Мүшянокоожи Санэацү “Андын сэтгэл” (номын сэтгэгдэл)

Нийтлэл / Ц. Ариунсанаа
2018 оны 01 сарын 10

"Жүжгийн зохиолч Ножима болон мэргэжил нэгт Оомия нар чин үнэнч, оюун бодол, сэтгэл мэдрэмжээ хуваалцдаг дотны андууд. Ножима, дотны анд Оомиягийн дүүгийн найз болох Сүгико хэмээх охинд ухаангүй дурладаг ч Сүгико Ножимагийн хайраас татгалзана. Хэсэг хугацааны дараа Ножимад анд найз Оомиягаас нь нэгэн захидал ирэх бөгөөд тэрхүү захианд Сүгико бүсгүй өөрт нь сэтгэлээ илчилсэн захиа илгээсэн мөн Оомия өөрөө ч түүнд хайртай гэдгээ өчсөн байдаг. Уг тууж нь хоёр найзын анд нөхөрлөл, дурлалын төлөөх тэмцлээр дамжуулан идэр залуу насны гал халуун хүсэл тэмүүлэл, хайр сэтгэл, гутрал шаналал зэрэг залуусын амьдралд тохиолдох аливаа явдлыг нарийн, гярхай дүрслэн үзүүлсэн, япон охид хөвгүүдийн үе дамжин шимтэн уншсаар ирсэн сонгомол зохиол юм."

Зохиолчийн тухайд товчхон: Saneatsu Mushanokōji (武者小路 実篤(實篤) Mushanokōji Saneatsu,(1885–1976) оны хооронд амьдарч байсан Японы зохиолч, жүжгийн зохиолч, яруу найрагч, зураач хүн байжээ. Японы алдарт зохиолч Шига Наояатай мөн нөхөрлөж байсан гэдэг.

Орчуулагч Дамдинжавын Алтанцэцэг эгчийн орчуулагаар Нацүмэ Соосэкийн “Сэтгэл” хэмээх зохиолыг уншаад, сэтгэл гэгч хүн хоорондын харилцаанд ямар чухал тухай эргэцүүлэх болсон. Тийм дээ ч энэ зохиолын нэрийг зүгээр нэг, анд нөхөр, найз нөхөрлөл биш “Андын сэтгэл” гэж нэрлэсэн нь ихээхэн утга бүхий санагдсан билээ.

Хайр сэтгэл, андын сэтгэл.. сэтгэл …

Сэтгэл гэдэг лав л дүрэм, заалтын дагуу захирагддаг, хүчээр шаардуулж гардаг зүйл биш бөгөөд, шархалдаг, эдгэдэг, үйлдэл харцаар илэрч, сэтгэл сэтгэлдээ мэдрэгддэг л зүйл шиг байгаа юм.

Анд найзын нөхөрлөл, ер нь ашиг сонирхол нэгтэйгээс, амьдралын хэв шинж ойроос эхэлдэг болов уу даа. Зохиолын гол дүрүүд болох хоёр найз, хоёюул жүжгийн зохиолчид. Сонирхол нэгтэй анд нөхдүүд. Нэг нэгнийх нь бодрол, мэдрэмж ойр. Нэгдэн, нэгтгэж буй зүйлтэй байж гэмээн түүн дээр нөхөрлөл тогтох нь ойлгомжтой. Харин нөхөрлөлийг хир удаан бас хир үнэ цэнэтэй байх эсэх нь тухайн хүмүүсийн “сэтгэл”тэй нь шууд холбоотой болов уу гэмээр.

Зөвхөн ашиг харж сурсан нөхөрт бол нөхөрлөл шиг амархан зүйл байхгүй биз ээ, өгөө авааны дүрмийг тэр мэднэ, намайг ашигла, эргээд чамайг би ашиглана гэх харилцаагаа, нөхөрлөл гэж тоомжиргүйхэн нэрлэнэ. Ийм жишээ тоймгүй олон. Ийм нөхөрлөлийг хэд алхаад л олж болно л доо.

