Ц.Оюунгэрэл: Тэдний туулсан “нууц” зовлонг хүн бүр мэддэг болно гэж бодохоор...

Ярилцлага / Ц. Анхзул
9 өдрийн өмнө

2008 онд хэвлэгдсэнээсээ хойш шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсээр буй “Ногоон нүдэн лам” номын хоёр дахь дэвтэр “Жаран цагаан хонь” нээлтээ хийгээд удаагүй байна.  6000 хувь хэвлэгдсэн нь долоохон хоногт борлогдоод дууссан болохоор уншигчид эрэл, сураг тавин дахин хэвлэлтийг хүлээж буй энэ үед номын зохиогч, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Цэдэвдамбын Оюунгэрэлтэй ярилцсанаа хүргэж байна.

“Жаран цагаан хонь” номоо өлгийдөн авсанд тань баяр хүргэе. Номын нээлтийн үеэр уйлахыг тань хараад номоо бичих үеийн сэтгэлзүй хүнд байжээ гэж ойлгосон.

Баярлалаа, уг нь би уйлна гэж бодоогүй. Номынхоо ихэнх баримтуудыг ахмадуудаараа яриулж, аман яриа хэлбэрээр цуглуулсан. Тэд маань маш олон жил сэтгэлдээ тээж явсан зовлон, хүнд хэлж болдоггүй, хоорондоо ч ярьж болдоггүй, бичиж үлдээх эрхгүй тийм хүнд амьдралынхаа тухай, түүний шалтгааны тухай надад илэн далангүй ярьж өгсөн. Ярих үедээ ингэж ярьж болж байгаа болов уу гэж болгоомжилж, зарим нь энийг л яръя гэж боддог байсан, заавал бичиж үлдээгээрэй гэж захиж бичүүлж байлаа. Ахмадуудынхаа олон жил сэтгэлдээ тээж ирсэн нууц зовлонг номондоо бичсэнээр залуучууд, үр ач нь мэддэг болж байна шүү дээ гэж бодохоор л сэтгэл догдолж, нулимс гараад байсан.

“Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь” зэрэг түүхэн сэдэвт баримтат номыг уран сайханжуулж бичих шалтгаан, бодол, хэзээ төрсөн бэ?

1998 оны нэгдүгээр сард “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хууль батлагдсан юм. Хэлмэгдэгчдийн ар гэрт нэг сая төгрөг өгөх тухай мэдээлэл гарч, ах дүү нар маань түүх намтар яриад л, “Тэр маань хэлмэгдсэн юм шүү дээ. Үр хүүхэд нь тэр шүү дээ, тэдэнд нь нэг сая төгрөгийг нь олоод өгчих юмсан” гэсэн яриа гарсан.

Тухайн үед манай ах дүү нарын дунд хэлмэгдсэн хүмүүс байсныг мэдээд, тэднийхээ тухай үнэн түүхийг олж, цаг бусаар явсан амьдралыг нь мөнхжүүлэх юмсан, түүхийг нь судлаад үр хүүхдүүдэд нь олоод өгчих юмсан гэсэн хүсэл төрсөн. Гэхдээ уран зохиол болгож бичих үү, гэр бүлийн намтар байдлаар бичих үү гэдгийг шийдэж чадахгүй байх үедээ хөгшин ээжтэйгээ анх энэ талаар ярилцсан. Хөгшин ээжийн яриан дунд Баасан гэдэг лам хүн үнэхээр гоё сайхнаар дүрслэгдэж байлаа. Тэгээд тэр хүнийхээ тухай сонирхоод, мэдээлэл цуглуулаад явтал бүр нэг гоё юм бичмээр, дурлалтай холбоод биччихмээр санагдаад. Баасан лам хэнд хайртай байсан байх уу, түүнийг хэн хайрладаг байсан бол гээд л, хөгшин ээжийгээ тандаад л... Танд хайртай байсан уу, эсвэл та хайртай байсан уу гээд л. Учир нь хөгшин ээж маань тэр хүний тухай ярихдаа маш гоёор ярьж өгсөн. Яг л хайртай хүнийхээ тухай ярьж байгаа юм шиг сайхнаар ярьсан. Гэхдээ “Хайртай байсан” гэж надад хэлээгүй.  Номоо бичихдээ зориглоод тэднийг бие биедээ хайртай байснаар зохиогоод, уран зохиол болгочихсон юм.

