Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 1 дүгээр сарын 10, 2018

TIME 5 МЭДЭЭ / Time Admin
2018 оны 01 сарын 10

1. Ерөнхийлөгч Х.Баттулга Байшин үйлдвэрлэх комбинат-1 үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрэл” ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат-1 үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. “Байшин үйлдвэрлэх комбинат-1” угсармал бетон хавтангийн үйлдвэр нь 1963 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн зуунд Улаанбаатар хотын барилгын 80 хувийг барьж байгуулсан түүхтэй юм байна. Энэ үйлдвэрийн барилга 2014 онд хамгийн сүүлийн үеийн Герман технологийг ашигладаг дэлхийн жишиг үйлдвэрүүдийн нэг болж өнгөрсөн арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн юм. Үйлдвэр ингэж шинэчлэгдсэнээр ганцхан угсармал барилга барьдаг байсан бол бүх төрлийн барилга барих хүчин чадалтай болсон байна. [President.mn]

2. Жолооч нар дараах 27 байршлаас бусад зогсоолд төлбөр төлөхгүй

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх гэрээг нийт 27 үйлчилгээ эрхлэгчтэй хийжээ. Өөрөөр хэлбэл нийслэлийн хэмжээнд дараах нэр бүхий 27 байршлаас бусад газар төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй гэсэн үг юм. Жолооч нар хүснэгтэд байгаа 27 зогсоолоос бусад байршилд төлбөр төлөхгүй байх эрхтэй бөгөөд хэрэв зөрчил байвал Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 11-325385 дугаарын утсанд мэдээлэх боломжтой юм байна. [Gogo.mn]

3. Цаг хэтрүүлэн ажилласан 33 цэнгээний газарт торгох шийтгэл ногдуулжээ

Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага болон алба хаагчид нийслэлийн хэмжээнд шөнийн цагаар цаг хэтрүүлэн зөвшөөрөлгүй ажиллаж байгаа баар, цэнгээний газар, цахим тоглоомын газар, түргэн үйлчилгээний цэг, саун массажны газар, дэн буудлуудын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Хяналт шалгалтын хүрээнд цаг хэтрүүлсэн, насанд хүрээгүй хүнд үйлчилсэн баар цэнгээний газар 33, хүнсний дэлгүүр 4, цахим тоглоомын газар 3, зөвшөөрөлгүй ажилласан түргэн үйлчилгээний цэг 34, дэн буудал 29, саун массажны газар 2, фэйсбүүк хуудсаар зар өгч, гар дээрээс архи согтууруулах ундаа худалдсан 5 зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуульд зааснаар 116 иргэн, аж ахуйн нэгжийг 14.150.000 төгрөгөөр торгож захиргааны шийтгэл ногдуулсан байна. [Time.mn]  

4. Хучлага хулгайлж байсныг үйлдэл дээр нь барив

Иргэдийн гар утас, автомашины хучлага болон бусад эд зүйлийг хулгайлсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн харьяат Э нь Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух Ц-ийн “Vingroud” автомашины хучлагыг хулгайлан авч явж байсныг цагдаагийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа илрүүлжээ. Уг үйлдлийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. [Eagle.mn]  

5. Харумафүжи ирэх сард зодог тайлна

Мэргэжлийн сумогийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж өөрөөсөө зиндаа доогуур нутаг нэгт бөх Таканоиваг зодож хүнд гэмтээсэнтэй холбоотой асуудал үргэлжилсээр байгаа. Тэрбээр арваннэгдүгээр сарын 29-ны өдөр өөрийн хүсэлтээр зодог тайлж буйгаа өөрийн багш, ояката Исэгахаматай хамт мэдэгдсэн. Тэгвэл түүний зодог тайлах ёслол ирэх хоёрдугаар сард болох аж. Одоогоор яг хэдний өдөр болох нь тодорхойгүй байна. [Medee.mn]