Өвлийг ажрахгүй давах 10 арга

Нийтлэл / ЗРМ За Рулём
2018 оны 01 сарын 09

Хасах хэм, халуун паар, богино өдөр, урт шөнө, замын хажууд цас, харин зам дээр мөс... Яадаг ч байсан өвөл бол жолооч нарын тэсвэр тэвчээр, ур чадварыг шалгасан хахир хатуу улирал гэдэг нь үнэн. Тиймээс жолооч та адраа өвлийг ажрахгүй давахыг хүсвэл эдгээр зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

1. Гэрэл дээр хэмнэх хэрэггүй

Өвөл зөвхөн туслах гэрлээ асааж явах нь тас харанхуйд гимнастикийн дамнуурга дээр бэлтгэл хийхтэй адил гээд л ойлгочих. Онолын хувьдманангийн гэрэлтэй явж болох ч энэ гэрэл хэт доор байрладаг учраас амархан шавар шавхай болж, танд болон өөдөөс ирэх жолоочид тээр болно.


2. Шил арчигчийн резин шалгах

Цонхон дээр мөс тогтож, цантаад байвал хөдөлгөөнөө эхлүүлээд хэрэггүй. Ямар ч жолооч зориуд осол хийе гэж хөдөлгөөнд оролцдоггүй хэрнээ иймхэн зүйлээс болж аваар гаргадгийг сана.


3. Багаажны багаж

Багаажинд зайлшгүй байх ёстой багажны тоонд холбогч, трос, жижиг хүрз, цас мөс цэвэрлэх сойз орно. Холын замд танд хэрэг болохгүй юмаа гэхэд замд таарах жолоочийн аминд орохыг үгүйсгэхгүй.


4. Хаалганы жийргэвч

Захаараа хөлдсөн хаалга хэд ч татаад онгойхгүй, чанга татах гэхлээр хаалганы резин эсвэл бариул мултарч, гэмтэх аюултай. Иймд, тосон силиконийг түрхэж байвал хаалга төвөггүй нээгдэх болно.


5. Хөлддөггүй түрхлэг

Аккумулятор суусан байвал түлхүүрдэж орохоос өөр аргагүй. Харин хаалга, багаажны цоожийг хөлдөхөөс сэргийлдэг түрхлэгтэй байхад алзахгүй.


6. Эргэлтээр тоормослох хэрэггүй

Жолооч нараа цас, мөстэй үед эргэхдээ тоормослох нь шулуун зам дээр огцом тоормослохоос ч илүү аюултай шүү дээ. Бөгсөө хаялаад, чиглэлээсээ хазайвал яана? Аюулгүй хурдыг эргэлт рүү орохоос өмнө тохируулж, рулиэ дарсан чигээрээ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Яваандаа эргэлтийн радиус, хаазаа тохируулдаг болчихно.


7. Нинжа нараас болгоомжил

Нүүр амаа малгай ороолтоор битүүлсэн явган зорчигчийг сайн харж яваарай. Зам руу гэнэт гарч ирдэг тэд өөдөөс ирэх машиныг анзаарахгүй, сигнал сонсохгүй байх тохиолдол бий.


8. Дугуйг хий эргүүлж болохгүй

Жолоогоо алдаж, осол гаргахгүйн тулд дугуйг хий эргүүлж болохгүй. Зарчмын хувьд дугуйнд бага зэргийн ачааллыг тогтмол өгнө, шаардлагагүй бол рулиэ хамаагүй дарахгүй.


9. Орон зайн мэдрэмж

Өвлийн халтиргаатай зам дээр бага хурдаар урд яваа машинаас 3-4 метр, их хурдаар 15 метр зай барьж явна.


10. Очлуураа тааруулж сонгоно

Хамгийн орчин үеийн иридий свечэ нь шатахуун хэмнэж, хорт утааг багасгаж, хөдөлгүүрийн бүтээмжийг өсгөхөөс гадна ашиглах хугацаа нь урт байдгаараа давуу талтай. За рулёмын олон жилийн туршлагаас Denso, NGK, Beru, Bosch зэрэг очлуурыг сонгож байхыг зөвлөж байна.

Туршлагатай жолоочийн хувьд эдгээр зөвлөгөө хэт энгийн санагдаж магадгүй. Гэхдээ өдөр бүр хотын хөдөлгөөнд оролцдог надтай ийм жолооч тэр бүр таараад байдаггүй болохоор жолооч та энгийн ч гэсэн эдгээр зөвлөгөөг анхаарч нэг үзээрэй.

Нийтлэлч Г.Буянтогтох
Эх сурвалж: Зарулем сэтгүүл