихсон юм болов уу. Магадгүй би багш нараа санагалзаад байдаг байж магадгүй.

-Та сая амандаа гадаад дуу аялалаа. Харагдах байдлын хувьд ч гэсэн та бидний мэдэх лам гэдэг тогтсон ойлголтоос өөр хүн. Энэ таны өөр байдалтай холбоотой юу. Бидний хоцрогдсон байдалтай холбоотой юу?
Тэгж ойлгож болохгүй байх. Миний л өөрийн зан байх.

-Таныг харахад урлагийн ч юм уу мэдрэмж төрдөг. Догшин хутагтыг санагдуулдаг  ч гэх юм уу?
Догшин ноён хутагт бол гайхамшигтай төрөлхийтөн хүн л дээ. Тийм хүмүүс бол эгэл бус хүмүүс байдаг. Бид хэд чинь одоо ингээд бурхны номонд суралцаад явна гэдэг чинь эгэлээс ангижирах гээд л яваа юм шүү дээ. Эгэл бус болгохын тулд л бурхны ном бий болсон шүү дээ. Харин ертөнцийн сургааль, амьдралын сургааль бол аав ээж сургана. Сургууль соёлд явна. Амьдралыг энэ бүхнээс сурна. Тэгвэл бурхны ном юуг заагаад байна гэхээр амьдралаас гарах, эгэлээс гарах тухай л заагаад байгаа шүү дээ. Жишээлбэл Их хөлгөний сургаальд Бодьсадва болно гэж зорьдог. Их хөлгөн гэдэг бол их тэрэг шиг. Тэр тэргэнд суугаад явдаг Бодьсадва буюу баатар сэтгэлтэн тийм л хүн болох гээд зориод яваад байгаа юм даа. Түүнээс биш бурхны ном үзээд сайхан амьдрах гээд яваа хэрэг биш. Харин урлаг бол угаасаа шашин соёлтой холбоотой зүйл л дээ. Янжинлхам бурхан бол манай урлагийн тэнгэр шүү дээ. Мөнх 16 настай бурхан. Тэгэхээр Янжинлхам бурхны авшигийг хүртээд, тарнийг нь би хааяа тоолдог юм. 

Таны бичсэн дуунууд байдаг?
Тийм. Бидэнд чинь байгалийн сэтгэл гэж бий. Сурсан байдаг юм уу, авьяас гэдэг юм уу тийм нэмэлт сэтгэлүүд бий. Зарим юм бол байгалийн сэтгэлээс ундарч гарч ирдэг. Ойрын үед бол тэр шүлэг дуулал толгойд ерөөсөө орж ирэхгүй байна. Янжинлхам бурхан хол байгаа юм байна даа гэж бодох болсон. Нэг хэсэг чинь бол бүх л юм шүлэг болж, дуу болж бодогдоод байсан. Тэр авьяас хаашаа алга болчихов оо гэж бодогдохоор байгаа шүү. 

-Сэтгэл хөдөлгөсөн үйл явдал тохиолдохгүй байгаа юм болов уу?
Магадгүй. Баргийн юманд сэтгэл хөдлөхөө ч больж байгаа юм байлгүй. Энэ нь магадгүй шалтгаантай байдаг байх. Түүнээс биш зохиоё доо гэж бодож сууж байгаад хийж байгаа зүйл алга. Зүгээр яахав, хааяа зураг зурмаар санагдаад, зурж байгаа. Бичих барих ажил их л байна даа. “Амарна гэдэг чинь ажлаа өөрчлөхийн нэр шүү” гэж ээж маань байнга сургадаг юм. бид хэд чинь лам болсноор амралт авна гэдэг ч юм уу зүйл байхгүй. Өдөр тутмынхаа номыг уншина. Бясалгалаа хийнэ. Тэгээд хажуугаар нь хийд орныхоо лам нарын боловсролд анхаарна. Дээр нь бас энэ хөдөө хээр байдаг болохоор тэр амьдрал ахуйгаа авч явах үүрэг ачаа байна. Тэр болгоныг зэрэг аваад л явна даа. Зөвхөн эрдэм соёлоос гадна эдийн засаг бүгдийг нь авч явна. Одоо ингээд шуналгүй болж байна эд хэрэггүй гэхгүй. Аливаа соёлыг эдээр бүтээдэг юм чинь. Яахав дотоод соёл бол тэр хүнийхээ сэтгэлд авьяас болоод дараа төрөл рүүгээ явна. Харин гадаад соёл бол дандаа эдээр бүтдэг. Тэгэхээр хүмүүс лам гэхээр шуналаа таслаад эдийг тэвчихийг хэлнэ гэж ойлгож байх шиг байна. Шуналаа тэвчинэ гэдэг чинь сэтгэлийн шуналаа тэвчихийг л хэлнэ шүү дээ.