Тэгэхээр Баасан ламын дурлалт бүсгүй Сэндмаа таны хөгшин ээж байх нь? Тун үзэсгэлэнтэй, гоо сайхан, ухаалаг, нинжин сэтгэлтэй эмэгтэйн дүрээр дүрслэгддэг.

Тийм, миний хөгшин ээж. Нэрийг нь өөрчлөөд номондоо мөнхөлсөн юм. Болд миний хөгшин аав, Баасан лам бол манай хөгшин аавын ах буюу миний авга ах билээ.

Хэлмэгдэж, долоон жил зовсон Баасан лам ”Тэгш таван хүсэл” дууг дуулсаар төрсөн нутагтаа ирж, Болд, Сэндмаа нар угтан авч буйгаар  “Ногоон нүдэн лам” ном төгсдөг. “Жаран цагаан хонь” номонд Баасан, Сэндмаа нарын хайр дурлал хэрхэх нь бичигдсэн байх. Номыг уншихаас өмнө сонирхол татаж байгаа зүйлээ асууя.  Баасан ламын хүү Бэлэгдэмбэрэлийг өргөмөл гэх. Тэгэхээр Баасан лам маань хэн нэгэн эмэгтэйтэй гэр бүл болж, үр хүүхэд төрүүлээгүй байх нь.

Номоо уншаад л мэдээрэй. “Жаран цагаан хонь” номонд Сэндмаагийн хайр дурлал, зовлон шаналал, өвчин гээд бүх зүйл бодитоор бичигдсэн байгаа. (инээв)

Хөгшин ээж тань номын баатар болсон талаараа мэдсэн үү?

Хөгшин ээжээрээ түүх дурсамжийг нь яриулж байхдаа ном бичнэ гэдгээ хэлсэн. Хөөрхий минь “Яасан сайхан юм бэ. Хараа муудсан болохоор уншиж чадахгүй байх даа. Ядаж бариад үзэх юмсан” гэж ярьдаг байсан. Харамсалтай нь хөгшин ээж маань 2002 онд бурхан болж, ном маань түүнээс зургаан жилийн дараа буюу 2008 онд хэвлэгдсэн.

Манай ах дүү нар эхэндээ номыг маань ойлгохгүй хөгшин ээжийг яагаад лам хүнд дурлуулаад, лам хүнтэй нүгэл үйлдүүлээд байгаа юм гээд дургүйцэж байсан.  Харин би “Баримтыг нь баримтаар нь, уран зохиолыг нь уран зохиолоор нь хүлээж аваарай. Би баримтан дээр тулгуурлаж, уран зохиол бичсэн шүү. Та нарын хүсээгүй баатрууд гарч ирж, хүсээгүй үйл явдлууд өрнөхөд битгий бухимдаад байгаарай” гэж хэлсэн.

Гол нь уран зохиолын аргаар бичиж л түүхийг илүү олон залууст хүргэхийг зорьсон юм. Бодит түүхээ түүхийн номон дээрээс судалж болно. Гэтэл залуучууд тэр бүр түүхийн номоо уншихгүй. Баримт бичигт хэлмэгдүүлэлт 1937 оны есдүгээр сарын 10-нд эхэлсэн гэж бичсэн болохоос лам нарыг яаж байцаасан, цаазын ялаг хаана, хэн, яаж гүйцэтгэсэн гээд л харанхуй шөнө машины гэрэлд буудлага яаж хийгдсэн, газраа хэн нь ухаж, хэн нь буудсан дүр, үзэгдэл байдаггүй. Хүмүүс төсөөлөн харж, уншвал сэтгэл, оюунд нь тод үлдэнэ гэж бодоод үйл явдлыг дүрээр амьдруулж бичихийг зорьсон.

Номонд Сэндмаа гоо үзэсгэлэнтэй, сайхан эмэгтэйн дүрээр бичигдсэн байдаг. Таны хөгшин ээж энэ талаар юу ярьж байсан бэ?

