Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 1 дүгээр сарын 9, 2018

Өнөөдрийн 10 / Time Admin
9 өдрийн өмнө

1. Буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн тусгалыг энэ долоо хоногоос үнэгүй өөрчилнө

Улсын хэмжээнд буруу талдаа жолооны хүрдтэй 250 мянга орчим автомашин байдгаас 100 мянгынх нь гэрлийн тусгалыг энэ жилдээ багтаан солихоор төлөвлөжээ. Автотээврийн Үндэсний Төвөөс төсөв гарган гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдэцийг хийсэн байна. Жолооч нар энэ долоо хоногоос нийслэлийн БЗД, БГД, СХД-т байрлах автотээврийн үндэсний төвийн харьяа Техник хяналтын үндэсний төвүүдэд очиж, гэрлийн тусгалыг өөрчлөх бэлдэцийг үнэ төлбөргүй солиулах юм. Одоогийн байдлаар дээрх гурван төвд солих ажлыг хийх ч, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгээ хэллээ. [Ikon.mn]  

2. 2045 онд манай улсын хүн ам 5 саяд хүрнэ

Үндэсний статистикийн хорооноос тооцоолсноор манай улсын хүн ам 2045 онд 5 саяд хүрэх ажээ. Хүн амын нас, хүйсийн суваргад харуулснаар 5-15 хүртэл насны нийт хүүхдийн тоо дээшлэх тусам аажим буурч, 16-30 хүртэлх насны залуус нийт хүн амд багагүй хувь эзэлж байгаа юм. Харин 2045 онд манай улсын хүн амын дунд 15 хүртэл насны хүүхдүүдийн тоо 1.5 саяд хүрч тэлэх таамаглал дэвшүүлжээ. Энэ нь боловсролын салбарт зарцуулах зардал нэмэгдэж, шинээр цэцэрлэг, сургууль барих, багш нарыг сурган бэлтгэх зэргээр одооноос бэлтгэлээ базаах шаардлагатайг харуулж байна. [Gogo.mn]  

3. Техникийн хяналтын үзлэгт 11234 автомашин тэнцээгүй 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Техникийн хяналтын хэлтэс Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, техникийн хяналтын үзлэгийн хэмжлийн тоног, төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангуулан ажиллаж байна. 2017 онд 478993 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн бөгөөд 96 хувьтай байна. Техникийн хяналтын үзлэгт нийт 11234 тээврийн хэрэгсэл дараахь үзүүлэлтүүдээр тэнцээгүй байна. [Time.mn]

4. Хүүхдийн хоолны мөнгийг 1147 төгрөгөөр нэмнэ

Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгийг 1147 төгрөгөөр нэмж, шаардагдах мөнгийг эцэг, эхчүүдээс авах саналыг Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам /БСШУСЯ/-аас гаргажээ. 2018 оны өмнөхөн Засгийн газрын хуралдаанд энэ саналаа танилцуулж, шийдэж өгөхийг хүссэн байна. Харин Засгийн газраас “Нийгэмд сенсаац үүснэ. Иргэдийн амьдрал ядуу байхад хүүхдийнх нь хоолны мөнгөний тодорхой хувийг авна гэвэл шүүмжлэл дагуулна. Тиймээс өөр хувилбар судалж, боловсруул” гэсэн үүргийг БСШУСЯ-ныханд өгчээ. [News.mn]  

5. Өвлийн усанд сэлэлтээр Ш.Даваадорж хос мөнгөн медаль хүртжээ

БНХАУ-ын Шаньдун мужийн Жи Нань хотод  өнгөрөгч ням гарагт  өндөрлөсөн өвлийн усанд сэлэлтийн олон улсын тэмцээнд Ш.Даваадорж амжилттай оролцож, хос мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр 50 метрийн далайн гахайн сэлэлтийн төрөлд болон олон улсын холимог багийн /4х50 м/ уралдаанд амжилттай оролцож, амжилтаа ахиулсан байна. Энэ жилийн тэмцээнд АНУ, БНХАУ, ОХУ, Австри, Эстони, Чех, Монгол зэрэг 10 орны 400 орчим тамирчид өвлийн усанд сэлэлтийн төрлүүдэд өрсөлджээ. Олон улсын холимог багийн тэмцээнд 60 баг хурд, хүч, ур чадвараа сорьсон байна. [Montsame.mn]