-Та өөрийн брэндийг үүсгэсэн нь ийм учир шалтгаантай гэж ойлгож болох уу?
Брэнд гээд яривал би Hermes-ийн гутал өмсөх дуртай. Айхтар баян тансагдаа ч биш. Тэр Hermes гэдэг хүүхэд Францад байжээ. Аав нь амгай зуузай, хазаар, дөрөө хийдэг. Тэгээд тэр хүүхэд мориндоо их хайртай. Яаж морийг өвтгөхгүй, шархлуулахгүй мориныхоо биеийг холгохгүй юм хийх вэ гэж аавдаа тусалдаг байсан гэдэг. Тэгээд тэр брэнд гарч, одоо тэр брэндийг авч яваа зургаа дахь үеийнхэн нь амьдарч байна. Миний хувьд “ZD”-г нээх болсон шалтгаан нь ийм учиртай.  Нэг удаа дагинасын таван өнгийн дээл хийлгээд, тэрэндээ хуучны товчноос үлгэр авч товчнууд хийлгэсэн юм. Бас тэр титэм дээр нь хуучны дагинасын хувцаснаас үлгэр аваад очир хийлгэлээ. Дагинасын титэм дээр эрхи бас хэлхүүлсэн юм байна. Эдгээрийг хийхдээ Богдын ордонд орж үзээд бас Бээжинд хааны ордонд байдаг зүйлсийг олж үзээд тэгээд хийлгэсэн. Тэгж байтал энэ ZD гэж байгуулъя гэж бодсон. Хамгийн гол нь чанартай сайхан зүйл хийе гэж бодсон. Тэгээд яахав ерөнхийдөө сонирхол гэх үү дээ. Урьд нь би дотоод гадаадын хүмүүст загвар гаргаж өгдөг байсан юм. Тэгээд тэр хүмүүс миний загварыг хөөрхөн үнэлчихдэг. Яагаад ийм загвар гаргадаг вэ гэхээр өмнө хэлсэнчлэн “амарна гэдэг ажлаа өөрчлөхийн нэр” гэж.  Тийм л учиртай. Лам хүний хувьд хамгийн гол бас хэцүү ажил бол бясалгал. Бясалгалд удаан суугаад алжаавал ном уншина. Ном уншаад алжаавал юм бичнэ. Юм бичээд алжаавал зурна. Зөвхөн суугаад байхгүй, гараад бас сүм дуганыхаа ажилд оролцож, биеийн хүчний ажил хийнэ. Бид хэд өөрийн нэрийн бүтээгдэхүүнтэй болчихвол хааяа тэрэн дээрээ зав гаргаад загвараа гаргаад суугаад байвал сайхан амралт болно.

-Нэг талаасаа та татвар төлдөг бизнес эрхлэгч болж байна тийм үү. Хүн ажиллуулна , цалинжуулна?
Тэгэлгүй яахав. Нэлээд хэдэн хүн цалинжуулаад татвараа төлнө. Дээр нь хийд орноо сайхан өргөжүүлнэ. Жишээлбэл, бид номын сангаа энэ жил барьж байна. Ерөнхийдөө дуган нь бэлэн болчихсон. Номын сан байгууллаа гэхэд маш сайхан хүрэн зандан байдаг юм уу их л чанартай модоор хийлгэнэ шүү дээ. Чанартай байна гэдэг мэдээж үнэтэй. Тэгэхээр тэр үнийг хаанаас олж авах вэ. Сайхан ариун цагаан хөдөлмөрөөрөө л олж авах хэрэгтэй. Гэхдээ “ZD”-д бид тэгтлээ улайраад суугаа юм бол байхгүй. Хааяа зав гарахаар загвараа гаргачихна. Хийдэг хүмүүст нь хэлээд хийлгэчихнэ. Бид хэд яахав олон жил хийд сүмээ байгуулах гэж цалин гэдэг юм байхгүй, олдсон бүх юмаа л дуган сүмдээ зориуллаа. Харин ойрын үед л лам нараа цалинтай болгож байна. Тэгээд лам нар цалинтай болохоор чинь нөгөө нийгмийн даатгал гэх мэт хоёр гурван юм төлдөг юм байна лээ. Хөгжилтэй орнуудад бол энэ бүхэн тогтчихсон л байдаг юм билээ. Бид яахав хөгжиж л байна. Нийгэм ийм л байдлаар хөгждөг биз дээ. 