Хөгшин ээж маань нутгийнхаа хамгийн хөөрхөн хүүхэн байсан гэдгийгээ нуудаггүй байсан. Өндөр настай болсон ч тэрэндээ өөрөө тун ч сэтгэл бардам байдаг байсан. Хөгшин ээжийн амьд үлдсэн дүү нар, нутгийнхан нь бүгд л “Хамгийн хөөрхөн эмэгтэй байсан” гэж хэлдэг. Хөөрхнөөрөө бол алдартай байсан юм байна лээ.

Хөдөө орон нутгийн хүүхдүүд хотын хүүхдүүдтэй харьцуулахад  бүрэг ичимхий, даруухан зантай санагддаг.  Та ямар хүүхэд байсан бэ?

Би багаасаа л нээлттэй нүүрэмгүй хүүхэд байсан ш дээ.

Нүүрээ будаж, үсээ ороогоод байхгүй ч би таныг  сайхан эмэгтэй гэж бодож, үлгэрлэж явдаг.  Сайхан эмэгтэйн талаар та ямар бодолтой байдаг вэ?

Муухай эмэгтэй гэж байхгүй. Хүмүүс бусдыг бие хаа, царай зүс, мөнгө төгрөг гээд олон зүйлээр дугаарладаг нь буруу гэж боддог. Миний хувьд уран бүтээлчийн нүдээр харахад бүх хүн өөр дүр байвал надад илүү хэрэгтэй. Бүх хүн барби шиг болчихвол хүмүүс огт өөр дүрийг л хайна. Яагаад гэвэл өөр дүртэй хүн л тэр үйл явдлыг сонирхолтой болгоно. Тиймээс хүн бүр ижил, бүгд гоё байвал амьдрал уйтгартай. Хүн бүхэн өөр өөрийнхөөрөө байвал амьдрал хамгийн сонирхолтой, сайхан.

Номоо бичиж байхад хүмүүс надаас асуудаг байлаа. Чулуунжий гэж муухай хүүхнийг яагаад гаргаад ирэв гэж. Чулуунжий байхгүй бол Сэндмаа байхгүй, Сэндмаа хэн ч биш болно. Дайсангүй, өрсөлдөгчгүй, өөрөөс нь огт өөр хүүхэн тулгарахгүй бол Сэндмаагийн зан чанар ялгарч, тодорч илрэхгүй шүү дээ. Арван Сэндмаа байх юм бол аль нь ч баатар биш болно. Тиймээс хүн бүр бусдаас өөр байна гэдэг л тэр хүний гоо сайхан, түүнийг тодруулж байгаа шалтгаан. Хүн бүхэн өөр өөрийнхөөрөө гоё гэдэг үг зөв.

Гоё, сайхан эмэгтэйчүүдэд хүч илүү байгаад ч байх шиг санагдах тохиолдлууд бий. Эмэгтэй хүн хүчтэй байхад юу нөлөөлдөг, боломж хэр их байдаг талаар бодлоо хуваалцаач?

Эмэгтэй хүн хүчтэй л дээ. Эрэгтэй хүн ч өөрийнхөөрөө хүчтэй. Хүн бүхэн өөр өөрийнхөөрөө хүчтэй. Гэхдээ хамгийн гол нь юун дээр юугаараа хүчирхэг байх вэ гэдгээ товойлгож гаргах нь чухал.

Түүхэнд хүчтэй хүмүүс ихэвчлэн эрэгтэйчүүд байдаг. Удирдагч хүн гэхээр байлдан дагуулдаг, улсыг удирддаг, тэгж байж л хүчтэй байдаг гэдэг ойлголт бий. Хүмүүс тэгэхээр улс удирдсан хүн л баатар гээд бодоод байна шүү дээ. Гэтэл ганцхан өнцгөөс баатар гэдгийг тодорхойлсноос хүмүүс тийм баатрыг хүчтэй гэж бодоод байна.

