Алтан бөмбөрцөг наадам бэлгийн дарамтын эсрэг тэмцэхийг уриаллаа

Энтертайнмент / Time Admin
9 өдрийн өмнө

Дэлхийн кино урлагийн нэр хүндтэй наадмын нэг Алтан бөмбөрцөгийн 75 дахь удаагийн ёслолын ажиллагаа өчигдөр АНУ-ын Калифорни мужийн Беверли хилст явагдлаа.

Энэ удаагийн наадмаар дамжуулан урлаг соёлын одууд охид, бүсгүйчүүдийн бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг иргэд олон нийтийг нэгдэхийг уриалсан явдал юм. Тиймдээ ч зочид улаан хивсний ёслолд хар өнгийн хувцастай оролцсон байна.

Нийгмийн идэвхтэн, хөтлөгч Офра Уинфрид Алтан бөмбөрцөг наадмын Сециль В.де Милле шагналыг олгожээ. Тэрбээр “Өнөөдөр гүн харанхуйд байгаа охид, бүсгүйчүүдийн хувьд үүрийн гэгээ туяарч шинэ өдөр ирж байна. Энд хуран цугларсан хүчирхэг эмэгтэйчүүд “Me Too” хөдөлгөөнийг дахин үргэлжлүүлж, манлайлж оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Саяхан Холливудын эмэгтэй жүжигчид хамтран охид, бүсгүйчүүдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг төрийн бус байгууллага байгуулж, хөдөлгөөнөө албан ёсоор эхэлсэн юм. Хоёр сарын дараа явагдах Оскарын наадмын үеэр уг сэдэв хөндөгдөнө гэж хэвлэлүүд мэдээлж байна.