-Дуганы нээлтийн үеэр таныг "Нисэж байна" гэсэн зураг цахимд нэлээд тархсан. Үнэн хэрэгтээ та шилэн шалан дээр зогсож байсан. 
Тэр яахав дээ, зохион байгуулалттай л тэгдэг юм шиг байна лээ. Популизм гэдэг дээ. Яг тэр популистуудын хийдэг гүтгэлэг доромжлол. Тэрэндээ бүр гаршчихсан өөрсдийн технологитой болчихсон бүлэглэл байна. Тэр нэг хэсэг хүмүүс ерөөсөө компьютерийн ард суучихаад нийгмээрээ тоглоод байна шүү дээ. 

-Лам хүмүүст нууц тарнийн шид гэж байдаг. Тийм зүйлүүдээс та эзэмшсэн үү. Энэ тухай ярьж болдог юм болов уу?
Лам хүн яагаад ном үзээд тарнийг бясалгаж байна гэдэг чинь түрүүний хэлдэгчлэн Бодьсадва болох гээд яваад байгаа. Тэгэхээр зэрэг илбэ жилбэ сур гэж багш нар хэзээ ч заахгүй. Юу заадаг вэ гэхээр увидас дандарын судрыг заагаад, хэрэгжүүлээд эхэлбэл үйл сэтгэлчлэн бүтдэг гэж ярьдаг даа. Тийм болж ирж байгаа нь шид юм. Түүнээс биш тэнгэрээр нисээд, шороо руу шумбалаа гээд амьтны зовлонгүй нимгэлэхгүй биз дээ. Тийм учраас илбэ жилбэ гэж ойлгож болохгүй. Надад сэтгэл дундуур байдаг нэг зүйл байдаг нь үүнтэй холбоотой. Юу гэхээр зорьж ирж байгаа хүмүүс нүгэл хилэнцээ яаж наманчилах вэ гэдэг ч юм уу, буян яаж хураах вэ гэдэг ч юм уу тийм зүйл асуухаасаа илүүтэй мэргэ төлөг асуугаад, ид шидээр өвчнийг арилгачихна гэж бодож ирдэг. Яахав лам нар тусгай тарнийн номынхоо увидасаар засал ном мэдээж хийдэг. Одоо жишээ нь том том заслууд бий. Тэдгээрийг нарийн хийвэл үнэхээр тус болдог. Ном гэдэг чинь уг нь адис жанлавтай зүйл. Адистэд гэдгийг хүмүүс сүүлийн үед ер нь хэрэглэхгүй байна л даа. “Энерги авна” л гэж яриад байх юм. Тэр хүмүүсийг харахад сүсэг байхгүй байх шиг. Гэтэл сүсэг бишрэл гэдэг чинь их ариун гэгээн зүйл юм. Сэтгэл гэдэг чинь өөрөө гэрлийн мөн чанартай. Тодорхой гэгээн гэрлийн мөн чанартай. Тэндээс гарч байгаа тэр их хүндлэл хайр нандигнал бол сүсэг. Тэр сүсгээрээ лам багшаасаа номын адис авах, номонд суух, өөрөө ном үзээд суух нь гол юм. Түүнээс бол шид гэдэг бол хаа сайгүй л байж байдаг зүйл. Шид гэхээр заавал олныг гайхшруулсан зүйл байх албагүй. Бид хэдийн сэтгэл бол нүүрс шиг юм байгаа юм. Тэгэхээр тэр нүүрсийг угаагаад угаагаад улам харлаад байна. Их хэцүү.