Францын Оден гэдэг уран барималч 19-р зуунд ялагдсан цэргүүдийн хөшөөг уран баримлаар хийсэн байдаг. Өмнө нь ялсан хүмүүсийн хөшөөг л хийдэг байсан. Ялагдсан хүмүүсийн хөшөөг хийхэд Францчууд эхлээд гайхсан. Эд нар ямар баатар юмуу гээд л. Гэтэл яагаад баатар байж болохгүй гэж? Тэд амгалан тайван амьдарч байсан, үр хүүхдээ өсгөөд жаргалтай сайхан амьдарч байхад нь дайн дуудаад явсан. Дайнд хүчтэй суман шуурга руу орсон, бүхнээ алдсан. Түүний амьдрал сонирхолгүй байна гэж үү, түүний үнэ цэнэ байхгүй болох ёстой гэж үү? Түүнийг бид дурсах ёстой шүү дээ гээд ялагдсан хүний баримлыг босгосны дараа  хүмүүс ойлгож эхэлсэн. Тэгэхээр үйл явдалд оролцсон бүх хүн баатар юм. Бүгд өөр өөрийнхөө өнцгөөр баатар. Тэгэхээр хүчирхэг байна гэдэг харьцангуй ойлголт.

Та эдийн засагч мэргэжилтэй, зохиолч хүн. Алинд нь илүү дуртай, аль нь илүү таашаалтай вэ?

Эдийн засгийн мэргэжил эзэмшсэн учраас л миний зохиол түүхэн баримтад тулгуурласан байж чаддаг юм болов уу гэж би боддог. Яагаад гэвэл, эдийн засаг маш олон тоо баримт мэдээллийг цуглуулж үнэлэлт, дүгнэлт гаргадаг мэргэжил. Тэр олон мэдээллийг цуглуулж, график үүсгэдэг мэргэжлийн ур чадвар маань надад уран бүтээл хийхэд дөхөмтэй байдаг. Би маш их мэдээллийг цуглуулж, чиг хандлагыг тодорхойлж чаддаг. Түүн дотроосоо үйл явдал, өрнөлөө тооцоолдог. Үйл явдлын дүнд дүр маань хожиж байна уу, хохирч байна уу гэдгийг төсөөлөх, ургуулан бодоход эдийн засгийн график тусалдаг. Тэгэхээр хүнд хэрэггүй мэргэжил гэж байхгүй.

Номоо нөхөртэйгээ хамтран бичсэн. Ном бичиж байх үед нөхрийн тань сэтгэлзүй хэрхэн өөрчлөгдсөнийг анзаарсан уу?

Жефф анхандаа монголыг төдийлөн мэддэггүй, Чингис хаанаас цааш төсөөлөлгүй хүн байсан. Коммунизмын амьдралаар амьдарч үзээгүй ардчилсан орны хүн учраас номын баримт цуглуулж байх үед бодит байдлыг төсөөлж чадахгүй, үл бүтэх зүйл рүү орж байна гэж бодсон юм шиг байгаа юм. Яг номоо бичээд эхлэхэд түүндээ дурлаад, баатруудтайгаа хамт уйлаад л, баярлаад л. Миний бичсэнийг уншиж, надад зөвлөөд, зохиолыг илүү гүнзгийрүүлээд л. Ер нь асуудалд илүү гүнзгий ордог хүн л дээ.

Гуравдугаар дэвтэр гэж байх болов уу?

“Жаран цагаан хонь” номонд 1947-1952 оны үйл явдал гардаг. Цаашид хангалттай судалгааны материал олдвол номоо үргэлжлүүлэн бичнэ. Яагаад олдвол гэж хэлж байна вэ гэвэл хоёрдугаар дэвтрийг бичихдээ 10 жилийн үйл явдлыг бичихээр материал цуглуулсны эхний таван жил нь маш хүнд жилүүд байсан. Хүний амьдралын маш хүнд арван жилийг багтаах гэхээр хэтэрхий урт болчих гээд байсан болохоор таван жилийг дуусгаад л номоо дуусгахаар өөр арга байгаагүй. Надад одоо таван жилийн баримт материал байна. Гэхдээ энэ ном бичихэд хангалтгүй. Дор хаяж арван жилийн материал цуглуулах хэрэгтэй.

Зохиол эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг ухааруулах боловч өрнөж байгаа үйл явдал нь Баасан лам, Сэндмаа нарын хайр дурлал. Хайр дурлалыг мэдрэг, нарийн нандин илэрхийлжээ гэх уншигчдын дүгнэлт ч бий. Та өөрөө энэ тал дээр хэр мэдрэг хүн бэ?

