Хятадын клуб Обамеянгийг 70 саяар авах санал хүргүүлэв

Спорт / Time Admin
2018 оны 01 сарын 09

Хятадын Супер лигийн “Гуанжөү эвергранд” клуб Германы “Боруссия дортмунд” клубийн довтлогч Пьер-Эмерик Обамеянгийг худалдаж авах санал хүргүүлжээ. Тэд Габоны довтлогчийн төлөө 70 сая евро төлөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.

28 настай Обамеянгийг багтаа элсүүлэхийн төлөө Премьер лигийн “Липерпүүл”, “Челси”, “Манчестер Юнайтед” клуб хөөцөлдөж байгаа юм. Гэвч тэд Хятадын баян клубийн мөнгөнд дарагдаж магадгүй аж.

Обамеянг “Боруссия дортмунд” клубт 2013 оноос хойш хүчин зүтгэж байгаа бөгөөд 143 тоглолтод оролцож, 98 гоол оруулаад байна. Тэрбээр 2017-2018 оны улиралд одоогийн байдлаар Бундеслигт 15 тоглолтод оролцож, 13 гоол оруулжээ. Өнгөрсөн улиралд лигт 32 тоглолтод оролцохдоо 31 гоол оруулсан юм.

“Гуанжөү эвергранд” клуб саяхан Испанийн “Реал Мадрид” клубийн довтлогч Гарет Бэйлийг худалдаж авах санал хүргүүлсэн юм.

Тус клубийг солилцоо наймаанд асар их мөнгө хөрөнгө гаргах гэж байгаа асуудлаар Хятадын хөлбөмбөгийн холбооноос анхааруулга хүргүүлсэн байна. Тэд солилцоо наймааны шилжүүлгийн дүрмийг зөрчсөн багуудад хатуу шийтгэл оногдуулна гэжээ. Уг шийтгэлийг зөрчвөл наймааны мөнгөн дүнг 100 хувь нугалсантай тэнцэх хэмжээний торгууль оногдуулах аж.

Хятадын баян клубүүд дотоодын хөлбөмбөгийг хөгжүүлэх нэрийдлээр гадаадын тоглогчдыг өндөр үнээр худалдаж авах асуудал нь хэрээс хэтэрч, үнийн хэт хөөсрөлт бий болгож байна гэж холбооны зүгээс шүүмжилсэн юм. Мөн дотоодын залуу тоглогчдыг дэмжих асуудал хоцрогдолтой байгааг албаныхан анхааруулжээ.