-Энэ талаар яг танаас асуух гэж байлаа. Нүгэл арилж болдог гэж ярьдаг. Нэгэнт нүгэл үйлдсэн хүн нүглээ цайруулах арга чарга юу байдаг юм. Дараагийн амьдралдаа зөв аятайхан амьдрахын тулд энэ амьдралдаа нүглээ наманчлах хэрэгтэй байх?
Нүгэлээ гэмшиж наманчлах нь дараа төрөлд, мэдээж энэ амьдралд ч хэрэгтэй. Гэхдээ ер нь бол хүмүүс арван хар нүглээр амьдарч байна. Бид ч бас урьд нас, тэрний урьдын урьд насны авьяасын эрхээр нүгэл үйлдчихдэг. Тэр нүглийг наманчлах олон арга байдаг. Нүглээ наманчилж гэмших хэрэгтэй. Дахиад хийхгүй гэсэн сэтгэл төртөл гэмшиж наманчлах учиртай. Дотроо өөрөө өөртэйгээ ярьж болно, хамгийн чухал нь Дүншигийн 35 бурхан гэж байдаг. Хилэнцийг наманчлах 35 бурхан юм. Тарнийн арга гэвэл Базарсад буюу Очирт сэтгэлтний бясалгалаар тэр нүгэл хилэнцийг наманчлах арга байна. Бурхны өмнө очоод бие хэл сэтгэлээ бодож нүглээ наманчилж болно. Нүглээ бодож наманчлаад байхаар тэр муу авьяас чинь элэгдэж байхгүй болдог. Тэгээд үйлийн түйтгэр гэж байдаг. Их нүгэл хураасан хүн бол мэдэлгүй очоод хүн дайраад алчихдаг ч юм уу, мэдэлгүй очоод хүний хөл гарыг гэмтээчихдэг ч юм уу. Өөрөө хийе гэж бодоогүй мөртлөө тийм зүйлтэй учирдаг нь үйлийн  түйтгэр юм. Урьд насандаа ч юм уу, энэ насандаа хийсэн үйлийн үр. Тэр түйтгэрийг дарахын тулд муу авьяасаа дарна. Муу авьяасаа дарахын тулд одоо хийж байгаа том нүглүүдээ тэвчиж эхлэх хэрэгтэй гэж байгаа юм. “Эрдмийг багаас нь сурна, гэмийг томоос нь тэвчинэ” гэдэг бол бурхны сургаалийн бас нэг алтан зарчим. 

-Хүний дотор хүний ертөнц бас амьтны ертөнц, бурханлаг ертөнц оршдог гэдэг. Тэгэхээр та түрүүн хэллээ. Бид 10 хар нүглээр амьдраад байна гэж. Одоо цагийн хүмүүст ямар ертөнц нь давамгайлдаг бол?
Амьтнаас ч долоон хүмүүс зөндөө байна. Тэр нүглээр амьдарч байгаа хүмүүс бол амьтнаас долоон дор байгаа хэрэг юм. Амьтан бол ядаж нэгийгээ доромжлохгүй биз дээ. Одоо цагийн хүмүүс нэг зарчимтай л болмоор байгаа юм. Хүнийг шүүмжилж болно, шүүж болно. Гэхдээ хүнийг доромжлохгүй байх л их чухал. Дээр үед, номт хаадын үед алах ялтай хүнийг ч доромжилдоггүй байсан. Балмад хаадын үед бол харин хүнийг доромжилж гутааж байж алдаг байсан гэдэг ч юм уу. Нэг нэгэндээ хүний ёсоор байх л их чухал байна. Гутаал доромжлолын үйлийн үр гэж хүн их л муу юм эдэлнэ шүү дээ. 

-Нийгэмд болж байгаа зүйлийг ажиглаад боддог юм. Бага насны хүүхдүүд олон муу муухай зүйлд өртөж байна. Ялангуяа сүүлийн үед бяцхан хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. Халуун тогоонд хүүхдээ унагаж, шалзалж байна. Энэ бүхэнд үйлийн үр байна уу. Ямар учир шалтгаан байдаг юм болоо?
Ер нь яахав, үйлийн үр гэдэг бол үсний ширхэгнээс ч нарийн. Бурхны шашны хамгийн хэцүү онол нь үйлийн үрийн онол гэдэг. Танихад маш бэрхтэй. Дүгнэхэд бэрхтэй. Тэгээд одоо нийтийн үйлийн лай гэж байдаг. Нийтийн үйлийн лай боловсроод тэр боловсрол дундаас гарч ирсэн хүмүүс тэр улс орноо удирдах зарим үед сайн байж болно, зарим үед муу байж болно. Одоо бол муу үйл ихсээд байна. Тэгэхээр энэ дээр үеийн судар номуудад юу гэж гардаг вэ гэхээр их шуналтай хаан гарвал ард түмэн нь түүнийгээ дагаад шуналтай болдог. Алж хядах дуртай хаан байвал ард түмэн нь ч бас тэрийгээ дагаад алж хядах дуртай болдог. Ер нь хаан болно гэдэг чинь төрийн тэргүүн болно гэсэн үг. Тэгэхээр төрд байгаа хүмүүс зөв үлгэр дуурайлыг ард түмэндээ үзүүлэх ёстой гэж боддог юм. Зөвийг таниулж, бурууг жигшүүлэх энэ талын юмыг хийх хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй одоо энэ муу муухай юмыг ална, цаазална гээд гэвэл бүгдээрээ л тийм болно. Энэ чинь муу муухайг жигшиж байгаа боловчиг цаанаа хүчирхийлэлд дурлаж байгаа хэрэг юм. Тийм учраас би бодохдоо ийм сайхан ардчилсан, энх тайван орон хүчирхийлэлд ард түмнийг залж болохгүй. 

