Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 1 дүгээр сарын 8, 2018

TIME 5 МЭДЭЭ / Time Admin
2018 оны 01 сарын 08

1. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах талаар санаачилгатай ажиллана гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар өнгөрсөн оны сүүлээр буюу 12-р дугаар сарын 28-нд УИХ-ын даргад албан бичгээр санал хүргүүлсэн билээ. Тэгвэл тэрбээр өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлэхдээ, “Утааны асуудлыг шийдэж чадахгүй бол Цагаан сарын дараа УИХ-ыг тараах талаар санаачилгатай ажиллана” хэмээн хэлсэн юм. Түүний үгийг бүрэн эхээр нь уншина уу. [Time.mn]

2. У.Хүрэлсүх: Ипотекийн зээлийг 5 хувийн хүүтэй олгох боломжтой

Мөн өдрийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх агаарын бохирдлын асуудлаар, тэр дундаа гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийв. Тэрбээр, “2017 оны төсвөөс 111.0 тэрбум төгрөгийг,  Монголбанкнаас зээлийн үндсэн төлөлтийг буцаан таталгүйгээр 192.0 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг дахин санхүүжүүлсэн. Энэ оны тухайд Засгийн газраас 120.0 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180.0 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид ипотекийн зээлийг 5 хувийн хүүтэй олгох боломжтой болсноор тус төслийн орон сууцны борлуулалт харьцангуй сайжирна” гэв. [Montsame.mn]

3. Зудын эрсдэлтэй найман суманд түргэн тусламжийн машин өглөө

Эрүүл мэндийн яамнаас зудын эрсдэлтэй найман аймгийн найман суманд түргэн тусламжийн үйлчилгээнд ашиглах УАЗ пургон маркийн машиныг олголоо. Тодруулбал, Архангай аймгийн Хотонт, Баян-Өлгий аймгийн Сагсай, Дундговь аймгийн Сайнцагаан, Дорнод аймгийн Халхгол, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Өвөрхангай аймгийн Бүрд, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт тус тус өгчээ. [Gogo.mn]

4. Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Архангайн замд халтиргаатай байна

Монгол орны нийт нутгаар өчигдрөөс нойтон цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, шөнөдөө мөстөн замын гадаргууд их хэмжээний халтиргаа гулгаа үүсч, замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрч байна. Ялангуяа улсын болон орон нутгийн чанартай автозамуудад түүнчлэн Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай чиглэл мөн Архангай аймгийн нутаг, Ховд аймгаас Булган сум, Ярантын боомт чиглэлийн авто зам, Бага улаан даваа орчмын автозамуудад халтиргаа үүсч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болжээ. [Gogo.mn]

5. Сургууль, цэцэрлэгүүдийн дулааны алдагдлыг бууруулна

Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг(GIZ)-тай хамтран “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэхээр болсон. Төслийг нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах, нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн бодлогын орчныг сайжруулах зорилгоор 2018-2021 онд 4 сая швейцарь франкийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн үүн дээр нэмэлтээр, төслийн хүрээнд барилгын шинэчлэн засварлах үйл ажиллагаанд зориулан нийслэлийн төсвөөс 2018 онд 1 тэрбум төгрөг төсөвлөжээ.  [Gogo.mn]

6. “Apple”-ийн төхөөрөмжүүдэд ашигласан чипнүүд хакерт өртөж болзошгүй

“Apple”-ийн “iPhone”, “iPad”, “Mac” компьютер зэрэг IOS үйлдлийн системд суурилсан бүх л төхөөрөмжүүдэд ашигласан чипнүүд аюулгүйн систем бүрэн хангагдаагүй, хакерт өртөж болзошгүй гэж тус компани мэдэгдлээ. Хэдий тийм боловч одоогоор чиптэй холбоотой ямарваа нэг асуудал хэрэглэгчдэд үүсээгүй гэдгийг “Apple” онцолсон байна. Үүнээс өмнөхөн “Intel” компани үйлдвэрлэсэн чипүүд нь доголдолтой болохыг хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийжээ. [Bloomberg.mn]

7. Д.Трамп “Гал ба уур хилэн”

