Н.Цэрэнбат: Өмнө нь монгол ахуйд нийцээгүй зуух тараасан

Ярилцлага / Э. Сайнзаяа
11 өдрийн өмнө

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Айл өрхүүдэд зуух тараах тухай мэдээлэл саяхан гарсан. Өмнө нь тараасан төслийн зуух шиг үр дүнгүй ажил болчихвий гэж шүүмжлэх хүмүүс ч байна?

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд үе үеийн Засгийн газар ажилласаар ирснийг бид мэднэ. Дахиад заавал “Цэвэр агаар сан”-гийнхан шиг хэрэгжээгүй ажлынхаа хоёр сая долларын 90 хувийн гүйцэтгэлийг авдаг дүрэм журам, зааврыг бид боловсруулахгүй. Одоо “Цэвэр агаар сан”-гийн ашиглалтын асуудал дээр хууль хяналтын байгууллага ажиллаад шийдвэрээ гаргаад явж байгаа. Энэ асуудлыг давтагдана гэж бид айх ёсгүй. Яагаад гэвэл бидэнд бэлэн жишээ байна. Агаарын бохирдлын 10 хувийг үүсгээд байгаа нийтийн тээврийн автобусанд хоёр сая доллараар утаа шүүгч тавина гэж хэлээд 90 хувийн мөнгийг нь авчихсан аж ахуй нэгж шүүх дээр дуудагдаад л явж байна.

2012 оноос зуух тараасан. Айл болгонд л тэр зуух байгаа байх?

Тэр үед монгол ахуйд нийцээгүй зуух тараасан байсан. Одоо бол технологи нь шал өөр. Сүүлийн үеийн буюу сая туршилтаар Төв аймагт тараагдсан зуухны давуу талыг харах хэрэгтэй байна. 

Тараах зуухандаа ямар хөнгөлөлт үзүүлэх юм бэ?

Тараагдах тооцоо судлагаа нийслэлээс л шийдэгдэнэ. НЗДТГ,  Барилга хот байгууллалтын яам, Эрчим хүчний яам нэгдээд аль бүсэд, аль технологийн арга ажиллагааг хийхээ шийднэ. Бид өртөг ярих хэрэгтэй болчихоод байна. 2.2 сая төгрөгөөр цахилгаан хураагуур нэг айлд өгөх үү, сайжруулсан гээд байгаа нэг зуухыг найман айлд өгөх үү арван айлд өгөх үү гэдэг бодит сонголт, бодит өртгийг тооцох хэрэгтэй. Бид гоё байж болно. Хамгийн сүүлийн үеийн шинэ технологиудыг өгч болно. Эргэн төлөлт байгаа. Хэт өндөр үнэтэй юм өгчихдөг айл өрхүүд яаж төлөх үү гэдэг чинь бас асуудал. Бодит өртгийг тооцоолж хэдэн төгрөг зарцуулж, хэдэн төгрөгний үр дүнд хүрэх вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Бид гурван шатанд үйл ажиллагаа явуулна. Урьдчилан сэргийлэх богино хугацаанд юу хийх, дунд хугацаанд бас юу хийх, урт хугацаандаа мөн юу хийх вэ гээд асуудлууд байна. Түүхий нүүрсийг яг одоогийн байдлаар хориглох боломж байхгүй. Орлох, санал болгох түлшгүй. Тийм болохоор судалж үзээд тодорхой хэсэгт зуух тарааж, хамгийн гол нь өртгийг нь бууруулах тал дээр л чухалчилж ажиллана. 

Танай БОАЖЯ-наас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр одоогийн байдлаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Улаанбаатар хотод нэг сая тонн түүхий нүүрс хэрэглэж байгаа гэсэн судалгаа гарсан. Тиймээс манай яамнаас тус түүхий нүүрсний хэрэглээг сайжруулсан болон шахмал түлшээр орлуулах ажлыг хийхээр төлөвлөөд хэр хэмжээний хөрөнгө орох уу, ямар системээр оруулах ажлыг хийх үү гэдгээ тодорхой болгохоор ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Удахгүй арга хэмжээнүүд авч эхэлнэ. Өмнөх Засгийн газрууд дулаан байх хэрэгтэй л гээд байснаас биш зохистой  хэм хэмжээгээ барьж, сайжруулсан түлшээ хэрэглүүлээгүй. Цэвэр агаар сан татан буугдаад манай яаманд ирсэн. Гэхдээ яам бодлогоо бариад явж байгаа. Техник, технологийн НӨАТ, гаалийг чөлөөлчихье гэж байгаа юм. НЗДТГ-тайгаа хамтран гэр хорооллын цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд Засгийн газар хөрөнгө гаргаж байна. Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Утааг бууруулах үе шаттай ажлуудыг төр засгийн зүгээс хийж байна. Гэхдээ өнөө маргааш шууд үр дүн гарахгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Үнэндээ бид 150-250 мянган айл өрхийн түлшний асуудлыг сайжруулсан түлш, цахилгаан халаалтаар сольж шийдэхээс өөр арга сонголт байхгүй. Мэдээж төсвийн мөнгийг үр дүнтэй зарцуулахын төлөө бид ажиллах ёстой. Тиймээс судалгаа, төлөвлөлтийг маш сайн хийх хэрэгтэй.