Дундговь аймгийн гурван суманд шүлхий гарчээ

Орон нутаг / Э. Сайнзаяа
11 өдрийн өмнө

Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдад гарсан шүлхий өвчний нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Улсын мал эмнэлэг үржлийн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга бөгөөд улсын малын ерөнхий эмч н.Цолмон  нар тус аймагт ажиллаж байна.  

Дээрх сумдад гарсан  шүлхий өвчний голомт нь томорч байгаа бөгөөд зээрийн хөдөлгөөн, бусад аймгийн отор нүүдэл ихэссэнтэй холбогдуулан хариу арга хэмжээ авах, өвчлөлийг таслан зогсооход хүндрэлтэй байгаа юм. Иймд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр  аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг зохион байгуулж, 15 сумын Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй видео хурлыг хийн,  шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, төрийн алба хаагч, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх талаар тодорхой үүргийг өглөө. Үүнд,

Гамшгаас хамгаалах тухай хуулинд зааснаар иргэн нь гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг  биелүүлэх үүрэгтэй. Иймд аймаг, сумын онцгой комиссын гишүүд малчны хотонд ажиллаж, соён гэгээрүүлэх ажлыг хийж, хариуцлагыг таниулж, малаа хариулга маллагаатай байлгаж, зэрлэг амьтад, зээрийн сүрэгтэй ойртуулахгүй байх үүргийг өгч, гарын үсэг зуруулж, хариуцлагатай ажиллах,

Шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлж, зээр болон тандалт судалгааг мэргэжлийн байгууллагууд хамтран хийж, эрүүл, өвчтэй бүсүүдийн зааг хязгаарыг дахин тодорхой болгох,

Голомтын бүсэд байгаа нутгийн болон отор нүүдлээр яваа малчин өрхийн нарийвчилсан судалгаа гаргах, өрхийн тоо, хүн амын тоо, эрүүл мэндийн байдал, өмнө нь хийгдсэн вакцинжуулалт баримт нотолгоог тодорхой болгох,

Аймаг, сумын хэмжээнд хүнс болон өвс тэжээлийн судалгааг гаргах, голомтын бүсэд байгаа айл өрхийн хүнсний хангамжийн, хүрэлцээг нарийвчлан гаргах,

Голомтын бүс томорч болзошгүй тул эргүүл хяналтын постын ажлыг эрчимжүүлэх, сумын шуурхай командын бие бүрэлдэхүүнийг дайчлах, Засгийн газрын 340 дүгээр тогтоолоор сумын Засаг дарга нь дайчилгаа явуулах эрхтэй тул хүн хүчийг дайчилж, шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг зохион байгуулах,

Сумын эрүүл мэндийн байгууллагын ажлыг сайжруулж, голомтын бүс дэх хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна голомтын бүсэд ажиллаж байгаа бие бүрэлдэхүүний эрүүл мэндэд анхаарч ажиллах,

Отор нүүдлийн судалгааг нарийвчлан гаргаж холбогдох аймгууд руу албан тоотоор дахиж отоор нүүдэл хүлээн авах боломжгүй талаар мэдээлэл хүргүүлэх, мөн Шадар сайдад асуудлыг танилцуулах,

Вакцинжуулалтын ажилд онцгой анхаарч, бэлтгэл ажил болон явцын үеийн хийх ажлын төлөвлөгөө гаргаж, явах маршрутыг тодорхойлон, мал баригчийн боломж, тухайн хүн амын чадвар, тарих тунгийн хэмжээг урьдчилан тооцоолж ажиллах,

Төрийн алба хаагчийн дэг журам, сахилга хариуцлагыг нэмэгдүүлж, 21 хоногийн дотор шүлхий өвчинтэй тэмцэх ажлын төлөвлөгөө гаргах, хариуцах эзнийг тодорхой заах, дотоод нөөц боломжоо бүрэн дайчлах, оны эхэн тул хөрөнгө санхүү хүндрэлтэй байна, иймд санхүү хөрөнгөөс гадна зохион байгуулалт, байгууллага хоорондын ажлын уялдааг сайжруулах,

Мэргэжлийн хяналтын байгууллага шүлхий өвчинтэй тэмцэх ажил норм, стандартын дагуу зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавьж, аймгийн Засаг даргад  хууль тогтоомжийн хүрээнд зөвлөгөө өгч ажиллах зэрэг үүргийг өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.