Гайгүй ш дээ. Хүмүүс хайр дурлалын хэсгийг нь хэн бичсэн бэ л гэж асуудаг. (инээв)

Хүнийг хайрлаж чаддаг хүн л хайр дурлалын талаар бичнэ ш дээ.

Номын дэлгүүрүүдээс “Жаран цагаан хонь” олдохгүй байна. Хэдэн хувь хэвлэгдээд дуусчихав?

“Ногоон нүдэн лам” маань есөн жилийн хугацаанд 75000 хувь борлогдсон. Энэ хугацаанд би байнга тасралтгүй нөхөж хэвлүүлж байсан.

Харин хоёрдугаар дэвтрийг сарын хугацаанд 5000 ширхэг борлуулна гэсэн бодолтойгоор хэвлүүлсэн. Гэтэл тэр 5000 хувь зургаан хоногт дуусчихсан. Тэгээд нэмж мянган хувь хэвлүүлсэн нь ганцхан хоногт дуусчихсан. Өөрөөр хэлбэл, 6000 хувийг долоон хоногт зарчихлаа. Дахиад хэвлүүлж байна, удахгүй гарна. Зах зээлд тасралтгүй гаргах талаас нь л ажиллана даа. Хоёрдугаар дэвтрийн борлуулалт нэгдүгээр дэвтрийнхтэйгээ харьцуулахын аргагүй хурдан байна.

"Ногоон нүдэн лам” номыг шүүмжлэгчид бас багагүй бий. Шүүмжийг та хэрхэн хүлээж авдаг вэ? Тухайлбал хоёрдугаар дэвтэртээ шүүмжийг тусган ажилласан уу?

Үг хэллэг, найруулга нь орчуулгын ном шиг модон болчихсон байна, үгийн сонголтын алдаа зэрэг найруулгын талын шүүмж нь маш бодитой. Шүүмжийг бүгдийг нь хүлээж авч байгаа. Би үйл явдлаа гаргах гэж яараад найруулган дээрээ дутуу ажилласан, редөктортоо ч богино хугацаа олгосон нь алдаа болсон байх. Тэгж их шүүмжилж байхад хүмүүс авч уншаад байгаад би харин их баярлаж байгаа шүү.

Хоёрдугаар дэвтэртээ шүүмжийг чадлынхаа хэрээр тусгасан. Гэхдээ би уран зохиолын мэргэжлийн хүн биш болохоор шүүмжийг тусгаад ч уран зохиолын хэмжээнд хүрсэн эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ нэгдүгээр дэвтрийн шүүмжийн 80 хувийг хаахуйц засвар хийсэн байх гэж бодож байна. 20 хувийн гологдол байгаа байх аа. (инээв)

Та одоо ямар ажил хийж байна вэ?

Өнгөрсөн жил “Жорлонгоо өөрчилье” гэдэг ном бичсэн. Түүнийхээ сургалтыг маргаашаас эхлээд хийхээр төлөвлөсөн байна.

Энэ ажлынхаа хажуугаар уран бүтээлийн хувьд кино зохиол бичиж үзье гэж бодож байгаа. Ардчилалын анхдагч нарынхаа тухай кино зохиол бичих гээд дүрээ олсон, ярилцлагаа хийгээд явж байна. Баримтад тулгуурласан уран сайхны кино зохиол бичээд, кино хийх багт нь хүлээлгэж өгнө гэж бодож байна.

“Ногоон нүдэн лам” ном кино болох болов уу?

Өөрийнхөө номоор бол кино зохиол бичиж чадахгүй. Маш их ажил гарна. Харин номоор маань кино зохиол бичих эрхийг худалдаж, мэргэжлийн багт өгч болох юм. Энэ бол оюуны эрхтэй холбоотой том бизнес шүү дээ. Би “Ногоон нүдэн лам” номон дээрээ нэг зарчим баримталж байгаа. Гадаадын зах зээлд зориулж бичсэн учраас олон улсын уран зохиолыг дагаж гарсан оюуны өмчийн бүхий л эрхийг эдэлж үзье, эрхийнх нь дагуу бизнес хийж үзье гэж бодож байгаа. Үүн дээр эдийн засагч мэргэжлээ ашиглаад байгаа шүү.