Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 1 дүгээр сарын 11, 2018

TIME 5 МЭДЭЭ / Time Admin
2018 оны 01 сарын 11

1. “Эрдэнэт үйлдвэр”-ийг хувьцаат компани болгож, хувьцааг нь иргэдэд эзэмшүүлнэ

 “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ. Хувьцаат компани болгох болон хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх талаар санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг сайд Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгав. “Эрдэнэт үйлдвэр” компанид мөн хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр болсон байна. Компани жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг юм. [Zasag.mn]

2. Г.Номуундарийн өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ

Уул, уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн өмгөөлөгч Ц.Баасандорж,  Р.Булгамаа нар өчигдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн оны 11-р сарын 30-ны өдөр Г.Номуундарь өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг тухай болон өөрийгөө хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл цацсан хэрэг хэсэг намжаад байсан ч эргээд олны анхааралд өртөх бололтой. Хэргийн талаар охины өмгөөлөгчид юу ярьсныг уншина уу. [Time.mn]  

3. Гэр бүлийн хүчирхийллийн хэргээр 1579 хүн саатуулагджээ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдан, хэрэгжиж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийслэлд үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн хэргүүдийн талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Өнгөрөгч 2017 онд нийслэлд гэр бүлийн хүчирхийллийн 757 гэмт хэрэг үйлдэгджээ. Хэрэг үйлдэгчээр 1578 иргэнийг 7-30 хоног саатуулан, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ухуулга, сургалт зохион байгуулсан байна. Дээрх хэргүүдийн улмаас 647 иргэн хохирсны 90 хувь нь эмэгтэйчүүд, долоон хувь нь хүүхэд, гурван хувь нь эрэгтэйчүүд байжээ. [Gogo.mn]  

4. Гадаад паспорт энгийнээр захиалах бол заавал “100 айл”-ыг зорих шаардлагагүй

Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оны нэгдүгээр сарын хоёрны өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон. Тэгвэл иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах бол “Драгон”, “Дүнжингарав”, “Мишээл”, зургаан буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлэх боломжтой ажээ. Ингэснээр таны паспорт ажлын 10 хоногт гарах юм. Харин яаралтайгаар буюу ажлын гурав хоногийн дотор авах бол 100 айлд байрлах Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний нэгдүгээр байранд очиж захиална. [Medee.mn]  

5. Хацү Башёгийн банцүкэ гарч, Макүүчид монголын 6 сумоч барилдах болов

Японы мэргэжлийн сумо бөхийн энэ жилийн анхны барилдаан буюу нэгдүгээр сарын Хацү башёгийн банцүкэ гарчээ. Энэ удаагийн башёд Монголын 22 сумоч хүч үзэхээр болсон. Макүүчи буюу дээд зиндаанд манай зургаан бөх барилдана. Ийнхүү цөөрсөн нь 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлах болсонтой холбоотой бөгөөд Их сумод дөрвөн ёкозүна хүч үздэг үе үүгээр дуусгавар болов. Харумафүжи Д.Бямбадоржийн дуулиант хэргийн хохирогч Таканоива Баасандорж зиндаа доошил жүрёод барилдах бөгөөд энэ зиндаанд Дайшёохо Р.Шижирбаяр дахин барилдах бол Миторюү Б.Төрболд Монголын 33 дахь сэкитори болж дэвшжээ. [Montsame.mn]