Малайзын сураггүй болсон онгоцыг олвол 70 сая ам.доллар өгнө

Дэлхий / Time Admin
2018 оны 01 сарын 10

Малайзын эрх баригчид дөрвөн жилийн өмнө сураггүй алга болсон иргэний агаарын тээврийн онгоцыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэхээр болж байна.

Тэд өнөөдөр АНУ-ын “Ocean Infinity” компанитай эрэн хайх ажиллагааны гэрээ байгуулжээ. Уг гэрээнд дурдсанаар тус компани Малайзын иргэний агаарын тээврийн “Flight 370” нислэгийн онгоцыг гурван сарын дотор олох, эсвэл хар хайрцгийг олсон нөхцөлд Засгийн газраас 70 сая ам.доллар төлөхөөр заажээ.

Тус улсын Тээрийн сайд Лиоу Тионы ярьснаар 25000 км квадрат талбайд эрлийн ажиллагаа явагдах бөгөөд онгоцны сэгийг олох магадлал 85 хувьтай аж. Малайзын албаныхны ярьснаар одоо онгоцыг олох магадлал бага, итгэл алдарсан ч гэсэн онгоцны зорчигчдын ар гэрийнхэнд баталгаатай мэдээлэл хэрэгтэй байгаа гэнэ.

Багийн болон зорчигч нийлсэн 239 хүнтэй “Flight 370” онгоц 2014 оны гуравдугаар сарын 8-нд Куала Лампур хотоос Бээжинд очихоор ниссэн ч замдаа сураггүй болсон юм.

“Ocean Infinity” компани хайгуулын өндөр технологиор тоноглогдсон 8 хөлөг онгоцоор эрлийн ажлаа гүйцэтгэнэ. 25000 км квадрат талбайг гүйцээхэд 1 сарын хугацаа шаардлагатай аж.