-Та нийтийн үйл лай гэж ярилаа. Бид нийтээрээ л үйлийн лайгаа эдэлж байгаа юм байна. Утаан дунд, соёлт нийгмийн үйлчилгээг авч чадахгүй бухимдалтай.
Үйлийн лайг монголчууд их хүндэтгэж ирсэн байдаг. Гэтэл одоо үйлийн лай ярихаасаа өнгөрсөн байна. Бүгдээрээ нэг газар очоод энерги аваад, эрч хүч ороод мундаг болоод болчих юм шиг бодоод байна. Жишээлбэл сүм хийдэд очихдоо буян хураая үйлээ нимгэлье гэж зорьж очиж байгаа хүн тун ховор. Зүгээр ном уншуулах гэж, тэгэхдээ бүр баян болох, өвчнөөсөө салах гэсэн ахархан бодолтой байна л даа. Зааж сургаад сургаад сургааль сонсохгүй байна. Яагаад гэхээр оюун санаа бас дээр нь эдээр ядуураад эхлэхээр юун тэр ном сонсох, бодох сөхөөгүй болчихдог юм шиг байна. Тэгэхээр одоо тэгээд үйлээ эдлээд л явна. Би тэд насална, төдийд тэгнэ гэсэн чөлөө бидэнд үгүй. Үйлийн эрхэнд л явна. Яахав засаж залруулах зүйл байвал, өөрсдийн хийж чадах зүйл байвал хийж байя л гэж боддог юм. Жишээлбэл, сүмээ бариад ганган хээнцэр болгохдоо гол нь биш. Тэнд ховор номын сан ховор архив, ховор нандин шүтээнүүд залвал Монголын соёлд хэрэгтэй. Цаашлаад дэлхийн соёлд ч хэрэгтэй. 

Image result for зава дамдин

-“Шүгдэн шүтвэл баяжих уу” гэдэг тийм асуулт танд ирдэг үү?
Ирнэ ирнэ. Нөгөө л популизм явж байгаа гэсэн үг. Ойрын үед би бодож үзсэн юм. Сайхан юм бодъё гэхээр тэр үг санаанд орж ирээд. Тэгээд би өчигдрөөс хойш бодлоо. Популизм гэдэг үгийг гарын доорх толь бичгүүдээсээ хартал тэр үгийг яг л популизм гэдгээр нь тавьчихаж. Монголчлоогүй байна. Би бол нийгэмчлэл гэж орчуулаад байна. Нийгмийн ямар нэг давхаргыг барьж аваад түүгээрээ улс төр хийгээд байна. Популист гэхээр нийгэмчлэгч болох нь. Аймаар үг байгаа биз. Хэсэг хүмүүс нэг хүний өмчинд ороод явчихаж байна шүү дээ. Тэрүүгээр нь аваачаад яаж л бол яаж тоглож байна. Тэгэхээр сахиусны тухай тийм яриа бол байнга л явж байдаг. Тэр бол нөгөө л популизмтай холбоотой. Ийм ахархан бодолтой хүмүүстэй өдөр тутамд тааралдана. Ирж уулзана, бүр ичихгүй асууна. Тэгж бодож юманд хандаж байгаа хүн баяжихгүй, харин ч эсрэгээрээ улам ядуурна. Эд мөнгө байгаад сэтгэлээрээ ядуурчихсан хүмүүс ч дүүрэн байна, хөөрхий. 

-Тэгэхээр тэгш дүүрэн байж чадахгүй байна уу гэж боддог юм?
Тэгш дүүрэн байна гэж үгүй л дээ. Бид чинь орчлонд байгаа юм чинь. Орчлон гэдэг чинь зовлонгийн далай. 

-Яаж тэгвэл тэнцвэртэй байх вэ?
Тэнцвэр гэдэг их чухал. Тэнцвэртэй байдал гэж ярьдаг. Тэр тэнцвэртэй байдал бол бүхэл бүтэн том ухагдахуун. Хувь хүнээс их шалтгаалах юм шиг байгаа юм. Жишээлбэл бид хэд олон боть судар ном үзсэн. Гэвч өдөр бүр түүнийгээ хэрэгжүүлж чадахгүй. Гүн хийгээд агуу номлолууд байна. Тэндээс өөрийнхөөрөө ойлгоод тэнцвэртэй байхад хэрэглэдэг. Орчлон гэдэг бол зовлонгийн далай. 