Гэтэл нэг тийм гэгээн нөхөрлөл бас бий. Хэн хэндээ эд материалын ашиг гэхээсээ, сэтгэл рүү нь цөмрөөд орчихсон нөхөрлөл. Би зүгээрээ гэж хэлсэн ч бараг нүднээс нь гуниг, гутрал хамаг юмыг нь мэдчихдэг сонин нөхөрлөл. Нэг нэгнийхээ сэтгэлийн шаналан, юуг яаж хүлээж авдаг, юун дээр эмзэглэдэг, юун дээр баярладгийг бүгдийг нь биш ч, ихэнхийг нь мэддэг. Мэдэхийн төлөө ч сэтгэл, цаг заваа зориулна. Ашиг сонирхолын зөрчлийг давж чадвал бүтээж болох л нөхөрлөл. Гэхдээ их хэцүү, бас тийм хүнтэй учирна гэдэг нэн ховор …

Ноожима, Оомия хоёрт тийм л зүйл тохиож л дээ, зохиол бүтээлд сэтгэлээ зориулж яваа сонирхол нэгт нөхөд. Тэгсэн гэнэт л Сүгико гараад ирсэн, мөн л утга уран зохиолд дуртай, нас залуу, цус халуун, үзэсгэлэнт бүсгүй. Хоёулаа л тэр бүсгүйд сэтгэл татагдах болж. Зохиол Ноожимагийн сэтгэлийг илүүтэй хүүрнэх учир, сүүл хэсгийн Оомиягийн захиа хүртэл Оомиягийн сэтгэлийг уншигчдийн хэн нь ч гадарлахгүй.

Оомияд; Ноожимаг гэх “андын” сэтгэл ээ сонгох уу, Сүгиког гэх “хайрын” сэтгэл үү сонгох уу гэдэг хүндхэн сонголт тулгарна.

Ноожимаа Оомияд бичсэн сүүлчийн захидалдаа: 
“… Хэзээ нэгэн цагт та хоёртой уулын орой дээр гар барин уулзах цаг ирж магад. Гэвч анд минь, тэр хүртэл өөр өөрсдийн замаар явъя. Найз минь, надад бүү сэтгэл зов, гомдож гутарсан ч би бол би. Хэзээ нэгэн цагт улам их хүчээр хөл дээрээ бат зогсох болно. Энэ нь бурхнаас илгээсэн гашуун умдаа юм бол ёроолыг нь гартал ууя” хэмээн бичээд анх удаа цурхиран уйлна.

Амьдрах цагтаа амьдрах, үхэх цагтаа үхэх нь жинхэнэ эр зориг гэж Бушидо нар үздэг байжээ. Ноожимаа, үхэх хүртэлээ амьдарсан гэж найдна. / Мүшянокоожи Санэацү өөрөө Ноожимаа, аль эсвэл Оомияа байсан ч байж болох юм, хэн мэдэхэв. Гэхдээ Мүшянокоожи 90 насалсан юм шүү. Үхэх хүртлээ л амьдрах хэрэгтэй юм даа./
______________________________________________________________________________
Хүний амьдралд юу эс тохиолдохсон билээ, ийм “гурвалжин” харилцаанд тодорхой хэмжээнд ороогдсож явсан хүнд бол энэ зохиол их дотно санагдах вий. Зүгээр л нэг “нөхөрлөл”, “найзууд” биш, “андын сэтгэл” гэсэн нь юутай утгатайв дээ.

Хайр дурлал, анд нөхрийн харилцаанд хэн ч өөрөөсөө ангид дүрэм журмаар явах боломжгүй. Энэд хүний өөрийн сэтгэл болон нөгөө хүний сэтгэлийн хүч л тухайн холбоо, сүлбээг хаа хүртэл өрнөхийг шийддэг ч юм болов уу даа гэмээр санагдсан билээ. Энэ номыг уншаагүй хүнд сэтгэгдэл маань унших сонирхолыг нь өдөөсөн үү, унтраасан уу гэдгийг би таашгүй. Гэхдээ лав л зохиолыг нь уншаад үзээрэй гэж хэлмээр байна.