Америкийн зохиолч Майкл Волфф саяхан гаргасан шинэ номондоо “Дональд Трамп бол сэтгэцийн хувьд ерөнхийлөгч байхад тохирохгүй хүн” гэж бичсэнтэй холбогдуулан АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийхдээ энэ номыг “уран зөгнөлт зохиол”, өөрийгөө “сэтгэл санааны хувьд маш тогтвортой суут ухаантан” гэж тодорхойлжээ. “Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордон дотор” номоо М.Волфф энэ долоо хоногийн баасан гарагаас худалдаанд гаргасан бөгөөд энэ ном нь АНУ-ын номын дэлгүүрүүд болон “Амазон” цахим хуудасны хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болоод байна. [Montsame.mn]

8. Рохинжачууд Мьянмарын Засгийн газрын эсрэг тэмцэнэ

Исламын шашинт рохинжа үндэстний салан тусгаарлах үзлийг нь буруутган буддын шашинт Мьянмарын засгийн газраас цэргийн ажиллагаа явуулсан юм. Улмаар олон мянган рохинжачууд Мьянмараас хөрш исламын шашинт орнууд руу дүрвэсэн билээ. Тэгвэл Аракан рохинжа хамгаалах арми гэгч Мьянмарын засгийн газар болон түүний дэмжлэгтэй террористуудын эсрэг тэмцэхээс өөр аргагүй боллоо хэмээн мэдэгджээ. Мьянмарын засгийн газраас өнгөрсөн наймдугаар сард рохинжа үндэстний суурьшсан Рахине мужид терроризмын эсрэг ажиллагаа явуулсан юм. Үүнээс хойш нэг сарын дотор 650 мянга орчим Мьянмараас дүрвэжээ. НҮБ-аас Мьянмарын цэргийн ажиллагааг “үндэстэн цэвэрлэх ажиллагаа” хэмээн буруутгасан юм. [News.mn]

9. Саудын Арабын 11 ханхүү засгийн газарт эсэргүүцэл илэрхийлсний улмаас баривчлагджээ

Өөрсдийн эдэлдэг тусгай хангамжаа хасуулсныг эсэргүүцсэн Саудын Арабын 11 ханхүү нийслэл Рияд хот дахь хааны ордны өмнө цугларч, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Саудын засгийн газар саяхан тус улсын язгууртнуудын ундны ус, цахилгааны зардлыг төсвөөс төлдөг байснаа зогсоох шийдвэр гаргасан юм. Хан хөвгүүд энэхүү шийдвэрийг цуцлахыг шаардаж, бас 2016 онд цаазлуулсан өөрсдийн үеэл ханхүү Турки Бин Сауд Аль Кабирийн амь насны төлөө нөхөн төлбөр олгохыг засгийн газраас шаарджээ. [ikon.mn]

10. Хулгайлагдсан залууг хүчээр хуримлуулжээ

Энэтхэгийн Бихар мужид нэгэн залууг буу тулган хулгайлаад охинтойгоо гэрлүүлэхийг завдсан хэрэг гарчээ. Цахим ертөнцөд тарсан бичлэг дээр 29 настай Винод Кумар гэх эрийг хүчээр хуримлуулахыг оролдсоноос болж сүйт хархүү уйлж буй нь харагдана. Төмрийн инженер хийдэг Кумар найзынхаа хуриман дээр сууж байхад нь хэсэг хүмүүс түүнийг дагуулж гараад толгойд нь буу тулган авч явсан гэнэ. Кумар энэ хуримыг дэмжихгүй, түүний эцэг, эх ч үүнийг зөвшөөрөөгүй гэдгийг хэлсэн ч түүний толгойд буу тулгасан байна. Бихар мужид "Пакудуа Вива" нэртэй хүргэн хүүгээ хулгайлж хүчээр хуримлуулдаг заншил бий бөгөөд өндөр инж төлж чадахгүй хадмууд нь охиндоо тохирох хархүүг олвол хулгайлдаг аж. Тус мужийн цагдаа нар дээрх хэргийг шалгаж байгаа гэнэ. [Wikimon.mn]