-Зовлонгийн далай гэж яасан аймаар үг вэ?
Үнэн юм чинь. Тэр зовлонгоос бид хэд зугтааж чадахгүй. Өтөлнө, өвдөнө, үхнэ. Бас янз бүрийн зовлонгууд байна. 

-Үхээд эргэж төрдөг. Аав минь ээж минь эргээд бидэндээ төрлөө гэж ярьдаг. Зовлонгийн далайд эргэж төрөх гээд байна тийм үү. Эргэж төрөхгүй байх боломж байна уу. Гэгээрнэ гэсэн үг үү?
Төгс гэгээрэл гэж ярьдаг. Бурхны хутаг олно гэдэг. Бага хөлгөний ёсоор яваад дайныг дарсны үрийг олно гэж байдаг. Сэтгэлийг дайныг дарах гээд байна шүү дээ. Дайныг дарсны үрийг олсон нь бол архадууд гэж байна. Тэд бол орчлонд эргэж төрөхгүй гэж байгаа юм. Их хөлгөний онол нь бол эсрэгээрээ. Тэр бурхны хутгийг олох зам нь улам л зовлон руу очих хэрэгтэй гэдэг. Өөрөө дайныг дарсны үрийг олоод амирлангуйд суух биш орчлонгийн зовлонтой хэсэг рүү нь явах хэрэгтэй гэж байгаа юм. Тэгж ерөөл тавьж, замбутивд очиж төрье гэж төрдөг. 

-Лам хүнд зовлонтой хүмүүс ханддаг байх. Хүний амьдралын хамгийн хэцүү зовлон юу вэ?
Үхэл хагацал гэдэг хамгийн аймшигтай зовлон. Гэхдээ зовлон бол сэцэн хүний багш гэж үгтэй. Зовлонг өөрийн багшаа болгож, улам бүр хатуужих  хэрэгтэй. Улам бүр зоригтой, чадалтай, мэдлэгтэй болох замд ордог тэр хүмүүс  зовлонг багшаа болгосон байдаг. Харин зовлонд улам бүр сөхөрдөг хүмүүс байна. Ер нь хөөрхий зовлон яриад л ирдэг. Ирэхээрээ л ирнэ. Бүгдээрээ л ирдэг. Хэн байсан ч хамаагүй. Төрийн байсан ч гэсэн зовлонгоо яриад л ирнэ. Хүн юм болохоор би өөрөө хааяа юманд гутарна л даа. Шашин шүтдэггүй гэдэг моод дэлгэрчихэж. Дээр намайг нэг арга хэмжээнд урьсан юм. Тэгээд би очлоо. Тэгсэн хөтлөгч нь ярьж байна. “Энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа хүн бол нэг их тийм шүтлэгтэй биш хүн. Шашныг хүндэлдэг учраас энэ ламыг урьсан юм аа” гэлээ. Гэтэл үгүй юм аа. Намайг урьсан тэр хүн шүтлэгийн дээд шүтлэгтэй. 

Ер нь тэгээд хүн болгонд шүтлэг гарч ирнэ. Зовох юм уу, айх ганцаардахаараа заавал шүтлэгтэй болдог. Нэг тийм шүтэн барилдлагатай учирна. Хүн болгонд шүтлэг байдаг. Обама хүртэл шүтдэг гээд халаасандаа чулуунууд авч явдаг гэж сэтгүүлчид үзүүлээд байна лээ. Тэгэхээр хажуудаа байгаа хүнээ харж чадахгүй байж тэр далд ертөнцөд байгаа бэлгийн мэлмийтнийг хүн дүгнэж чадах уу. Тийм учраас хэмжээ хязгаартай даруулгатай бай гэдэг чинь тэр л дээ. Бүгдээрээ боловсрох хэрэгтэй, бүтээлч хөдөлмөрч байх хэрэгтэй.

-Та ямар сахилтай вэ?
Гэлэн сахилтай.

-Та сахил хүртэхгүй байж болох байсан уу. Сахил хүртсэнээр олон зүйлийг хойш тавьдаг?
Бурхны шашин бол өөрөө их ардчилсан шашин гэж багш маань айлдсан юм. Олонхын үзлийг дагадаг. Жишээ нь, винай дотор бол өөрийн сахиж чадах сахилуудаа анх багшдаа хэлээд тэгээд авдаг сахилууд байна. Чадахгүй гээд буцааж өргөж бас болдог. Бас ямар бурхан шүтэх вэ гэхэд л өөрийн сүсэг, шүтэн барилдлага, сонирхлоор сонгож болдог. Ямар ном үзэх нь ч гэсэн. Түүнээс биш багш нар бол чи яг ингэж энэ сахилыг хүрт, ингэж яв гэдэггүй. Хувь хүн өөрөө сонголтоо хийнэ. Бас хийд оронгийн лам нарын хувьд юмыг олонхоороо шийддэг. Нэг хүн эсэргүүцлээ гэхэд дахиад авч хэлэлцдэг ч юм уу. Тэгж байж шийддэг ёсууд бий л дээ. Бас алтан зарчмууд байна. Нэгэнт та сонгосон замаасаа урваж шарвахыг хэзээ ч заахгүй. Гол нь энэ замд орсон хүмүүсийг нэгэн хэвд цутгах гэж оролддоггүй. Коммунизм бол орон бүхнээрээ нэгдье гээд хар шар феодал гээд бүгдийг нэгэн хэвд цутгах гэж оролдсон. Тэгээд ардчилал эрх чөлөө гэж ярьдаг. Бидэнд юуны эрх чөлөө байна вэ гэхээр сурч боловсрох бүтээх, өөрийгөө хөгжүүлэх, улам л сайн хүн болох тэр л эрх чөлөөг өгсөн гэж би ойлгож байгаа. Түүнээсэ биш дуртай үйлээ хийгээд, дуртай юмаа ярих эсвэл тийм айхтар үзэшгүй юм хийгээд явах нь ардчилал биш биз дээ. 

-Би танаас яагаад таныг сахил хүртэхгүй байж болох байсан бэ гэж асуудаг нь сахил хүртвэл хүн гэр бүлийн амьдралыг хойш тавих болно. Энэ талаас нь бодоход үр удмаа үлдээх боломжгүй боллоо доо гэдэг ч юм уу хүмүүс хардаг байх. Тухайлбал та залуу хүн дурлаж байсан уу?
Олон жилийн өмнө охид надад захиа энэ тэр бичиж байсаан. Энэ яахавдээ хүн болгонд л тохиолдоно шүү дээ. Бурхан багшид ч тохиолдож л байсан байх аа. Лам хүн гэхээр л цэцэгнээс төрсөн юм шиг байна гэж үгүй шүү дээ. Тэгэхээр таны асуултын хувьд гэвэл мэдээж хүн болгонд байдаг л зүйл. Харин үүнийгээ яаж дарах вэ гэдэг нь л чухал. Зүгээр л эмнэг адуу шиг сул тавьчих юм уу. Сэтгэлийн жолоог атгана, сэтгэлийн хүлэг морийг барина гэдэг, тэгээд түүнийгээ эмээллэж хазаарлана гэдэг асуудал. Уг нь бол энэ бүхэн бидний өөрсдийн гарт байгаа шүү дээ. Зүгээр ертөнцийн хүн бол ямар ч тийм сэтгэлийн жолоогүй юм шиг санагдаад байгаа юм. Тэрнээс биш би бол гэгээрсэн гээд би уурладаггүй, инээдэггүй гэсэн тийм юм байхгүй шүү дээ. Жигжид бурхан ямандаг бурхан бол ерөөсөө ертөнцийн уурыг дарах гэсэн бурхны уур байхгүй юу. Тэгэхээр лам хүн гэхээр энэ ерөөсөө тийм инээдэггүй, уурладаггүй, уйлдаггүй хүн биш. Байшингаа ч бариад сум дуганаа бариад бүх л юм байх ёстой. Та түрүүн надаас гадаад дуу аялаад... гэсэндээ. Ноднин бол би нэг хэсэг хард рок дуу их сонссон. Ойрын үед бол уянгын дуунууд классик опера дуунууд сонсооп байгаа. Мэдээж дандаа хөгжим сонсоод байхгүй. Заримдаа машинд уншлагаа уншаад бясалгалаа хийгээд явна. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр тэрийг яаж сонсохоосоо шалтгаална. Энэ бүхнийг би багш нараа сэрүүн тунгалаг байхад нь асууж байсан л даа. “Заримдаа ингээд дуу сонсмоор болоод байх юм” гэж. Тэгэхэд багш “Сонсож болно оо чи. Юу бодож сонсохоос чинь шалтгаална” гэж хэлсэн. Ертөнцийн бодлоор бодож тэрэнд автах ч юм уу байж болохгүй. Бид чинь сэтгэлийн иог их хийдэг. Дотоод бясалгаж байгаа бурхаддаа тахил болж байна гэж бодвол маш том буян хураана. Тэгэхээр би явсан газар болгондоо театраар ордог. Лам нараа дагуулж яваад Большой театрт “Хунт нуур” үзүүлсэн. 

-Та ер нь сэтгэл дотроо байгаа зүйлийг бясалгаж цэгцэлдэг үү. Эсвэл уудлаад хүнд ярьдаг уу. Эсвэл бүтээлдээ гаргадаг уу?
Би одоо хэндээ ярихав. Ер нь бол дотроо л бясалгана. Бас зураг зураад суухад янз бүрийн ээдрээ алга болдог. Хэрвээ тийм юм хийдэггүй бол хүмүүс ярьдаг стресст автах байх. Гэхдээ мэдэхгүй юм би үүнийг ойлгодоггүй. Хүмүүсийн ярьж байгаагаар бол сэтгэлийн хямрал юм шиг байгаа юм тийм үү. Хямрал, зарим нь бол гүн хямрал юм шиг байгаа юм. Хүн тэр хямралыг анзаараад ажлаа өөрчилдөг ч юм уу, өөр зүйл хийж давах хэрэгтэй байх. Адаглаад орчин тойрноо цэвэрлэж болно. Миний заримдаа хийдэг зүйл бол цэвэрлэгээ.  Ер нь би өөрийгөө боддог юм. Хамгийн сайн хийчихдэг зүйл маань цэвэрлэгээ юм байна гэж. Хоолыг бол яахав муухан хийчихдэг. Номондоо бол муу шүү дээ. Гэхдээ л үзсэн номоо хүнд түгээгээд, багш нарынхаа сургааль зарлигаар явж байна. Энэ бол миний үүрэг юм даа. 

-Та хэр зөн совинтой вэ. Таны зүүд биелдэг үү?
Олон хоногоор бясалгал бүтээл хийгээд, хүмүүстэй уулзахгүй байхаар зөн совин их хурц болно. Олон дунд ороод жирийн хүмүүстэй амьдраад ирэхээр зөн совин мохчихдог. Тэгээд зүүдээр ч юм уу, жишээ нь хон хэрээ тэргүүтэй бараан шувуунуудыг хэлний судар гэж байна. Тэд нисэж ирээд үнэхээр юм хэлнэ. Ер нь хамгийн үнэнийг хэлдэг шувуу бараан шувуу байдаг. Шаазгай бол заримдаа худлаа хэлдэг. Бас ямар нэг аюул болох гээд байвал багш нар зүүдэнд орж сануулга өгнө. Тэгэнгүүт болгоомж авна. Энэ бол яахав миний л юм шүү дээ. Таныг асуусан болохоор хариуллаа.

-Та зүүдэндээ аавтайгаа уулзаж байсан уу?
Уулзалгүй яахав. Ойрд харин уулзсангүй. 

-Та сүсэгтнүүдтэйгээ уулзана гэж сонссон. Дорж Шүгдэн сахиусны амин авшиг соёрхоно гэсэн зар түгээсэн байсан. Энэ ямар учиртай зүйл болох вэ?
Ном түгээгээд олон жил болж байна. Сүсэгтэн олонд ном хэрэгтэй. Түүнээс биш бүгдэд нь хүчээр тавих гээд байгаа зүйл биш шүү дээ. Хүмүүс өөрсдийн сүсгээр ирж тэр номонд суудаг. Дорж Шүгдэнг бол ноднин нэг тавьсан. Авшиг тавина гэдэг нь шүтэх эрхийг нь олгож байгаа юм. Нууц тарнийн авшигтай холбогдоно. Тэгээд тэр нь Ямандаг бурхны авшгийг тавина.  Бяслгаж чадах юм бол хүн үүсгэл төгсгөлийн зэрэгт хүрч нэгэн насандаа ч бурхны хутгийг олох боломж бий. Мэдээж тэр бол их хэцүү л дээ. Дорж Шүгдэн сахиусны амшин авшгийг соёрхсноор тэр сахиусаа шүтэх эрхийг авна. Дорж Шүгдэн сахиус бол нэг ёсондоо сахиусан тэнгэр юм. Бас хамгаалагч, сахигч сахиус гэж ойлгож болно. Дорж Шүгдэн сахиусны үйлс нь цахилгаан мэт түргэн гэдэг. Чин сүжигтэй, чин зоригтой байвал Дорж Шүгдэн сахиус сүүдэр мэт дагана. Ер нь бол нэгэнт лам багшид шавь орж авшиг авсан бол түүнээсээ урвахгүй байх хэрэгтэй. Ер нь ертөнцөд ч гэсэн тийм байх ёстой биз дээ. Аливаа нандин ёсноосоо урвана гэдэг чинь ертөнцийн ёс хүртэл алдагдаж байгаа хэрэг. 

-Цаг зав гаргаж бидний ярилцлаганд хүрэлцэн ирсэн танд баярлалаа.